Зам тээврийн сайд Д.Ганбатын утсанд сүрдүүлсэн мессэж ирэх болжээ

Зам тээврийн сайд Д.Ганбатын утсанд сүрдүүлсэн мессэж ирэх болжээ

 

Зам тээврийн яамны сайд Д.Ганбат утсанд нь заналхийлсэн, айлгасан, дарамталсан мессеж их ирж байгаа тухай хэвлэлд ярилцлага өгөх үедээ хэлжээ. Тэрбээр тэр бүхнээс айхгүй гэдгээ ч илэрхийлсэн байна. Д.Ганбат сайд "Мэргэжлийн Засгийн газрын хувьд, тэр дундаа би энэ салбарын мэргэжлийн хүний хувьд болох болохгүй зүйлийг нь ялгаж салгаж, алдаатай зүйлийг нь өөрчлөхийн төлөө ажиллана. Өмнө нь олон талаас нь боддог, хардаг байсан. Одоо бол надад өөрчлөх боломж олдож байна. Манай салбарт төрийн бодлого удирдлагатай, чиг шугамтай юм шиг хэрнээ дандаа замхарч, алдагдаж ирсэн. Би их ч эсэргүүцэлтэй тулгарч байна…” хэмээжээ.

Түүнийг ийнхүү сүрдүүлж байгаа нь манайхны л зовлон байх. Нэг яаманд хэтэрхий олон тусгай зөвшөөрөл олгох эрх өгдөгтэй холбоотой аж. Тухайлбал Зам тээврийн яам гэхэд автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, тээвэр зуучийн зөвшөөрөл, зам тавих зөвшөөрөл гээд л тооцчиж болох аж. Автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд 35 компанид олгосон учир хэт олон компани эргээд зөв өрсөлдөж чадахгүй, хамтдаа дампуурахад хүрээд байгаа аж. Тиймээс хатуу хандаж байгаа гэнэ. Тээвэр зуучийн үйлчилгээний компаниуд ямар ч баялаг үйлдвэрлэдэггүй. Нэг аж ахуйн нэгжийн барааг нөгөөд хүргэж өгөх зуучлалын үйлчилгээ л үзүүлдэг. Тэгэхэд энэ тусгай зөвшөөрлийг 350 гаруй компанид олгосон, үүний 25 нь гадаадын компани байгаа ба, тэд маш идэвхтэй эрчимтэй ажилладаг байна. Сайд энэ талаар "Монголчуудын ажиллах ёстой зах зээлийг эзэлчихсэн.

Би Тяньжинд Далайн тээврийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гадны улс орнуудаас Монгол руу явуулж байгаа ачааг Хятадын тээвэр зуучийн компаниар бус төрийн өмчит Хятад-Монголын хамтарсан Далайн тээврийн компаниар тээвэр зуучийн үйлчилгээ хийлгэхийн тулд чамгүй удаан хөөцөлдсөн. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл гүйгээд зөвшөөрөл өгөөгүй. Сүүлдээ Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисст хүсэлт гаргаж манай талаас дэмжин асуудлыг тавьсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Тээвэр зуучлалын үйлчилгээг ер нь тухайн улс орнууд өөрсдийн газар нутаг дээрээ зөвхөн өөрийн үндэсний компаниудаараа л хийлгэх бодлого барих ёстой. Тэгэхэд манайх ямарч бодлогогүй, гадны компаниудад замбараагүй эрх олгосон байх жишээний” гэжээ.

Мөн тэрбээр "Дараагийн нэг асуудал нь замтай холбоотой. Зам барихад мөн манай яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсан компаниуд нь ядаж л техник хэрэгсэл, машин, механизм, мэргэжилтэй боловсон хүчинтэй байх ёстой. Тэрийгээ шалгуулж байж зөвшөөрөл авна.

Гэтэл ямар ч техник тоног төхөөрөмж, мэргэжилтэн байхгүй хирнээ хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгдөг, тэрийг нь шалгадаггүй бололтой зөвшөөрөл өгчихдөг.

Замын чиглэлийн тусгай зөвшөөрөл авсан 550 гаруй компани байна. Дийлэнхэд нь нэг цүнх, тамга, бүртгэлийн хуулбар л байх жишээний. Өөр ямар ч хөрөнгөгүй.

Энэ гурваа бариад тендерт оролцдог. Хамгийн бага үнэ хэлж тендерт ялдаг. Хэрвээ ялахгүй бол бага үнэ хэлсэн гэдгээрээ бөөн зарга заалхай болно. Тэгж байж тендер авангуутаа бусдад зарна, авсан хүмүүс нь төсөв бага байна гэж яамаар гүйж байгаад төсвөө нэмүүлэх гэж зүтгэнэ. Танил талаараа яриулах гэх мэт. Би ийм завхарсан зүйлийг арилгана. Үүнийгээ ч хэлсэн. Би салбартаа "Эрс шинэчлэл хийнэ” гэж гарч ирсэн үгэндээ хүрнэ. Машин унаж, цалин авсан хэрнээ хийж бүтээсэн зүйлгүй, хүнтэй муудалцахгүй, тал алдахгүй жирийн нэг сайд байхыг хүсэхгүй байна” хэмээжээ.

С.Саруул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen