Аригбөх хааны тамгатай зоос

Аригбөхийг их хаан хэмээн өргөмжилж, түүний овгийн тамгыг сийлсэн мөнгөн зоосыг Батын дүү Бэрх Алтан ордны хаанаар сууж байхдаа 1260 онд Булгар хотод дэлдүүлжээ. “Ar dirham of Arigbuqa” хэмээн алдаршсан энэхүү зоос нь 0.7 грамм, 16 мм голчтой юм байна. Нүүрэн талд нь “Эрхэм дээд Аригбөх хаан", ард нь “Булгарт дэлдүүлэв” гэсэн бичээсний голд Аригбөх хааны хоёр үзүүрт сэрээ тамгатай. Аригбөхийн нэр болон овгийн тамгатай зоос Алтан ордны улсад 1260-1264 онд гүйлгээнд гарсан нь тухайн үед ах Хубилайтай хаан ширээ булаалдан тэмцэлдэж байсан Аригбөхийг Бэрх хаан дэмжиж байсныг гэрчилдэг. Үүгээрээ түүх өгүүлэх онцгой үнэт,  зоос юм. Аригбөх 1260-1264 оны үед Их Монгол Улсын хаан сууринд суужээ. Түүнийг хаанаар өргөмжлөхөд Хархорумд Их хуралдайг 20 хоног хуралдуулж, хан хөвгүүд, алтан ургийн ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удалгүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. Мөнх хааны хатан тэргүүтэй монгол ноёд Аригбөхийг идэвхтэй дэмжсэн байна. Хубилай өөрийн талын монгол ноёдыг Шандуд хуралдуулж өөрийгөө хаан ширээнд өргөмжилжээ. Аригбөх төрсөн ахтайгаа хийсэн тэмцэлд хүчин мөхөсдөж, арга буюу Хубилайд их хааны хасбуу тамга, сүлд зэргийг өгч бууж өгсөн юм. Аригбөхийг бууж өгсний дараа Хубилай түүнийг Шанду дахь өргөөндөө дуудан, ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой вэ гэж ихэмсгээр асуухад, Аригбөх "Миний ёсоор бол би суух ёстой, одоо та суужээ" гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж, түүнтэй талцсан ноёдыг алтан ургийн дотор хагарал тэмцэл өрнүүлсэн гэж хатуу цээрлүүлэн шийтгэж, олонхыг нь цаазаар авчээ. Хубилай хааны харгалзаанд байсан Аригбөх 1266 онд нас баржээ. Монголын эзэнт гүрний үеийн зарим зоосон дээрх тамгыг чухам хэнийх болохыг нь тогтооход хэцүү байдаг аж.

Харин Аригбөхийн зоосон дээрх тамгыг түүний овгийнх гэж тогтооход хялбар. Зоосны ар талд сийлсэн хоёр үзүүртэй сэрээ хэлбэрийн тамга өөр хаана ч давтагддаггүйгээс гадна “Их хаан Аригбөх” гэж бичзэс нь үүнийг давхар баталдаг.

Аригбөх хааны тамгатай гурван төрлийн зоос одоогоор олдоод байна. Түүний тамгатай хоёр дахь хэлбэрийн зоосыг Цагаадайн улсад гаргаж байв. Уг зоосноо Аригбөхийн тамганы үзүүрийг угалзруулан чамин гоёмсгоор дүрсэлжээ. Харин хоёр талдаа Аригбөхийн овгийн тамгатай гурав дахь зоосыг хэн, хаана дэлдүүлсэн нь одоогоор тогтоогдоогүй байна. Дундад Ази, араб дахины зоосон мөнгө бүтээн хэрэглэх уламжлалын дагуу монголчууд тухайн үедээ төр барьж байгаа хааныхаа нэр, цол бүхий зоосыг бүтээж гүйлгээнд хэрэглэж байв. Монголын Эзэнт гүрний эдгээр зоосон мөнгөнөөс бэлгэдэлт овгийн тамганаас эхлээд хаадын нэр, цол, он дараалал, газар нутгийн нэр зэрэг түүх судлалд ихээхэн үнэ цэнэтэй баримтыг мэдэх боломжтой юм.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen