Өнгөрсөн онд суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
Мөн нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “хоёр дугуйт” тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.
Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.
Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, насны байдлаар нь авч үзвэл
- 17 настай 16,
- 16 настай долоо,
- 15 настай тав,
- 15-аас доош насны дөрвөн хүүхэд байжээ.



