Утаанаас ангижрах мөрөөдөл нэг алхам урагшилжээ
Нийслэлийн хүн амын тэн хагас нь гэр хороололд амьдардаг. Тэр ч утгаараа гал түлж, агаар бохирдуулдаг мөн хөрсний бохирдолыг бий болгодог хэмээн байнга шахам гоочлуулсаар өнөөг хүрсэн. Тэгвэл энэ цаг ард хоцорч байрны айлууд шиг ая тохитой амьдрах боломж эхнээсээ бүрдэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлууд эхнээсээ дулааны шугамд холбогдож, гал түлэхгүйгээр дулаахан амьдрах боломжтой болсон байна.
Олон жил яригдсан Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдэж, гэр хорооллын иргэдийг өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
![]() ![]() |
Энэхүү төсөл хөтөлбөртэй танилцахаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ажилласан юм. Тус хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбосон байна.
![]() ![]() ![]() |
Өнөөдрийн байдлаар тус ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэж, ирэх тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
2020 гэхэд эхний 50 байршил дээр дэд бүтэц байгуулах юм.
BOLOD.MN







