Ван И: Японы улс төрийн хүчнүүд түүхийг гуйвуулахыг хичээж байна
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Японы тодорхой улс төрийн хүчнүүд түүхийг эргүүлэх гэж оролдож байна гэж мэдэгдэв. Энэ нь Японы Ерөнхий сайдын парламентын хурлын үеэр Тайванийн болзошгүй хямралын талаар хэлсэн үгтэй холбогдуулсан байр суурь гэж ажиглагчид үзэж байна.
Ван И уг мэдэгдлийг Лхагва гаригт (2025.12.31) Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хюнтай утсаар ярилцах үеэрээ хийжээ. Уг яриа нэгдүгээр сарын эхээр болохоор төлөвлөгдсөн Хятад, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө болсон байна. Хоёр улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, талууд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёны Хятадад хийх төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцжээ.
Хятадын талын мэдээлснээр, утсаар ярих үеэр Ван И Хятад, Өмнөд Солонгосын харилцаа доод түвшнээсээ гарч, зөв чиглэлдээ эргэн орсон гэж онцолсон байна. Мөн Ван И Японы тодорхой улс төрийн хүчнүүд түрэмгийлэл болон колоничлолын гэмт хэргийг цайруулах, түүхийн бодит явцыг гуйвуулах оролдлого хийж байгааг шүүмжилжээ. Ярианы төгсгөглд Ван И Өмнөд Солонгос улсыг түүх болон ард түмний өмнө хариуцлагатай байж, зөв зүйтэй хандлагыг баримтлан, олон улсын шударга ёсыг хамгаална гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнөд Солонгосын албаныхны мэдээлснээр, Чо Хюн болон Ван И нар Зүүн хойд Азийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах нийтлэг зорилгодоо тууштай байгаагаа дахин нотолсон гэв. Гэхдээ Японы улс төрийн үйл ажиллагааны талаарх Ван Игийн хэлсэн үгийг дурдаагүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Хятад улс Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн Тайванийн болзошгүй хямралын талаарх үгийг шүүмжилж ирсэн бөгөөд энэ асуудлаар Өмнөд Солонгосыг өөрийн байр суурьтай нийцүүлэхийг зорьж байгаа ажээ.



