Г.Чагнаадорж: Уул уурхайн салбарт хяналтын систем огт ажиллахгүй байна

Г.Чагнаадорж: Уул уурхайн салбарт хяналтын систем огт ажиллахгүй байна

 

"Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Уул уурхайг түшиглэхгүй бол сүйрэх гэж байгаа мэтээр ойлгуулах нь буруу. Ийм ойлголтыг нийгэмд төрүүлж байгаад "Алт-2” хөтөлбөрийг баталлаа. Уул уурхай сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирсэн ч хор хохирол нь арилдаггүй нь тун харамсалтай. Хор хохирол гэдэг нь байгалийн нөхөн сэргээлтийг хийхгүй байгаагаас үүдсэн асуудал юм. Мэдээж уул уурхайтай холбоотой хууль, дүрэм журмыг гаргасан ч хэрэгжихгүй байгаа учраас өнөөгийн нөхцөл байдал үүсч байна.

 

-Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан эдийн засгийн бодит боломж бий болох нь гэсэн хүлээлт бий. Тиймээс ч "Алт-2” хөтөлбөрийг баталсан гэдгээ албаныхан тайлбарлаж байгаа шүү дээ?

-Улс газрын доорх баялгаа авч үр шимийг нь хүртэх нь зөв. Гэхдээ уул уурхайтай холбоотой хууль, дүрэм журмыг ягштал биелүүлэх ёстой. Үүнийг орон нутгийн анхан шатны нэгжээс эхлэн төрийн дээд төвшинд хүртэл шахаж шаарддаг байх учиртай. Харамсалтай нь манай улсад хуулийг хэрэгжүүлэх үйл явц, түүнийг хянах хяналтын систем огт ажиллахгүй байна. Тиймээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газруудад нөхөн сэргээлт хийхгүй байна. Хэрэв манай улсад хууль хэрэгждэг бол газрын доорх баялгийг авсныхаа хэрээр нөхөн сэргээлтийг хийх байсан. Гэвч нөхөн сэргээлт хийсэн нэрийдлээр дулимагхан ажил хийсээр ирлээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компани техникийн болоод биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай. Ер нь ямар ч улс оронд нөхөн сэргээлт маш чухал гэдгийг мэддэг болсон. Гэтэл манайд хийгдэхгүй байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ гэх мэт олон зүйл байгаа боловч эргэх холбоо, хяналт алга байна. Үүнийг ашигт малтмал, байгаль орчны хуулиар зохицуулалт хийсэн боловч хэрэгжүүлэхгүй байна.

 

-Хуулийг хэрэгжүүлж хяналт тавихын тулд орон нутгийн удирдлагууд ажиллах ёстой гэж та хэллээ. Гэхдээ хайгуул, ашиглалт хоёр тусдаа ойлголт гэдгийг жил бүр зохион байгуулагддаг уулзалтуудад оролцсон компанийн төлөөлөл ярьсаар л байна. Тэгэхээр орон нутагт хяналтыг хэрхэн хийх ёстой вэ?

-Хайгуул, ашиглалт хоёрыг орон нутгийн иргэдэд ойлгуулах ажлыг зохион байгуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани болон төрийн байгууллагын анхан шатны нэгж нь ялгаа болон хамаарах хууль, дүрэм журмын талаарх мэдээллийг ард иргэддээ ойлгуулах нь чухал. Уул уурхайн бүхий л үйл ажиллагааг хуулиар зохицуулсан байдаг шүү дээ. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол орон нутгийн иргэдтэй уулзан бодит мэдээллийг өгөх нь зүйтэй. Жишээлбэл, хайгуул хийх компани ямар үе шаттай ажиллах вэ гэдгээ маш нарийн тайлбарлах ёстой. Мөн түүнээс гарах үр дагавар, байгальд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгээ хэлэх нь зүйтэй. Мэдээж хуулийг ягштал биелүүлж ажиллахын тулд юу хийх гэж байгаагаа хэлэх учиртай юм. Энэ мэтчилэн ойлголтыг зөв өгөхгүй байгаа учраас үл ойлголцол үүсч байна. Тэгэхээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, төрийн анхан шатны байгууллага нь үүрэгт ажлаа хийх хэрэгтэй. Ингэснээр олон нийтэд зөв ойлголтыг өгч ажлаа саадгүй явуулах боломж бүрдэнэ. Харин эцэст нь байгалийн нөхөн сэргээлт хийхэд анхаарлаа хандуулан зохих байгууллагын хяналтан дор ажиллах ёстой.

 

-Уул уурхайн компани нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа хууль, дүрэм, журмыг нарийн судалсан гэж хэлэхгүй. Гэхдээ нөхөн сэргээлтийн тал дээр эрх зүйн асуудал дутмаг байгаа нь анзаарагддаг. Уг нь нөхөн сэргээлтийн тухай заалтыг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг газрууд нь ажлаа хийхгүй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бид хаа, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Мэдээж бүх зүйлийг харлуулах хэрэггүй. Нөхөн сэргээлтийг сайн хийж байгаа жишиг компаниуд ч бий. Үүнээс жишээ авч ажиллах нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад хүндрэл учрахгүй гэж боддог. Орон нутгийн иргэдийг буруутгах аргагүй. Тэдний хувьд бэлчээрийн даацаас эхлэн тулгамдаж байгаа асуудал бий. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагаа явуулсны дараа үлдэж буй нөхөн сэргээлт хийгээгүй талбай юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, мал бэлчих талбай эрс буурахаас гадна малчин нүүж буух газаргүй болох эрсдэл байгаа учраас болгоомжтой хандаж байгаа юм.

 

-"Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээр алтны олборлогч компанийн тоо өсөх нь орон нутагт үлдэх үр өгөөжийг нутгийн иргэд илүүд үздэг. Том зургаар нь харвал эдийн засагт хөшүүрэг болох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа шүү дээ?

-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тоо өсөх хандлага бий. Мэдээж эдийн засагт гарах өгөөжөөс илүүтэй хуулийг хэрэгжүүлж байгаа эсэх, хэн хяналт тавих вэ гэдэг чухал асуудал юм. Тиймээс төрийн бодлогын хүрээнд уул уурхайг идэвхжүүлж болох ч ямар хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт хатуу хяналт тавих нь чухал. Алтны компани олшрох нь сайн байж болно. Гэхдээ үүнийг дагаад хувиараа алт олборлогчид, бичил уурхайчид олширдог нь нууц биш. Үүнийг дагаад гарах элдэв асуудлыг нэг бүрчлэн тоочоод баршгүй. Нэн тэргүүнд байгалийн нөхөн сэргээлтийг хийдэггүй нь тулгамдсан асуудал болж байна. Үүнд хяналт тавих орон нутгийн засаг захиргаа нь дорвитой ажиллахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас бичил уурхайчид болон хувиараа алт олборлогчиддоо орон нутгаас хяналт тавьж чадахгүй байгаа юм. Уг нь бичил уурхайчдыг нэгтгэх дээвэр холбоо одоо ч ажиллаж байгаа. Гэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэгэхээр уул уурхайг хөгжүүлэх, "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бол хуулийг хэрэгжүүлэх талд хатуу шаардлага тавьж, хяналт тавих хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна.



Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen