Хуруу шилэнд “төрсөн” хүдэр ба Оросын уул уурхай

1922 онд тодорхойлсон Ардын засгийн анхны зорилгыг  "Чулуун нүүрсийг боловсон аргаар малтаж түмэн амьтны түлш болгох”-оор тодорхойлж байсан тэр цагаас хойш бараг бүтэн зуун өнгөрч, уул уурхайн салбар нь хөгжлийнхөө 90 жилийн ойг аль хэдийн тэмдэглэжээ. Гэвч манай уул уурхайн хөгжил хөлөө олохгүй байсаар. 90-ээд оноос уул уурхайн бүтээгдэхүүнээ ард түмний баялаг болгох талаар зөндөө ярьсан. Гэвч түүхийгээр нь маш хямдаар хоёр хөршдөө зөөснөөр баялагаар баяжих мөрөөдөл бараг унтраад байна. Газар нутгийн 7 хувь лицензжсэн байгаа ч баялагаа баяжуулж, үнийг нь нэмэх бүтээн байгуулалт бараг хийгдсэнгүй. Хийж босгож буйгаа улстөржүүлэн нурааж зоригийг нь мохоосоор.

 

Ямар ч боловсруулалтгүй түүхийгээр экспортолж байгаагаас улам бүр үнэгүйдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийд өрсөлдүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэн санаачилга гарган, хөрөнгө мөнгө босгодог ч манайд нүүрлэсэн эрүүл бус,  асар их улстөржилтөөс үүдэн хөрөнгө оруулалт нь эрсдэл болон хувирдаг. Ямар нэг бүлэг хоорондын ашиг сонирхлын зөрчлөөр хуулиа дураар өөрчилж, бизнес орчинд нь халдсан гэнэтийн  шийдвэрийг эрх баригчид гаргадаг тул уул уурхайн бизнесийн орчинд бүтээн байгуулалт бараг хийгдэхгүй болсон. Уурхай нээх хэрэг дээрээ гайгүй, харин түүнийгээ хөгжүүлж үйлдвэржүүлж, үнэ цэнэтэй баяжуулсан бүтээгдэхүүн болоход маш их асуудалтай тулгарч байгаа. Үүний яг эсрэгээр тодорхой төлөвлөлт стратегитэй, улс төрөөс ангид хувийн хэвшил, төр, орон нутгийн төлөөллийн хоршил болсон уул уурхайг манай хоёр хөрш цогц хөгжүүлж байна. Жишээ болгож, нэг бүтээн байгуулалтын  тухай дор товч буулгав. Хаяанд байгаа хөршүүд маань ингэж л хөдөлж байна. 

 

Уулын баяжуулах шинэ үйлдвэр Ар Байгальд ашиглалтанд оров. Энэ үйлдвэр 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд жилд 10 сая тонн хүдэр боловсруулах юм. Зэс, алт, төмрийн хүдрийн баяжмалын эхний ачилтууд ойрын саруудад эхлэх бөгөөд хамгийн том худалдан авагч бол мэдээж Хятад Улс. Хүдрийг анх хэдэн арван тонн тэсрэх бодисын тусламжтайгаар Дээд Ильдиканы ил уурхайн гадаргуу дээр гаргаж иржээ. Үүнийг үурхайчид анхны нэг тонн бүтээгдэхүүний баяр гэж нэрлэдэг байна. Ингэж Быстринскийн уулын баяжуулах үйлдвэрийг турших ажил эхэлжээ.

 

Орчин үеийн дэд бүтэц, технологи, зам харгуй - Энэ бүхэн Оросын зүүн хэсэг дэх хувийн хөрөнгө оруулалтын томоохон төслийн илрэл юм. Энэхүү комбинат нь алт, зэс, мөнгөний хүдрийг олборлох, баяжуулах бөгөөд мөн зэс, алт агуулсан болон магнетитийн баяжмал үйлдвэрлэх болно. Борлуулах гол зах зээл бол - газар зүйн хувьд хөрш болох Хятад улс юм.

 

Тавхан жилийн өмнө бөглүү тайга байсан ч өнөөдөр дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг болох энэ газарт дэлхийд хосгүй ийм үйлдвэр ашиглалтанд орлоо. Энд төмрийн хүдрийн асар их нөөцтэй болохыг бүр XIX зуунд мэдсэн байдаг. Тэр үеэс хүдрийг гар аргаар олборлож эхэлжээ. Уул уурхайн олборлолтын технологи байгаагүйгээс удаан хугацааны туршид үйлдвэрлэлийн олборлолт явуулж байсангүй.

 

"Технологийн бүх хэлхээ холбоо бэлэн болсон бөгөөд хамгийн чухал мөч бол үйлдвэрлэлийн процессыг тохируулах зорилгоор хүдрээ боловсруулж эхлэхэд туршилтын хуруу шилэнд олж авч байсан тэр үр дүндээ аль болох богино хугацаанд хүрэх асуудал юм" гэж уул уурхай Норниксель компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Сергей Дыченко тайлбарлав.

 

Орон нутгийн засаг захиргаа ийм том үйлдвэр байгуулахыг мөн сонирхон дэмжиж байгаа юм. Хэдэн мянган ажлын байр бий болж, зөвхөн эхний 10 жилд Ар Байкалийн хязгаарын сан хөмрөгт 18 тэрбум рублийн татвар орж ирэх юм. Үйлдвэр жилд 10 сая тонн хүдэр олборлох төслийн хүчин чадалдаа 2019 онд хүрэх ба ийм хурдаар явахад энэ уурхай нь 30 жил ажиллах нөөцтэй юм. (Эх сурвалж: ВЕСТИ RU)

 

Хойд хөрш ингэж хөдөлж  байна. Технологийн бүх хэлхээ холбоо, орон нутгийн хөгжлөө уул уурхайн орлогоор дэмжсэн  төрийн зөв бодлогоор хөгжиж байна. Харин бид эхлүүлсэн бүхнээ гацааж жижиг эрх ашгаар бие биенийхээ бизнесийг нурааж сууна. Дүгнэлт хийж уул уурхайн хөгжлийн гацаагаа  зөв оношилж  хөгжих цаг нь болсон.

 

Энэ тухай видеог үзнэ үү.

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ  / тоймч/

http://www.shuud.mn/content/read/490755.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen