Х.Хэрлэн: 81 жилийн түүхэн үр дүн бол геологийн салбарынхны хөдөлмөрийн үр өгөөж билээ

Монгол улсад үндэсний геологийн алба, салбар үүсэж хөгжсөний 81 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан эрдэс баялагийн үүцийг нээж, улс орныхоо хөгжил, ирээдүйн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн геологичид, эрдэмтэн, судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсад та бүхэнд Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Үндэсний геологийн салбар нь үүсэн байгуулагдсанаасаа хойшхи хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрийг 1:200 000-ны масштабын зургаар бүрэн, 1:50 000-ны масштабын геологийн зургаар 43 хувь, гидрогеологийн судалгаагаар 84 хувь, геофизикийн судалгаагаар 38 хувь бүрхсэнээс гадна алт, нүүрс, уран, зэс, төмөр, фосфорит, өнгөт металл, хайлуур жоншны хэтийн төлөв бүхий бүс нутгийн хэмжээнд эрэл-үнэлгээ, эрэл-хайгуулын ажлыг гүйцэтгэсний үр дүнд Заамар, Хараа, Ерөө, Баянхонгорын алтны бүлэг орд, Асгатын мөнгө, Хөвсгөлийн фосфорит, Төмөртэй, Баянгол, Баргилтын төмөр, Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргын зэс, Таван толгой, Багануурын нүүрс, Мардай, Дорнодын ураны бүлэг орд зэрэг 2000 орчим ордын нөөц, баялаг, 9500 орчим илрэлийн урьдчилсан баялгийг тогтоон улсын санд хүлээлгэн өгсөн зэрэг нөр их ажлыг санахад нэн бахархалтай байна. Салбарын 81 жилийн түүхэнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд Оюу толгой, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Таван толгой зэрэг олон зуун уурхай нээгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаад зах зээлд экспортлон, улс орны эдийн засгийн чадавхид ихээхэн түлхэц өгч ирсэн нь геологийн салбарт ажиллагсад та бүхний хөдөлмөрийн үр өгөөж билээ.
Монгол Улсын Засгийн газраас Эрдэс баялгийн салбар, түүний дотроос нэн тэргүүнд геологийн судалгааг түлхүү явуулах бодлого, зорилтын хүрээнд манай агентлагаас Үндэсний Геологийн алба бүтэц зохион байгуулалтын хувьд тусдаа гарч бие даан геологийн судалгаа шинжилгээний байгууллага албан ёсоор үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдлаар 81 жилийн ойгоо тэмдэглэж байгааг онцлох нь зүйтэй.
Монголын геологийн салбарын үйл ажиллагаа улс орны минь хөгжил дэвшилд түлхэц өгч, эрдэс баялгаа бодитой судалж үнэлэн, хүртээмжтэй, өгөөжтэй ашигласан, гэгээлэг өнгө төрхтэй Монгол орон байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen