В.Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр ахиц гарсан гэв

В.Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр ахиц гарсан гэв

 

БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Берлинд хийсэн уулзалтын үеэр Кремлийн эхлүүлсэн байлдааны ажиллагааг зогсоох чиглэлд “мэдэгдэхүйц ахиц дэвшил” гарсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф ням гарагт X нийгмийн сүлжээнд бичжээ.

 

Украинд гал зогсоох асуудлаар Америк, Украины төлөөлөгчдийн хооронд өчигдөр хийсэн хэлэлцээ 5 гаруй цаг үргэлжилснийг Уиткофф дурджээ. Уулзалтад мөн Трампын зөвлөх, хүргэн Жаред Кушнер оролцсон байна. 

 

Талууд 20 заалт бүхий энхийн төлөвлөгөө, эдийн засгийн асуудлууд болон бусад сэдвийг “нухацтай хэлэлцлээ” гэж Уиткофф бичжээ. ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц уулзалт эхлэх үед байлцсан боловч уулзалтыг орхин, төлөөлөгчөө үлдээжээ. “Бид Украинд бат бөх энх тайван тогтоохыг зорьж байна. Бидний өмнө шийдвэрлэхэд амаргүй асуудлууд байгаа хэдий ч ахиц гаргахын тулд бид тууштай ажиллана” гэж Ф.Мерц Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.  

 

Даваа гарагт буюу 12 дугаар сарын 15-нд зөвлөлдөх уулзалтууд үргэлжлэх бөгөөд хэлэлцээнд Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, мөн Европын Холбоо, НАТО-гийн удирдлагууд нэгдэнэ гэж AFP агентлаг мэдээлжээ.

 

Өмнө нь Reuters агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад WhatsApp чатаар хариулахдаа, энхийн саналуудад тодорхой буултууд багтана гэдгийг мэдэгдсэн байна. Тухайлбал, Украиныг НАТО-д гишүүнээр элсэхийн оронд АНУ, Европын орнууд болон бусад түншүүдээс хууль ёсны, заавал хэрэгжих аюулгүй байдлын баталгааг хүлээн авахад бэлэн байгааг дурджээ.

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen