ХЭРГИЙН МӨРӨӨР: Шоуны үеэр амь нас нь хохирсон залуугийн бүх эд, эрхтэн хүнд гэмтсэн байжээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Шоуны үеэр амь нас нь хохирсон залуугийн бүх эд, эрхтэн хүнд гэмтсэн байжээ

 

2020 наймдугаар сарын 5. Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн их. Залуус зуны орой хэсэг хэсгээрээ уулзан Улаанбаатарын хотын төв хэсэг болох хүүхдийн 100, төв талбай, соёл амралтын хүрээлэн зэрэг газруудаар явах нь их бөгөөд паб, цэнгээний газруудад согтуу залуус маргалдаж, муудалцах тохиолдол үе, үе гарна. Энэ байдал долоо хоногийн сүүл буюу тав дахь өдөр ихсэх ба энд тэндхийн шоу цэнгээнд оролцох залуусын хөдөлгөөн илүүтэй нэмэгддэг.

-ТЭР ӨДӨР ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД “САНРАЙС” ХЭМЭЭХ ЗУНЫ ШОУ БОЛЖ БАЙСАН ТУЛ ЗАЛУУСЫН ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙЖЭЭ-

Жишээлбэл, энэ сарын 5-6-нд шилжих шөнө Үндэсний Соёл амралтын хүрээлэн дээр “Санрайс” хэмээх залууст зориулсан зуны шоу болсон ба үүнээс гадна хотын хэд ,хэдэн газруудад олныг хамарсан шоу цэнгээний үйл ажиллагаа зохион байгуулагдсан тул залуусын хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Харин тэр өдөр олныг сэртхийлгэсэн нэгэн аймшигт явдал болсон нь хүний амь бүрэлгээд, хэргийн газраас зугтсан явдал байлаа.

Тодруулбал, наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө болсон задгай шоуны үеэр хүний амь насыг хөнөөгөөд, цогцсыг нь тайзны ард нууж хэргийн газраас зугтсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайн хэрэг нь шөнийн 02:00 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Lux” гэх нэртэй цэнгээний газарт болсон.

Тодруулбал, уг шоунд байсан 34 настай эрэгтэй Н гэгчтэй 1992-1994 оны найман залуу муудалцаж, улмаар маргаан нь зодоон болж хувирчээ.

1994 оны Ц гэгч залуу тэр үед хохирогч Н-ийг хүчтэй цохиж, тайзнаас унагаасан бөгөөд хохирогч унахдаа ширээ мөргөж, хүнд гэмтэн, ухаан алдсан гэх мэдээлэл бий. Харин танхайрсан залуус тэр үед биед нь байсан эд зүйл болох түрийвч, гар утас зэргийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтаагаад удалгүй цагдаа нарт баригдсан юм. 

 

 

-ИРГЭН Н-ИЙН БИЕД ҮЗЛЭГ ХИЙХЭД ГЭМТЭЭГҮЙ ГАЗАР ҮЛДЭЭГҮЙ БАЙСАН БӨГӨӨД БИЕДЭЭ МАШ ИХ ШАРХ СОРВИ, ХҮНД БЭРТЭЛ АВСАН БАЙЖЭЭ-

Ингээд наймдугаар сарын 6-ны өглөө эмнэлэгийн тусламж ирэхэд залуу хэдийн амьсгал хураасан байдалтай олдсон бөгөөд хохирогчийг тус цэнгээний газрын тайзны араас олдсон гэдэг мэдээлэл худал болж харин баарны гадна талын хашааны ойроос олдсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Холбогдох албаны хүмүүс хохирогчийн биед үзлэг хийхэд эрүүл эрхтэн үлдээгүй, бүх биедээ шарх авч, хүндээр гэмтэж, бэртсэн байжээ. Үүнээс үзвэл залуус хохирогч Н-ийг ухаан алдтал нь цохьчихоод дахин нэмж зодсон байх магадлалтай аж.

Хохирогч гэх залуу дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд хамгийн бага хүүхэд нь ой ч хүрээгүй байжээ.

 

 

-ХОХИРОГЧ Н ГЭГЧ НЬ ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭЦЭГ БӨГӨӨД ХАМГИЙН БАГА НЬ ОЙ ХҮРЭЭГҮЙ БАЙСАН БАЙНА-

Энэхүү ноцтой хэрэг гарсан өдрөөс хойш ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хэрэг бүлэглэн үйлдсэн найман залууг орон даяар эрэн сурвалжилж энэ сарын 12-ний өдөр Санзайд байрлах нэгэн амралтын газарт бүгж байхад нь илрүүлэн баривчилсан байна. Хүний амь насыг ноцтойгоор бүрэлгээд биед байгаа эд зүйлсийг нь дээрэмдэн зугтсан гэх залуусын тав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг залуусыг хүний амь насанд хүрсэн, хэргийг нуун дарагдуулах гэж цогцсыг нуусан, дээрэмдсэн, хэргийн газраас оргон зайлсан зэрэг үндэслэлээр цагдан хорьж, шалгаж буй ч одоогийн байдлаар долоог нь суллаж, нэгийг нь хорьж, шалгаж байгаа аж.

Манай улс шинэ коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор баар, цэнгээний газруудыг хааж, Ковид-19-ын шинэ журам батлан, мөрдөж буй ч энэ мэт баар цэнгээний газрууд нууцаар ажиллаж, залуусын архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж буй нь харамсалтай.

 

 

 

  ЭХ СУРВАЛЖ: Isee.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen