Монголын циркийн алтан манежнаа алиа хошин дүрээрээ бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Батсүхийн тухай ТАВАН АСУУЛТ?

Монголын циркийн алтан манежнаа алиа хошин дүрээрээ бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Батсүхийн тухай ТАВАН АСУУЛТ?

 

Инээдмийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч хэн нэгэндээ баяр хөөр бэлэглэн, хөгжин баясацгаадаг.

Бие махбод нь үгүй болсон ч хийж, бүтээснээрээ, байгуулсан гавьяа, үйлсээрээ үеийн үед дурсагдах онцгой нэгэн хүмүүн бол “Бачка, Бачка, Батсүх Батсүх” гэж дуулж, бүжиглэдэг Монгол Улсын гавьяат жүжигчин, “погдгор” Б.Батсүх юм

Тэрээр монгол циркийн урлагт агаарын (хамгийн хүнд, хэцүү, эрсдэлтэйд тооцогддог нисэлттэй үзүүлбэр), акробатын, шидэх банзны, тэмээтэй гэхчлэн олон төрлийн үзүүлбэртэй, толгой цохисон мастер билээ.

Ингээд Д.Батсүхийн тухай Онцлох таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

-Та ингэхэд цирктэй яаж яваад холбогдсон юм бэ. Тэгээд хүн бүрийн сонирхоод байдаггүй алиалагчийг яагаад сонгосон юм бэ?

Би нийслэлийн 10 жилийн 17 дугаар сургуульд сурч байсан юм. Намайг сурагч байхад  циркийн сургуульд хүүхэд шалгаж авна гэсэн зар сонинд гардаг юм байна. Ааваасаа шалгуулж болох уу гэж асуухад  зөвшөөрөөгүй. Учир нь намайг барилгын инженер болгох хүсэлтэй байсан юм билээ. Гэтэл хавар нь дахиад зар ирэхээр нь манай ангийнхан бүгдээрээ шалгуулах боллоо. Доргисон хүүхдүүд бөөндөө очоод шалгуултал манай ангиас хоёр хүүхэд тэнцсэний нэг нь би байсан юм. Циркийн сургуульдаа явж байтал Оросын циркийн дунд сургуульд сургах хүүхдээ бидний дундаас сонгосон. Аз дайраад циркийн бэлтгэл ангиас хоёр хүүхэд тэнцсэн. Ингээд л би цирк гэдэг том айлд эргэж буцалтгүй орсон түүхтэй хүн. Алиалагч, акробатын ангийг дүүргэсэн.

-Хүн инээлгэх  нь уйлуулахаас ч хэцүү байдаг. Та хүн инээлгэхийн тулд юун дээрээ анхаардаг вэ?

Инээд их олон янз байдаг. Баярлах, гомдох, уурлах гээд олон инээд байна шүү дээ. Хүн хажууд яваа нэгнийгээ унахад инээдэг. Үнэндээ тэр хүний хөл гар нь өвдөж байгааг мэдсэн хэрнээ инээгээд байдаг.  Хүн болгоны дотоод ертөнц өөр байдаг учир тухайн үзүүлбэрийнхээ ситуацын сайн мэдэрч, донж, хэр хэмжээг нь тааруулахаас гадна жүжигчний ур чадвар сайн байх хэрэгтэй байдаг юм. Биднийг залуу байхад долоо хоногийн нэг өдөр театр, чуулга,циркийнхэн бүгд нэг нэгнийхээ тоглолтыг үздэг байлаа. Энэ их зөв зүйтэй арга хэмжээ байсан гэж би одоо боддог юм. Жүжигчид бие биенийхээ тоглолтыг үзээд хэн ямар байгааг харж, зөвлөж, өөрийгөө хаана ямар түвшинд байгааг мэддэг. Энэ ажлыг сэргээхэд болохгүй зүйл байхгүй.

-“Мөнгөн буйл” киноны эсгийд өлгийдүүлж өнждөг залуу  таны анхны киноны дүр байх аа?

Тиймээ. Циркийн хүн анх  удаа кинонд тоглож байгаа нь тэр. Сайн хүмүүсийн ачаар тэр дүрийг гаргасан гэж би боддог. Халуун зунаар эсгийнд өлгийдүүлэх тийм ч амар байгаагүй л юм. Хөөрхий муу М.Дорлигжав ах “Гоогоо минээ хө” гээд дуулаад л. Их сайхан кино болсон.

-Уран бүтээлч хүнд анхны багш байдаг. Таны багш хэн гэдэг хүн байдаг вэ?

-Яг дагнаж, намайг хариуцсан багш гэж байхгүй л дээ. Гэхдээ би багш гэж хүндэтгэн дээдэлдэг хүний нэг бол Ардын жүжигчин Л.Нацаг агсныг гэж боддог. Л.Ванган гуайн дүү юм шүү дээ. Энэ хүн Монголд циркийн урлаг үүсэн хөгжихөд маш их хувь нэмэр оруулж, Ардын цирк байгуулж байсан хүн. Үнэхээр мундаг хүн байлаа. Мөн найруулагч н.Доржпалам, “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын дүрд тоглодог Л.Лхасүрэн, Д.Намдаг гуай гээд олон сайхан хүмүүсээс амьдралын ухааныг сурсан.

 -Манай залуус архинд хэт дурлаад байх шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Архи ууж, амьдарлаа алдая гэж хэн бодох юм бэ. Хүн хамаг байдгаа зориулаад ажиллаад л байдаг ажиллаад л байдаг. Гэтэл авч байгаа цалин нь тал хуушуурын мөнгө өгөөд байхаар архи ууж л таараа шүү дээ. Хүний эхнэр гоёо палааж өмсөөд л, гэтэл эхнэртээ палавка ч авч өгч чадахгүй байхаар хэн ч гэсэн санаагаар унана шүү дээ. Сайхан морь унасан залуус давхилдаад байхаар муу ч гэсэн илжиг унахыг хүн хүснэ биз дээ. Залуус архиуугаад байгааг зөв гэж байгаа юм биш шүү. Архи уу  ч гэж байгаа юм биш . Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг би мэдэрч байна. Хүн бүхэн эрүүл саруул байж, өөдрөг сэтгэлтэй, өөдөө харж амьдарч яваарай гэж хүсье дээ. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэж монголчууд ярьдаг байсныг санаж яваарай.

http://www.npost.mn/a/167436

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen