Үл үзэгдэх бүлэглэлд буруугаа тохдог эрх баригчид
Гурван Засгийн газар дамнан Эрчим хүчний сайд хийж буй ч Улаанбаатарын орчин нөхцөлийг 1990-ээд он руу ухраасан Б.Чойжилсүрэн, тус салбарт реформ хийх сүржин уриатай эхэлсэн ч үнэ нэмж, дарамт үүсгэхээс өөрөөр юуг ч ахиулаагүй Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс тавив. Иргэд ч ингэж хүсэж, ажил хийдэггүй сайд нарыг огцруулж, хариуцлага тооцохыг нийгмийн сүлжээгээр шаардаж буй юм. Эдгээр сайдыг огцруулах тухай санаачилгыг гишүүн Ө.Шижир өөрийн албан бланк дээр эхлүүлж буй аж.
Харин нөгөө талд дээрх сайд нар “арьсаа хамгаалах”-аар улиг болсон тайлбараа хэлж сууна. “Тендерт ялж амьдардаг хэдэн компанийн үйл ажиллагааг хязгаарласан учраас над руу зохион байгуулалттайгаар дайрч, гүтгэж байгаа юм” хэмээн Б.Чойжилсүрэн ярьсан. Т.Доржхандын “гайхамшигт реформ”-д популист улс төрчид саад болсон юм байна. Ажил хийх хүн аргаа, хийхгүй нь шалтгаа олдог гэдэг үлгэрээр л манай улс төрчид амьдарч иржээ. 30 жил төр барихдаа авлигын сүлжээ угсарсан, “ДЦС-V” тэргүүтэй хөгжлийн төслөө хэрэгжүүлээгүй. Гэхдээ энэ бүхэнд өөрсдөө биш, үл үзэгдэх бүлэглэл, нэргүй улс төрчид, эсвэл аль хэдийн энэ хүрээллээс холдсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг буруутгасаар ирсэн байх юм.
ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ, АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙН ШАЛТГААН ЮУ ВЭ
Нэг салбарыг хэд хэдэн сайдад “хуваарилсны” гор бас энд гарч байна. Салбарын бодлого, өдөр тутмын ажлыг нь Б.Чойжилсүрэн, реформын шинжтэй өөрчлөлтийг нь Шадар сайд Т.Доржханд “мэддэг”. Харамсалтай нь, тэдэнд мэддэг юм, хийсэн ажил ч алга. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны наймдугаар сард Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо байгуулж, даргаар нь Шадар сайд Т.Доржхандыг томилсон. Ингэхдээ 2030 он гэхэд эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангана, 2040 оноос экспортолно хэмээн мөрөөджээ. Гэвч арваннэгдүгээр сард нь цахилгааны үнийг огцом нэмснээс өөр “шинэч лэл” хийсэнгүй. Бас үндэсний хорооны ажлыг сурталчлахад 10 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн “шаардлага”-ыг Сангийн яам руу илгээж, найман тэрбумаар батлуулж авсан нь олон нийтэд ил болж, шуугиан тарьсан. Тус хороонд АН-ыг төлөөлж байсан С.Цэнгүүн гишүүн ч энэ мэт асуудлаас үүдэн хаалгыг нь хааж буйгаа мэдэгдсэн.
Ийм будилаантай сайдаар ахлуулан үндэсний хороо байгуулж, цахилгааны үнэ нэмсэн талаараа Ерөнхий сайд нь “34 жил хийж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж чадлаа” хэмээн ярьж байв. Ийм хугацаанд арай гэж 300 МВт-ын хүчин чадалтай нэг станц ашиглалтад оруулсан байх нь. Гэхдээ цахилгааны үнийг огцом нэмсний “ачаа”-г сүүлийн жил гаруйн хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд эдэлж байгааг эрх баригчид ярьсангүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, “5Ш ажиллагаа” гэх мэт гоё нэртэй олон хөтөлбөр баталсан. 14 мега төсөл гэдэг үгийг хүн бүр цээжилтэл л давтсан. Тэр бүрдээ “Олон жил гацсан хөгжлийн төслүүдээ хөдөлгөж эхэллээ” гэсэн тайлбар, пиар хийдэг байлаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 36 жилийн 29-д нь МАН эрх барьж байна шүү дээ. Яагаад тэр төслүүдийг хэрэгжүүлээгүй, эрчим хүчний үнийг чөлөөлж чадаагүй юм бэ. Тэгвэл экс Ерөнхий сайд үүнд “Олон улсын геополитикийн нөхцөл байдал, тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл, хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, гуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц” гэсэн гурван шалтгааныг 2024 оны арванхоёрдугаар сард чуулганы хуралдаанд үг хэлэхдээ нэрлэжээ. Тэр байнга л нэг үл үзэгдэх бүлэглэлийг буруутган зүхдэг байв. Гэхдээ хэдхэн улс төрч, компанийг бол нэр заана. Ерөнхий сайдын ажил, орлогогүй, 23 настай хүү нь найз бүсгүйдээ аавынхаа жилийн орлогоос давсан олон зуун сая төгрөгийг нэг өдөрт зарцуулсан нь нийтэд ил болсон. Тиймээс залуус хариуцлага, шударга ёс шаардаж, Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсмагц нөгөө талд нь “MCS буруутай, Ц.Элбэгдоржийг баривчилж авчир, Ч.Сайханбилэгийг дүүжил” гэдэг жагсаал өрнүүлдэг байв шүү дээ. Тэгэхээр МАН эрх барьж байсан он жилүүдэд “лааз өшиглөж” явсан АН-ынхан, Ц.Элбэгдорж л том төслүүдийг гацаагаад байсан бололтой юм. Тийм л юм бол яагаад хөгжлийн төслүүдийг хэн гацаасныг ил зарлаж, хариуцлага тооцоогүй вэ. МАН-ынхан бүх эрх мэдлийг атгандаа авснаас хойш чилийсэн 10 жил өнгөрч байна. Гэтэл буруутгадаг улс төр, бизнесийн хил давсан бүлэглэлдээ яагаад арга хэмжээ авахгүй өдий хүрэв. Тэгэхээр үнэндээ буруутгаад буй үл үзэгдэгч бүлэглэл гэдэг чинь МАН-ын эрх мэдэлтнүүд өөрсдөө юм гэсэн дүгнэлт л гарч байна. Толины тусгалд өөрсдөө харагддаг уч раас “дүүжилж” чаддаггүй аж.
“БУРУУТГАЛЫН ЗАРЧИМ”-ЫГ ӨВЛӨГЧИД
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хоёр Засгийн газарт 2022 оноос эхлэн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар ажилласан. Г.Занданшатар өмнөх танхимынхаа олонх сайдыг улираахдаа түүнийг ч бас үлдээв. Т.Доржханд ч улирсан сайд. Тиймээс тэд экс Ерөнхий сайдынхаа “буруутгалын зарчим”-ыг мөрдсөөр байна. 40-60 гаруй жилийн насжилттай, ашиглалтын хугацаа дууссан станцуудынхаа тоног төхөөрөмжийг мэдсээр байж шинэчлээгүй, өөр томоохон эх үүсвэр бариагүйн буруу нь бас л нэр нь үл мэдэгдэх хэсэг компани, улс төрчид, бүлэглэл хэмээн тэд энэ өдрүүдэд ээлжлэн мэдэгдлээ. Төрийн худалдан авах ажил, нүүрсний гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж байгаад хэдэн тэрбумаар нь “иддэг” атлаа ганц станц барих мөнгө байхгүй хэмээдэг Эрчим хүчний сайдтай. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн сарын өмнө нэгэн подкастад оролцохдоо “Хуу чин станцуудаа засварла гээд 550 тэрбум төгрөг хуваарилсан ч 80 тэрбумыг нь л тэдэнд өгсөн. Үүнээс болж “ДЦС-III”-т ямар том осол болж, хүний амь эрсдэв. Цаашид ийм осол хэчнээн болохыг бид мэдэхгүй, эрчим хүчний салбарт мэргэшсэн хүмүүс байгаа тулдаа гал алдуулахгүй явж буй. Гэхдээ тэр хүмүүст хэр олон жил найдах юм” хэмээн ярьжээ. Тэр мөнгийг бүтнээр нь станцуудад өгсөн бол “ДЦСIV”-ийн зууханд эвдрэл гарахгүй, бид хэдэн өдөр дараалан цахилгаан, дулаанаа хязгаарлуулахгүй байж болох.
Тэгчхээд өөрсдийгөө өмөөрөөд сууж буй. Чиг үүргийн давхардал их, үр дүнгүй 29 хороог Г.Занданшатарын Засгийн газраас 2025 оны долоодугаар сард татан буулгасан. Үүнд Т.Доржхандын ахалсан үндэсний хороо бас багтсан юм. Тэгвэл тэрбээр Засгийн газрын шийдвэртэй “тэрсэлдэж”, Шадар сайдын ажлын албаныхаа дэргэд өнгөрсөн арваннэгдүгээр сард Эрчим хүч, экспортыг дэмжих нэгж байгуулсан тухай гишүүн Ө.Шижир өчигдөр мэдээлэв. Ажил хийдэггүй атлаа нэгж хэлтэс байгуулах яасан ч дуртай юм.
Т.Доржханд “Хоёр жилийн дотор эрчим хүчний салбарт реформ хийж чадахгүй бол би улс төрөөс явна” хэмээн нэгэнтээ мэдэгдсэн. Үүнийг нь сануулсан хүмүүст тэрбээр өчигдөр цахим хуудсаараа дамжуулан “салаавч” өгөв. “Улс төрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн цариг хэрэгтэй гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж эсэргүүцдэг та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш” гэжээ. Дэвшилттэй нь тэр нэр заасан байна. Үндэсний хороо гэг чийг байгуулснаас хойш жил таван сар өнгөрсөн ч ажил хийгээгүйнхээ буруутнаар Женко Х.Баттулгыг нэрлэжээ. Эрх баригч МАН бол буруугүй, өөрөө ямар ч гэмгүй. Сайдаар ажиллаж, эрх мэдэлтэй л байвал тэр хэний ч “улаан хамгаалагч”, “бууны нохой” хийж чадах хүн гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай баталсан билээ. Б.Чойжилсүрэн ч бас “Миний оронд хэн ч байсан нөхцөл байдал ийм л байна. Намайг хэд хэдэн компаниас л мөнгө төлж гүтгэж байгаа” гэсэн.
Тэдний хандлагаас харахад нийслэлчүүдийг хөлдөөж, цахилгаан, дулааныг байнга тасалдуулж буйдаа хэзээ ч гэмшихгүй нь. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээж, өөрсдөө өргөдлөө өгөхгүй гэсэн үг. Ийм чадваргүй, сэтгэлгүй, нэмээд ичих нүүргүй сайд нараа чөлөөлж, хариуцлага тооцохгүй бол Г.Занданшатарын Засгийн газар удахгүй. Угаас эмзэг нөхцөлд байгаа, хэзээ ч өнхөрчихөж мэдэх “хувь заяа”-г нь явуургүй ийм хэдэн хүн улам хойш нь татаж буй. Бас Ерөнхий сайдыг эзгүй үед станцуудад энэ мэт эвдрэл гарч, хот даяараа лаа асаахад хүрсэн хоёр дахь тохиолдол болоод байна. Ерөнхий сайд Швейцарын Давос хотод Эдийн засгийн чуулганд оролцож буй. Тэрбээр энэ сарын 24-нд ирэх байх. Үүний дараа олон нийтийн эсэргүүцэл, сөрөг хүчний шаардлагыг хүлээн авч, зөв шийдвэр гарган, ажил хийж чадах хүмүүсийг томилно гэж найдна. Тэгж чадахгүй бол Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нартайгаа хамт огцрохдоо бэлдсэн нь дээр биз ээ. Өөрсдөө эрх ашгийн асар их зөрчилтэй, тиймээс буруугаа хүлээж, хариуцлага тооцож чаддаггүй, ажил хийдэггүй, энэ бүхний шалтгаан нь үл үзэгдэх бүлэглэлд “хүлүүлсэн” дүр эсгэдэг улс төрчдийн үе дууслаа.
https://www.unuudur.mn/a/279935



