Мессигийн Колката дахь айлчлал үймээнээр төгслөө
Лионель Мессигийн Энэтхэг дэх айлчлалын үеэр Колката хотын Солт-Лейк цэнгэлдэх хүрээлэнд бухимдсан хөгжөөн дэмжигч нар нь үймээн дэгдээлээ. Мянга гаруй фен нь Мессиг харах гэж 12 мянган рупи хүртэлх үнэ төлсөн. Гэвч тэрбээр талбай дээр богино хугацаанд гарч, албан тушаалтан болон олны танил хүмүүсийн дунд халхлагдан бараг харагдаагүй байна. 20 орчим минутын дараа хамгаалалтынхан түүнийг хурдан авч явжээ.
Үүний дараа зарим фенүүд уурлаж, суудал эвдэн, хуванцар сандал, усны сав шидэж, баннер, асруудыг сүйтгэсэн байна.
Зарим нь талбай руу дайран оржээ. Баруун Бенгал мужийн ерөнхий сайд Мамата Банержи энэ явдалд гүнээ цочирдож, шалгалт явуулахаа мэдэгдэн Месси болон спортын хорхойтнуудаас уучлалт хүсжээ. Ийм зүйл дахин давтагдахгүй байхын тулд арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. Цагдаагийнхан уг арга хэмжээний гол зохион байгуулагчийг баривчилсан бөгөөд тасалбар авсан хүмүүст мөнгө буцаан олгох асуудлыг судалж байна.
Месси урьдчилан тохирсон хугацаанд арга хэмжээнд оролцсон гэж төлөөлөгч нь мэдэгдээд, зохион байгуулалтын доголдол гэж тайлбарлажээ.

Энэтхэгийн Хөлбөмбөгийн холбоо уг арга хэмжээнд оролцоогүй, хувийн зохион байгуулалттай арга хэмжээ байсан гэж мэдэгдсэн. Месси Энэтхэгт “GOAT” аяллын хүрээнд ирсэн бөгөөд хэд хэдэн хотод сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж байна. Фенүүд түүнийг хөлбөмбөгийн тоглолт хийнэ гэж хүлээж байсан ч энэ нь биелээгүй юм.
Фенүүд их хэмжээний мөнгө зарцуулсан атлаа Мессиг бараг хараагүй, улстөрч болон хамгаалалтынхан зөвхөн харагдаж байсан гэж гомдолложээ. Месси энэ айлчлалын үеэр Луис Суарес, Родриго де Паул нартай хамт явсан бөгөөд Болливудын од Шах Рук Хан түүнтэй өмнө нь уулзсан байна. Колката хот нь хөлбөмбөгийн томоохон соёлтой хот бөгөөд олон фен нь Мессиг харах гэж хол газраас зорьж иржээ.




