МЧБХ: Дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал маргааш болно
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлага, санхүүжилтээр “НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ” уриан дор тус холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурлыг маргааш зохион байгуулна.
Covid-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ээс энэ оны ихэнх тэмцээнүүдийг цуцлаад байгаа билээ. Энэ жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томоохон тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулахаар товлоод байна. Үүнд:
- U-23 насны ДАШТ-ийг 11-р сарын 23-29-нд Финляндын Тампере хотод;
- Залуучуудын ДАШТ-ийг 12-р сарын 4-10-нд;
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 12-р сарын 12-20-нд Сербийн Белград хотноо зохион байгуулахаар товлогдсон.
Иймд дээрх тэмцээнүүд зохиогдох нь эцэслэн батлагдвал Монгол улсыг төлөөлж оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангах тухай асуудлыг энэ хурлаар хэлэлцэж батлах юм.
Мөн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох, Олимпийн эрхийн тэмцээн болон Олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэргийг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөжээ.
Хурал маргааш Туушин зочид буудлын 4-р давхар дахь "Сүлд" танхимд 09:00 цагт эхэлнэ.