МАН-ынхан яагаад Н.Багабандийг "Оюу Толгой"-н ТУЗ-д байлгаад байна вэ?

Монгол Улсын Засгийн Газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз" ХХК-иудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Оюу Толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2010 онд тус тус байгуулан ажиллаж буй билээ.

Ингэхдээ "Оюу Толгой" компанид Монголын төрийг төлөөлөн гурван гишүүн ажилладаг. Уг гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн Газрын харьяа "Эрдэнэс Монгол" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдан томилдог юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Нацагийн Багабанди маш их хэл ам дагуулдаг боловч "Оюу Толгой" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж байна.

Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард буюу МАН УИХ-д олонхи болсны дараа  "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон юм.

Н. Багабанди нь МАХН (МАН)-ын Нарийн Бичгийн Дарга, УИХ-ын анхны дарга, УИХ дахь МАХН (МАН)-ын бүлгийн дарга, МАХН (МАН)-ын  Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, анхны даргаар ажиллаж байсан ба 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.
Түүнийг Ерөнхийлөгч байх үед "Ардчилсан Холбоо" эвслийн томилсон Засгийн газрууд 4 удаа огцорч, С.Зориг алагдаж, "Эрдэнэт" үйлдвэр тойрсон дуулиан дэгдэж, МАХН (МАН)-ын дотоод зөрчил гүнзгийрч байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 1 сарын 10-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө: "Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сул ажиллаж байна. Монгол улсыг төлөөлөн ажиллахдаа эрх ашгаа хамгаалах тал дээр хойрго байгаа. Иймээс солих нь зөв" хэмээж байсан юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ч үүнийг дэмжиж: "Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг чанга ажиллах ёстой. ТУЗ бол ТУЗ шиг байх ёстой.

Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар "Рио тинто"-д 6,5+лайбор=8,4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээллийг тэр айлд очиж худалддаг хүмүүс ч бий. Иймээс өнөөдрийн хоолноос илүү ирээдүйн ашгаа бодох нь зүйтэй. Ерөнхийлөгчтэй саналтай нэг байна" гэсэн билээ.

Хачирхалтай нь ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ даргатай "Эрдэнэс Монгол" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга М.Энхболдын "багийн хүн" гэгддэг Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар нартай холбоотой асуудлыг шийдэлгүй өдий хүрээд байна. Энэ бүхэн нь ч нөлөөлсөн үү? Н.Багабанди ажилдаа хариуцлаггүй хандаж, УИХ-ын ажлын хэсгийн хуралдаанд очдоггүй гэнэ.

Ер нь МАН-ынхан яагаад Н.Багабандийг хамгаалж, "Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүнээр нэг бус удаа томилоод байдаг нь хачирхалтай юм. Тэр бүү хэл "Рио Тинто" группийн Монгол дахь салбарын захирлаар Н.Багабандийн хамгийн сайн найз агсны хүү н.Мөнхтүшиг ажиллах болсон билээ. Зөвхөн энэ нь л Н.Багабанди "Оюу Толгой"-д ажиллах нь сонирхлын зөрчилтэй болох эсэх асуултыг тавихад хүргэж буй.

"Оюу Толгой" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлд Армандо Торрес, Жеффри Тайгесен, Крэйг Киннел, Брэндан Лэйн, Г.Батсүх нар хөрөнгө оруулагч талыг төлөөлж, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нар Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж тус тус ажилладаг юм.
 
П.Мандах
Эх сурвалж: Sonin.mn
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/90291
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen