“Алтай голд”ХХК- Булингартай ус цэвэршүүлэх туршилтыг амжилттай хийлээ!

Монголын уул уурхайн салбарт 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн "Алтай голд”  ХХК нийгмийн хариуцлагын  хүрээнд олон ажлыг санаачлан, ажил хэрэг болгож ирсэн байдаг. Тэгвэл тус компани  алтны шороон ордод үйл ажиллагаа явуулдаг  компаниудаа түүчээлэн байгаль орчинд ихээхэн тустай  ажлыг санаачлаад байгаа аж.

Гол ус бохирдож, булингартаж байна гэх асуудал сүүлийн жилүүдэд нийгмийн анхаарлын төвд байх болсон.  Тэрчлэн тухайн бүс нутгийн геологийн бүтэц,  алт агуулсан элсний ширхэглэгийн онцлогоос шалтгаалсан бохирдуулагч лаг шаврыг тунгаах, булингарыг багасгах, судалгаа шинжилгээний ажлыг цаг алдалгүй бодитойгоор хэрэгжүүлэх  чухал байгаа нь нууц биш.

Тэгвэл "Алтай голд” ХХК, тус компанийн Байгаль орчны мэргэжилтэн Г.Ариунаа усны булингарыг арилгах туршилтын ажлыг анх удаа санаачилснаар мэргэжлийн баг хамт олон судалгааны багт нэгдэж ажиллаж, үр дүнд хүрсэн таатай мэдээ байна.

Алтны шороон ордын хаягдал усыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай эко химийн бодис  ашиглан  бохирдлыг нь  бууруулж, лавс буюу тунасан шаврыг усгүйжүүлэх Geotube шуудайг ашиглан хуримтлуулах боломжтой болох нь туршилтаар тодорхой болжээ.

Энэхүү төслийг дотоод, гадаадын нарийн мэргэжилтнүүд, зөвлөхүүдийн оролцоотойгоор онол практик, туршилтын үр дүнг үндэслэн ҮЙЛДВЭРИЙН НӨХЦӨЛД ТУРШИН, ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙНА гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Түүнчлэн туршилтын үр дүнг холбогдох  төр засгийн мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэхэд, сайшаан дэмжсэн байна.  Энэ төсөл ажил хэрэг болж нэвтэрснээр компаниуд усны нөөц ашигласны төлбөр болон ус бохирдуулсны төлбөрөөс бохир ус  цэвэршүүлсний  хэмжээгээр чөлөөлөгдөх бүрэн боломжтой аж.

Алт  угаасан хаягдал бохир усыг цэвэршүүлснээр усны бохирдлын асуудлыг 100 хувь шийдэж, голд ямар нэг бохирдол орохгүй болсноор Орхон голын эхийг бүрэлдүүлдэг цутгал голуудын усны бохирдол багасаж хүн малын ундны ус эргэн цэвэрших боломжтой. Мөн уурхайнуудын үйл ажиллагаанд ямар нэгэн саад гарахгүй,  тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг туршилт судалгааг гардан хийсэн мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Түүнчлэн туршилтын үр дүнг харуулсан киног эрхэм танд хүргэж байна.

Эх сурвалж: Hunnu.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen