Испанийн эрх баригчид хагас сая цагаачдад зөвшөөрөл олгоно
МАДРИД, 2026 оны нэгдүгээр сарын 28 /Reuters/. Испанийн Засгийн газар тус улсад зөвшөөрөлгүйгээр ажиллаж, амьдарч байгаа цагаачдад хууль ёсны статус олгох хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа мягмар гарагт буюу өчигдөр мэдэгдлээ. Интеграц, нийгмийн даатгал, цагаачлалын асуудал хариуцсан сайд Эльма Саисын хэлснээр, уг хөтөлбөрт 500 мянга хүртэлх хүнийг хамруулах боломжтой.
Энэхүү хөтөлбөрийг парламентад гацсан ижил төстэй хуулийн төслөөс хамаарахгүйгээр цагаачлалын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтийг оруулах замаар шуурхай батлан хэрэгжүүлэх ажээ.
2025 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө олон улсын хамгаалалт хүссэн өргөдөл гаргасан, мөн тухайн өдрөөс өмнө дор хаяж 5 сарын хугацаанд тус улсад оршин суусан гэдгээ нотолж чадсан гадаадын иргэд нэг жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл ба ажиллах эрх авах боломжтой. Түүнчлэн ял шийтгэлгүй гэдгээ баталгаажуулах шаардлагатай. 1986-2005 оны хооронд Испани улс цагаачдад хууль ёсны статус олгох арга хэмжээг зургаан удаа хэрэгжүүлж байжээ. Харин Испанийн эрх баригчдын энэ удаагийн шийдвэр нь цагаачлалын бодлогыг чангатгаж байгаа Европын орнуудын бодлоготой зөрчилдөж байна. Испани улс дэлхий даяар өрнөж буй цагаачлалтай тэмцэх бодлогын эсрэг “гэрэлт цамхаг” хэвээр үлдэнэ гэж Эльма Саис хэлжээ.
Янз бүрийн тооцоогоор, Испанид хууль бусаар оршин суудаг хүмүүсийн тоо 800 мянгад хүрчээ. Тэдний ихэнх нь Латин Америк, Африкийн орнуудаас ирсэн цагаачид бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт ажилладаг байна.
Испанийн төвийн болон барууны үзэл баримтлалтай намууд Засгийн газрын энэхүү санаачилгыг хэдийн шүүмжлээд эхэлжээ. Консерватив Ардын намын дарга Альберто Нуньес Фейхоо мэдэгдэхдээ, Ерөнхий сайд Педро Санчес 40 гаруй хүний аминд хүрсэн галт тэрэгний ослоос олон нийтийн анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж буруутгажээ. Харин хэт барууны Vox намын удирдагч Сантьяго Абаскаль олон нийтийн сүлжээнд бичихдээ, Санчес испаничуудыг “үзэн яддаг”, цагаачдын довтолгоог хурдасгаж байна” гэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


