Иргэдийг ус, дулаан, эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарахыг үүрэг болгов

Иргэдийг ус, дулаан, эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн даваа гарагт боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Тус зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд бүх байгууллага анхаарал хандуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга тодотгосон.

 

Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг тэрбээр онцлон санууллаа. Орлого төвлөрүүлэлтэд Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хойрго хандаж байгаа бол Чингэлтэй дүүрэг санаачилгатай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 94.5 хувьтай төвлөрүүлсэн бол Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд 75 хувийн биелэлттэй байна. Харьяа газруудаас Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд орлого бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг санууллаа.

 

Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна. Хүн тээврийн ачааллын хувьд өглөө ажил цуглах, үдэш ажил тарах үеэр ихээхэн нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дурдаж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгох зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тодотгож байлаа.

 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кино театрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилтыг явуулжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож,  иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байсан. Энэ нь бусад улс орнуудад, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өглөө. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломжийг олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал чамгүй байгааг анхааруулсан юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг ирэх 14 хоногт хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Бодлогын хүрээнд:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.

Өвөлжилтийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд:

-Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадыг бэлэн байлгах.

-Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг эрчимжүүлэх.

-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх.

Төсвийн орлого бүрдүүлэх  ажлын хүрээнд:

-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах.

-Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлыг хэмнэж төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах.

-Нийслэлийн Төр захиргааны авто баазаас дуудлагын машины үйлчилгээг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийгдэж буй цахим системийн ажлыг эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (6915)

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen