“Соёолон Интернэшнл” ХХК: Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхэжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна.

Mongolia Mining 2021 -  үзэсгэлэнгийн Ивээн тэтгэгчээр оролцож буй “Соёолон Интернэшнл ХХК-ийн Дэд Захирал Ц. Мөнхбат - тай уулзаж арга хэмжээний талаар тодруулсан юм.

Танай компанийн хувьд Mongolia Mining - 2021 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцох гэж байна. Арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна?

  • Mining Mongolia үзэсгэлэнг би   Уул уурхайн салбарын НААДАМ гэж хэлмээр байна. Манай салбарынхан  гурав хоног БУЯНТ-УХАА ордонд нааддаг уламжлал тогтоод 10-д жил болж байна. Манай “Соёолон интернэшнл” компани үүсгэн байгуулагдсан 2012 оноос эхлэн энэ наадамдаа тасралтгүй ордог уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд Манай компанийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэн, ажлын цар хүрээгээ тэлж байгаатай холбоотойгоор илүү өндөр ач холбогдол өгч томоохон бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Тиймээс ч бид энэ удаа тус үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцох болсондоо баяртай байна.
  •  Энэ үзэсгэлэн маш өргөн  цар хүрээг хамардаг Монголын уул уурхайн салбарын хамгийн хүртээмжтэй үзэсгэлэн гэж хэлж болно. Тус арга хэмжээг дараах ач холбогдолтой гэж хардаг. Үүнд: Нийгэмд Уул уурхайн салбарыг таниулах, зөв ойлголт өгөх,  Уул уурхайн компаниуд нэг талбарт цуглан богино хугацаанд өргөн хүрээний мэдээлэл солилцох боломжийг олгодог төдийгүй орчин үеийн дэлхийн шилдэг техник технологийг танилцуулах, хэрэглэгч нийлүүлэгчдийг амьд харилцааг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам олох, хэрэглэгчдийн судалгаа хийх цаг, мөнгө хэмнэхээс гадна ханган нийлүүлэгчдийн маркетингийн зардлыг хэмнэх, шинээр хэрэглэгч түнш олох гэх мэт маш олон давуу талуудыг дурдаж болно.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

  • Бид үзэсгэлэнд оролцох бүрдээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологийг танилцуулахыг хичээсээр ирсэн. Энэ жилийн хувьд бид онцлох зүйл нь  үйл ажиллагааны чиглэл шинээр нэмсэн явдал юм. Энэ нь юу вэ гэхээр Эрдэс боловсруулалт, баяжуулах салбарт дутагдалтай байдаг инженеринг зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг Мэргэжлийн программ хангамж ашиглан өндөр нарийвчлалтай хийлгэх боломжийг салбар компани болох “Соёолон Инженеринг” ХХК-р дамжуулан харилцагчдаа танилцуулна, мөн бусад инженерингтэй холбоотой олон үйлчилгээний чиглэл нэмэгдэж байгаа тэдгээрийг үзэсгэлэн дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах нь илүү үр дүнтэй байхаа.

 “Соёолон Интернэшнл” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү.  

  • Дэлхий нийтээр КОВИД-19 цар тахлын нөлөөлөл бүх салбарт хүндээр тусч байгаа харин эсрэгээр нь эрдэс түүхий эдийн үнэ Дэлхийн зах зээлд хурдацтай өсөж Уул уурхайн хувьд супер цикл-н үе эргэн ирээд байна. Үүнийг даган уул уурхайн зарим нэг төслүүд эдийн засгийн эргэлтэд орох, хүчин чадлаа нэмэгдүүлэх зэргээр  манай салбарын хувьд ачаалал ихтэй жил болж байна. Мөн Монголчуудад нэгэн том боломжийг нээж байгаа гэж харж байна. Тэр нь юу вэ гэхээр гаднаас олон тооны экспертүүд болон ажиллах хүч орж ирэх боломж хязгаарлагдаж тэдгээрийн хийдэг ажлыг Монгол залуус орлон хийх дотоод нөөц боломжоо дайчлах боломж манай компанийн төдийгүй Монголчуудын өмнө нүүр тулж байгаа нь бидэнд зах зээлээ тэлэх, чадамжаа нэмэгдүүлэх шаардлага давхар үүсэж байна.  Тиймээс бид эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх, гадаад ажиллах хүчнээс хамааралтай байсан үйлдвэрүүдийг ажиллуулах шаардлагаар ажиллах хүчний нэмэгдүүлсээр энэ онд гэхэд хоёр дахин өргөжөөд байна. Цаашид улам бүр өргөжих хандлага ажиглагдаж байна. Монголын уул уурхайн салбарт тэр дундаа ашигт малтмал баяжуулах салбарт технологи түгээж баялаг бүтээх их үйлсэд олон Монгол залуусын мэдлэг, ур чадварыг оролцуулах нь бидний зорилго байсан эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байна.

Уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?

  • Монголд уул уурхайн салбар хөгжөөд 100 жилийн ойн босгон дээр тулж ирээд байна. Энэ хугацаанд салбарын хөгжил нь уулын олборлолтын төвшинд илүү хөгжиж ирсэн (цөөн тооны томоохон үйлдвэрүүдийг эс тооцвол) Тэгвэл  ирэх жилүүдэд  олборлолтын шатнаас боловсруулалт, баяжуулалтын салбар, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл рүү явах зайлшгүй шаардлагатай гэж харж байна. Энэ нь 1-рт томоохон орд уурхайнууд шууд экспортод гаргах өндөр чанарын бүтээгдэхүүний нөөц буурч байгаа жишээ нь Таван толгойн коксжих нүүрсний орд, мөн зарим ордын агуулга буурах, хүдрийн шинж чанар өөрчлөлт нь шууд экспорт хийх боломжгүй болж байгаа зэрэг. Мөн Төр засаг бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэл рүү бодлого боловсруулж байгаа нь харагдаж байна. Эхнээсээ томоохон үйлдвэрийн төслүүд судалгаа, бүтээн байгуулалтын төвшинд явж байгаа нь уул уурхайн салбарын ирээдүй гэрэлтэй байгааг илтгэж байна. Уул уурхайн супер цикл мэдээж удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой тиймээс бид дараачийн уналтад бэлтгэлтэй байж зах зээл харьцангуй тогтвортой байдаг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж харж байна. Баярлалаа!!

Танд баярлалаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen