"Хүнлэг нацист" - Гэм буруугүй нь тогтоогдсон цорын ганц Аушвицийн харгалзагчийн түүх

"Хүнлэг нацист" - Гэм буруугүй нь тогтоогдсон цорын ганц Аушвицийн харгалзагчийн түүх

 

Нацистын зартай хорих лагерь Аушвицын харгалзагч нар адгуусаас дор харгис хүмүүс байсан гэдгийг батлах олон баримт бий. Сонирхолтой нь тэрхүү “там” дотор хүртэл хоригдлуудад хүний ёсоор ханддаг нэгэн байсан гэдэг. Түүнд бүр “Аушвицийн сайн эр” хэмээх хоч өгсөн байдаг аж. 

Тэрхүү “өдрийн од” шиг эрийн нэрийг Ханс Мюнх гэдэг байжээ. Тэрээр үе тэнгийн герман залуучууд шигээ эх оронч нэгэн байсан бөгөөд 1937 онд нацист намд элсэн, Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа цэрэгт явж, фронтыг зорих хүсэлт гаргасан байна. Гэхдээ Мюнх маш чадварлаг биологич байсан учраас энэ хүсэлтийг нь хүлээж авсангүй. Нацист Германы эрх баригчид түүн шиг улсын хөгжилд амин чухал боловсон хүчинг үрэгдүүлэхгүйн тулд арын албанд тохоон томилдог байжээ.

 

 

Тиймээс 1943 онд Ханс Мюнхыг армид элсүүлсэн ч SS-ийн арын алба руу шилжүүлж, Эрүүл ахуйн хүрээлэнгийн ажилтан болгожээ. Сонирхолтой нь тус хүрээлэн Аушвиц дотор байрлалтай болж таарсан аж. Чухам энд Хансыг ч хэцүү тавилан хүлээж байв.

Түүнд гай таарч, түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн нэг болсон Йозеф Менгелетэй хамтран ажиллах хэрэгтэй болов. Йозеф нь тус лагерь дахь хоригдлууд дээр хайр найргүй туршилт хийдэг байсан учраас "Үхлийн сахиусан тэнгэр" хэмээх хоч авсан байдаг. Үүний дээр Ханс мэргэжилтэн гэдэг утгаараа хоригдлуудыг ажил хийхэд бие бялдраараа тэнцэх тэнцэхгүйгээр ялгах албанд томилогдов. Тэрээр тэнцэхгүй нэг нь туршилтанд орох эсвэл шууд амиа алдана гэдгийг мэдэж байсан учраас ийм ажил хийхгүй хэмээн удирдлагынхаа тушаалыг эсэргүүцэв. Азаар Ханс SS-ийн офицер байсан учраас лагерийн захиргаа түүнийг шийтгэхийн оронд хүсэлтийг нь хүлээж авсан гэнэ.

 

 

Ерөнхийдөө Хансын үндсэн үүрэг нь биологийн зэвсэг бүтээх зориулалтаар төрөл бүрийн вирусыг хоригдлуудад тарьж үр дүнг нь судлах байв. Гэхдээ түүний явуулсан туршилтууд нь хэнд ч хор хүргээгүй гэдэг. Тэр бүү хэл Ханс өөрийн амь насаар дэнчин тавин байж эдгээр туршилтуудыг аль болох хойшлуулахын тулд дарга нартаа байж болох бүхий л шалтгийг тоочдог байжээ.

Энэ нь цаанаа учиртай. Туршилтанд орж буй хоригдлуудыг "шинжлэх ухааны материал" гэж тооцдог байсан тул хэн ч тэдэнд хүрэх эрхгүй байв. Хэрвээ туршилт нь явагдаж дуусах юм бол хэрэггүй болсон "материал"-ийг устгалд оруулна. Тиймээс Ханс Мюнх дайны төгсгөл хүртэл олон туршилтаа хойшлуулж чадсаны хүчинд цөөнгүй хүний амийг аварсан байна. 

 

 

1945 оны 1-р сард Аушвицд Улаан Арми ойртон ирсэн тул тус лагерийг татан буулгаж, харгалзагч нарыг нь Германы өнцөг булан бүр рүү нүүлгэсэн байна. Үүний дагуу Ханс өөр нэг харгис "туршилтын талбар" болох Дахауд иржээ. 

Харин Дэлхийн 2-р дайн дууссаны дараа тэрээр АНУ-ын цэргүүдэд олзлогдсон бөгөөд хоригдлууд дээр туршилт хийж байсан тухай баримт илэрсэн тул тэрээр даруй шүүхээр орох болов. 

 

киноны хэсгээс

 

Аушвицын харгалзагч нарын анхны шүүх хурал 1947 оны 12-р сард болсон юм. 

Тухайн үед Хансын аварч байсан хоригдлууд үнэн зөвөөр мэдүүлэг өгч, түүнийг хэнд ч хор хүргэж байгаагүйг нотолсон учраас биологич маань шүүхээр орсон харгалзагч нараас ганцаараа цагаатгагджээ. 

Үүнээс хэдэн жилийн дараа Аушвицын хоёр дахь шүүх хурал болох үеэр Ханс өөрөө гэрч болж олон харгалзагч нарын гэм бурууг илчилсэн байна. 

 

 

Ханс Мюнх 2001 онд 90 насандаа нас барсан юм. Харамсалтай нь тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд нацист үзлийг зөвтгөж эхэлсэн байдаг. Гэсэн хэдий ч түүний ар гэрийнхэн болон эмч нар Мюнх зөнөх өвчин туссан учраас дэмий юм ярих болсон хэмээн мэдэгдсэн юм. Үнэхээр тэрээр хүнд хэлбэрийн Альцгеймерийн өвчин туссан гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталсан аж. 

Ханс Мюнх залуугаасаа эхлээд насан эцэслэх хүртлээ үнэхээр нацист үзэлтэй байсан нь үнэн байж болно. Гэхдээ тэрээр хэцүү цаг үед ч гэсэн хүн чанараа алдалгүй олон хүний амийг аварсан баатар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 

 

https://www.caak.mn/view/8288748/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen