“Хүрэл үнэг”-ийг хэн ангуучилж байна вэ?

“Хүрэл үнэг”-ийг хэн ангуучилж байна вэ?

Биднийг алтан дээр сандайлсан гуйлгачин гэдэг үнэн ажээ. Сүүлийн үед монголчуудын сандайлсан алт, эрдэнэсийн талаарх мэдээллүүд дараалаад ил болдог болов. Саяхан Хармагтайн ордыг бид мэддэг болсон.

Хамгийн хачирхалтай нь бид сандайлсан эрдэнэсээ мэдээгүй байхад дэлхий хэдийнэ мэдчихсэн байдаг юм байна.

Тэгвэл энэ удаад дэлхийд Монголын "Bronze fox” буюу "Хүрэл үнэг” нэрээрээ аль 2008 оноос танил болсон ордын талаарх мэдээллийг хүргэе.

БНХАУ-ын хилээс 190 км зайд Дорноговь аймагт байрлах энэ орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцоор нэг байршилд оршдог. Хайгуулын хүрээнд тус ордоос 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илрүүлээд байгаа юм. Мөн алтны нөөц илрэх боломжтой. 1200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоосон байна. Байршлын хувьд дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлжээ.

"Bronze Fox” буюу "Хүрэл үнэг” төслийг хэрэгжүүлэгч нь "Kincora Copper” юм. Энэ ордын нийт талбай нь 22 мянган га газрыг хамардаг. Одоогоор хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмджээ. Өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан бөгөөд өрөмдлөгийн үр дүнд үндэслэн нөөцийг 0.4 хувийн зэсийн агууламжтай  300 сая тонн хүдрийн биет (1.2 сая тонн зэс) 0.55 хувийн зэсийн агууламжтай 500 сая тонн хүдэр (2.8 сая тонн зэс) үлдсэн нь тэр чигтээ алт байх боломжтой хэмээн компанийн зүгээс үзэж байгаа аж.

Сүүлийн үед Оюутолгойн бүлэг ордын төв хэсэгт байрлах нөөцөд "Хүрэл үнэг” төсөл хэрэгжүүлж буй Канадын "Kincora Copper”-ийн IP хөтөлбөр үр дүнд хүрсэн талаар тус компанийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ. Ер нь энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжинэ гэж үзэж байсан бөгөөд төсөл хэрэгжих талбайн зэс, порфирын нөөцийг нарийвчлан гаргаж, эдийн засгийн үр өгөөжийг тооцохоор төлөвлөжээ.

"Kincora Copper”-ийн хувьд саяхан Монгол дахь зэсийн хайгуулаа дуусгасан. Компанийн удирдлагууд энэ ажлыг хамгийн ирээдүйтэй гэж дүгнэжээ. Мөн хамгийн богино хугацаанд амжилттай дуусгасан төсөл болсон байна. Гэхдээ Монголын Засгийн газраас тус компанийн гурван ч төслийг цуцалсан ба эдгээрт нийт 106 лицензэт талбай багтаж байжээ.

"Kincora Copper”-ийн хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унаад байсан юм.

Харин Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюутолгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар "Kincora Copper”-ийн хувьцааны ханш өнгөрсөн жил 100 хувь өсч байв.

"Kincora Copper” нь Английн Виржинийн арлуудад байгуулагдсан компани юм. Тус компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулсаар даруй зургаан жил болжээ. Компанийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа биржид бүртгүүлэх арга хэрэгслүүдийн нэг болох reverse take-over хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа олохоор ажиллаж байна. Reverse take-over гэдэг нь хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанид хувьцаагаа заран тухайн бүртгэлтэй компаниар дамжуулан хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгохыг хэлж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ориго партнерс” /LON:OPP/ ""Kincora Copper”-ийн 75 хувийг эзэмшдэг бөгөөд өөрсдийн хувийг Торонтогийн хөрөнгийн биржийн Венчер биржид бүртгэлтэй "Brazilian Diamonds” компанид /BZD:TSXV/ зарахаар гэрээ байгуулжээ. Ингэснээр "Brazilian Diamonds” компани төслийн 75 хувийг эзэмших бөгөөд нэрээ өөрчлөн "KincoraСopper Limited” болгох юм байна. Өөрөөр хэлбэл, нэрээ сольсон "Kincora Сopper Limited” компани нь "Kincora Group” компанийн 75 хувийг буюу "Хүрэл үнэг” /Bronze fox/ зэс-алтны хайгуулын төслийн 75 хувийг эзэмших юм. "Kincora copper Limited” нь хувьцааныхаа 40-45 хувийг "Ориго Партнерс”-т 12.5-15 сая канад доллараар худалдаж, үлдэх хувийг олон нийтэд санал болгох аж. "Ориго Партнерс”-ын хувьд Монголд алт, зэс, коксжих нүүрсний ордтойгоос гадна хайгуулын лицензтэй хэд хэдэн компанийн хувьцааг эзэмшдэг.

Эндээс үзэхэд, "Хүрэл үнэг” орд маань хэдийнэ гадныхны мэдэлд очжээ. Гэхдээ нэг сонирхолтой мэдээлэл байна. Тэр юу гэвэл энэ ордын хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд манай улсын нөлөө бүхий нэгэн улстөрч ихээхэн санаа тавьж явдаг тухай мэдээлэл бас бий.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen