Хичээнгүй зүтгэлт Хамба Номун Хан, гавж Д.Чойжамц ламд өргөсөн айлтгал бичиг

Хичээнгүй зүтгэлт Хамба Номун Хан, гавж Д.Чойжамц ламд өргөсөн айлтгал бичиг

 

Ум Сүсди амгалан болтугай
“Ариун бодийн сэтгэлийн хөрөнгийг талбиад 
Агуу хоёр их чуулганы татаал усаар өнөд тэтгээд 
Төгс бодийн галбирвасыг сайтар мэндлүүлсэн 
Тийн үзүүлэгч их нигүүлсэгч түүнээ мөргөмүй “ хэмээн айлтгаад 
“Оюун сайт дорнын уулын оргилыг үзэсгэлэнд үйлдээд
Онц яруу алдарын буман цагаан гэрлийг цацраан 
Сайн буяны Гүмүда цэцгийг баясган зохиогч
Сав гурван газрын нар, амьтны багш өлзийг хайрлагтүн” хэмээн бэлэгдэн Бундарага үгээр хэлний мөрийг уужимсган үйлдээд үүний хэргийг соёрхвоос ану:
 
“Үхэлгүй рашааныг хайрлагч бурхадын чуулганы хүчээр 
Үлэмж нас буян уртсаад нигүүлслийн гэрлийн цалмаар 
Олон амьтныг боловсруулан гэтэлгээд баясан нэн цэнгэгч 
Оройн дээд цог төгөлдөр багшийн өлмийд залбирмуй хэмээн айлтгаад 
“Хоёр дугаар ялгуулсан цогт зөөлөн зүрхэн шимийн 
Хосгүй ариун увидсаар шавь нарыг гэтэлгэн зохиогч
Охь гүн нууц номын дуазыг бариачийн эрхэм 
Оройн дээд авралт тойн багш ялах болтугай “ хэмээн зарлигласан мэт шашин номын үйлсийг машид барин дэлгэрүүлэгч, санаанд багтамгүй зохиол бүтээлийн эзэн Хамба номун хан гавж Дэмбэрэлийн Чойжцамцын өлмийг тэрс буруу үзлийн гөрөөсний сүргийг сүрээр дарагч аймшиггүй найман арслангаар өргөн түшсэн эрдэнийн уужим сэнтий ширээний өмнө илтэд дуршсан сүжгээр өлмийн тоосыг оройн зулайн чимэгт шүтээд арван хурууны дэлбээг зүрхэн тушаа үзэсгэлэнгээр хумиж, гагцхүү нэгэн үзүүрт сэтгэлээр залбиран сөгдмүй.
 
Ийн хэмээн:
“Сайн оюун зөвшлийн цогийг эрхэндээ учруулсан
Сайн эш онолын эрдмийн их сангийн далай 
Сайтар бурханы шашныг гийгүүлэгч зулын дээд
Сайтар гэтэлгэгч амьтны итгэлийн өлмий бат болтугай” хэмээн айлтгаад 
“Агуу найхамшигт бурхадын билэг билгүүн 
Аливаа хэрхэн номхотгохын арга мэргэдийн дээд
Эл шарыг асаасны бүжиглэлээр тийн цэнгэгч
Эрхэм дээд авралын өлмий дор мөргөмүй” хэмээн зарлигласан мэт  Аврал итгэл шашныг мандуулагч Богд Жэвзүндамба хутагтын байгуулсан Номын их хүрээний шашин номын үйл хэргийг тэргүүлэгч Хамба номун хан нарын  намтар бүтээл, үйлс зохионгуйн сувдан сондорыг үгсийн утсаар хэлхэн жигдэрүүлээд хүзүүний чимэг болгон өргөмүй. Үүнд ану:
 
Тэргүүнд нь Гандан хүрээ хийгээд Гандантэгчэнлин хийдийн  товч хураангуй түүхийг дуулгаваас:
“Ариун гүйцэд шашны зул бадарсан 
Агуу умар зүгийн Монгол орон” үүнд анх ялгуулсны шашин Хүннү гүрэн тэргүүтэн нүүдэлчин олон аймгуудад, завсарт Чингис хаан тэргүүн их хаадын үед, сүүлд 16-р зууны үеээс хойшид дэлгэрч монголчуудын соёл иргэншлийн гол ноён нуруу, итгэл үнэмшил, үзэл санааны чиг хараа болж ирсэн билээ. 
Бурханы шашны сүүлийн дэлгэрэлтийн үед Алтан хаан, Түмэн засагт хан, Хутагтай цэцэн хун тайж, Автай сайн  хаан, Гүүш хаан зэрэг шашныг тэтгэгч номт хаадын ач ивгээл хийгээд Өндөр гэгээн Занабазар, Нэйж тойн Цүлтимзамба, Зая бандида Намхайжамц, Зая бандида Дамбадаржаа нарын номын их дээдсүүдийн үйлс буянд Монгол даяар шашин номын наран зүг бүртээ мандан дэлгэрч, үргэлжлэн өрнөсөн юм. 
“Алин бүгдийн сүжгийг төрүүлэгч
Амгаланд татагч мэргэд бүтээлчдийн газар” буюу  Монголын төв нутгийн Хэнтий нурууны өвөрт  Эзэн Чингис хааны алтан ургийн аврал дээд Богд өндөр гэгээн Занабазар хутагт бээр 1654 оны хөх морин жилд Номын их хүрээ Ривугэжай Ганданшаддүвлингийн эхлэлийг тавьж, дуган сүм, бурхан шүтээнүүдийг бүтээн босгосоор 1686 онд дуусган тэр жилдээ равнай өргөн, хурал номыг эхлүүлсэн ажээ. 
Хожим Номын их хүрээ Ривугэжай Ганданшаддүвлин гайт балмад, гавъяагүй дайны хөлд нуран  үгүй болж, ахин сэргээх боломжгүй болсон тул аврал дээд Өндөр богд бээр  Их хүрээг 1706 оны гал нохой жил Цэцэрлэгийн Эрдэнэтолгойд нүүлгэн шилжүүлж уншлага ном, зан үйл, ая дан ба сургалтыг заан сургаснаар Их хүрээний дэг сургуулийг үүсгэн тогтоосон буюу. 
 
Улмаар их хүрээ ахин дахин нүүсээр 1778 онд Хан богд уулын ар хатан Туулын хөвөөнөө суурьшсан. Үе үеийн Богд Жэвзүндамба хутагтууд  Их хүрээг номын орд өргөөгөөр өргөжүүлэн  тэлж сургалт боловсролын гол төв болсоор байсан билээ. 
5-р Богд Жэвзүндамба хутагт бээр түрүүчийн богдын адисласан хүрээний баруун зүгт орших “Далхын дэн” гэдэг газар 1838 онд Гандантэгчэнлинг байгуулсан бөгөөд энэ газарт хүрээний ном сургалт, лам нарын явдал мөрийг ариун нандин байлгах болгоолтоор Их хүрээг нүүлгэх саналыг авч өөрийн Лавран, хоёр Цанид дацан, Жүд дацан, Дэчингалав дацан тэргүүтэн болон долоон аймгийн 2000 илүү хуврагуудыг байшин гэр хашааны хамт нүүлгэсэн байдаг. 
Ингэж их хүрээ нь Гандан хүрээ хэмээн нэрлэгдэв. Гандантэгчэнлин  бол 5-р богд болон дараагийн богдуудын хүндэтгэл бишрэлийн нандин газар байв. 
5-р Богд цаст Төвөдийн оронд морилохдоо Гандантэгчэнлин, Ривугэжай Ганданшаддүвлингийн нийт лам нар бол багш болон чухаг дээдэд бишрэлтэй, Очирдарь шүтээнийг гол болгоод өөр өөрийн суртгаалыг ил далдгүй сахиж байхыг эрхэм гэрээс болгон үлдээсэн байдаг.
Мөн тэрээр Гандантэгчэнлин, Ривугэжай Ганданшаддүвлинг энд байгуулснаас бусдад нүүлгэлгүй бат байлгах хэрэгтэй. Ер ертөнц мөнх бус мөн тул үе үе бусдад хөдөлгөх нөхцөл гардаг ч орон үүнээс эс нүүлгэвээс сайн хэмээн айлдаж  байжээ.
Бас Тэрээр Төвөдөд залрахын өмнө Хамба номун хан тэргүүтэн хэргэм зэрэгтэн болон их бага түшмэдүүдэд их хүрээ хийгээд ялангуяа Гандантэгчэнлинг бат оршоохын аргыг хэрхэвч санагтун  хэмээн зарлиглаж байсан ажгуу. 
Авралт 5-р Богд Жэвзүндамба хутагт бээр ил далд, ирээдүй хойчийг болгоогч, рид хувилгаант нэгэн байсан билээ. Түүний болгоосон бошиг болон дагнан зураг зэргийн  талаар хуучид дээдэс их зүйлийг ярилцдаг байсан. 5-р Богд болон түүний дараагийн богдуудын хүндэтгэлийн орон Гандантэгчэнлингээс хүрээний зарим хэсгийг буцаан нүүлгэн, харчуудын хүрээ тосгонд хольсон явдлыг тэр үеийн өвгөд эмгэд үл таашаадаг байсныг түүхэн сурвалжид тэмдэглэсэн байна. 
 
Ач авралын дээд болсон 8-р богд Жэвзүндамба хутагт Гандан хүрээний Гандантэгчэнлинд Монголын тусгаар тогтнолын их шүтээн Өндөр Жанрайсиг бурхан, Сэр Жэвзүнбийн игчааны сургууль болох Идгаачойзинлин дацан зэрэг олон ном сургалтын мөргөл шүтээний газруудыг бүтээн байгуулсан. Мөн Гандантэгчэнлин хийдэд 5,7,8-р богдын эрдэнийн шүтээн залагдан, эргэл мөргөл, буян хураалтын орон болж байв. 
Гандан хүрээ нь 20-р зууны эхэн гэхэд Цогт Наландрын хиргүй гүйцэт номын уламжлал, дамжлага ёсыг өвлөн хадгалсан Цогчэн хийгээд бүтэн хагас эрхтэй 12 дацан, 30 аймагтай, удирдлагын бүтэц зохион байгуулалт цэгцэрсэн, сургалт боловсрол нь жигдэрсэн нийт монгол төдийгүй гадаад улс оронд нэр алдар нь түгсэн, бурханы шашин соёлын төв гол хүрээ болж чадсан юм. 
Гандан хүрээнээс номлох, тэмцэх, туурвихын эрдэмд мэргэжсэн олон мянган эрдэмтэн мэргэд төрөн гарч шашин номоо тэтгэн барьж, түгээн дэлгэрүүлж байв. 
Гэвч Монгол оронд коммунист дэглэм тогтон, бурханы шашин эвдэрч доройтон сэтгэл энэлгэсэн түүх, зүрх шимшрүүлсэн үйл явдал болсон. 
Оройн дээд богд 5-р богд Жэвзүндамба болон дараагийн үеийн богдууд өөрийн хүндэтгэлийн орон болсон Гандантэгчэнлинг үл нүүлгэх, улмаар бат байлгахын таалал болгоолтын хүчээр Гандантэгчэнлин хийдийн дуган сүмүүд их хэлмэгдүүлэлтийн аюулаас үлдсэн гэдэг нь эргэлзээгүй ээ.
Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийд  1944 онд “Мөргөлийн дуган” нэртэй ахин сэргэж хурал номын үйл хэргийг эрхэлсэн нь шашны мөхсөн зулыг бадраасан, сүсэгтэн олны баярын магнайг тэнийлгэсэн үйл явдал болсон ажгуу.
 
Тус хийд нь коммунист нийгмийн цаг үед Монгол даяар хязгаарлагдмал хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байсан агаад Гандан хүрээний Цогчэн  хурал, зан үйл болон Гандан хүрээний бусад бүхий л дацангийн уншлага ном, зан үйл , дамжлагыг залгуулж авч явсан бөгөөд нэг ёсондоо Гандан хүрээг хураан хураангуйлан уламжлуулан хадгалж ирсэн ач гавьяат агуу  адистад орон мөн. 
 
Монгол оронд 1990 онд ардчилсан нийгэм тогтон, ард түмний шүтэх эрх, эрх чөлөө нээгдэн МБШТ Гандантэгчэнлин хийд хуучин их хүрээний хамгийн гол судар тарнийн сургалтын дацан бусад дацангуудыг сэргээн босгож, хурал номын үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм.
Ингэж  хэцүү цаг үед Гандан хүрээний хурал номыг хураан хураангуйлан авч явсан тус хийд нь сайн цаг эхэлмэгц увьдаслан хурааснаа дэлгэрүүлэн өргөжүүлсээр байгаа ажгуу. 
Монгол оронд ардчилсан нийгэм тогтсон лугаа зэрэгцэн МБШТ Гандантэгчэнлин хийдийн зүгээс шашны зул, номын гэрэл бадран цацарч, олон хийд орон, хот хөдөөд шинээр сэргэн байгуулагдсан. 
Эдүгээ хурал ном буяны үйл хэргийг сайнаар тасралтгүй явуулж байгаа хийд орон тэдгээрийн хэргэмтэн лам хуврагуудад талархан, өлзий хутгийн дээд, сайнаас сайн бүхнийг хүсэн ерөөе. 
Авралт шашин номын үйлийг 
Агуу ихээр бүтээгч дээдэс буюу  
Хамба номун хан нарын: 
 
Анхдугаар  Хамба номун хан Агваанлувсанжамбалданзан 
 
Намжал дацангийн ловон, Жаюл хамба Сэрган хутагт, Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш болно.
 
Хоёрдугаар Хамба номун хан Балжорравдан
 
Мэргэн номун хан, равжамба, Өндөр гэгээн Занабазар  хутагтын ёнзин багш. Цогчэн хурлын уншлага, ян дан, дэглэмийг заасан их ачтай. 
 
Гуравдугаар Хамба номун хан Лувсанданзанжанцан. 
 
           Эрдэнэ мэргэн бандида хутагтын /Ламын гэгээн/ анхдугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуврага болж, Өндөр гэгээн Занабазар хутагтын шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу  Түвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна. Түвдэд 7 жил суралцан анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв.  Өндөр гэгээн Занабазарын зарлигаар Их хүрээний хамба номун хан болж байв. Олон жилийн туршид сахил санваар өгч, ном сургааль айлдан явсан тул олноо Ламын гэгээн, Ханчэнчойжал хэмээн алдаршсан. Төвөд хэлээр 4 боть зохиол бичсэн. 
 
Дөрөвдүгээр Хамба номун хан Лувсангэлэгравдандорж 
 
  Түшээт хан аймгийн жонон Галдандоржийн хошууны тэргүүн зэргийн тайж Гончогдоржийн гэрт мэндэлжээ. Их шавийн Эрдэнэ мэргэн бандида хутагтын анхдугаар дүрийн хувилгаан. Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.
 
Тавдугаар Хамба номун хан Содномринчин
 
Дүлба лам хэмээн алдаршсан. Төвөд лам
 
Зургаадугаар Хамба номун хан Лувсандаржаа.
 
Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш
 
Долоодугаар Хамба номун хан Жамбалдорж. 
 
1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун ханы хэмээн алдаршсан.
 
Наймдугаар Хамба номун хан Лувсанжамбал
 
 III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.
 
Есдүгээр Хамба номун хан Цэвээндорж.
 
1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Их шавийн Эрдэнэ мэргэн бандида хутагтын гуравдугаар дүрийн хувилгаан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан. 
 
Аравдугаар Хамба номун хан Лувсантүвдэнванчүг.
 
Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан. 
 
Арваннэгдүгээр Хамба номун хан Жанчивдорж.
 
Их шавийн Мэргэн хамба хутагтын гуравдугаар дүрийн хувилгаан. 1806-1820 он хүртэл хашсан.
 
Арванхоёрдугаар Хамба номун хан Лувсанпринлайдандар    
 
Их шавийн Мэргэн бандида хутагтын IV дүрийн хувилгаан. 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ. 
 
Арвангуравдугаар  Хамба номун хан Эрэнчинжав. 
 
Эрдэнэ Ялгуугсан хутагтын IV дүрийн хувилгаан. 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан болой.
 
Арвандөрөвдүгээр Хамба номун хан Лувсаншарав
 
Төвд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)
 
Арвантавдугаар Хамба номун хан Агваанхайдүв. 
 
Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэд  мэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан. 1822 онд Их хүрээний дэд хамба, 1833-1838 он хүртэл энэ албыг хашсан. 
 
Арванзургаадугаар  Хамба номун хан Лувсанжамъян. 
 
Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.
 
Арвандолоодугаар Хамба номун хан Дорж. 
 
Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан. 
 
Арваннаймдугаар Хамба номун хан Лувсаннамжил. 
 
Төвд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.
 
Арванесдүгээр Хамба номун хан Лувсанчүлтэмжигмэд. 
 
Мэргэн хамба хутагтын IV дүрийн хувилгаан. 
1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.
 
Хорьдугаар Хамба номун хан Дорж. 
 
Их шавийн Эрдэнэ мэргэн бандида хутагтын  IV дүрийн хувилгаан. 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
 
Хориннэгдүгээр Хамба номун хан Балданчойнпэл. 
 
Төвд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон. 1865-1899 он хүртэл 34 жил энэ албыг хашсан. Гонсор брүлгү хэмээн алдаршсан. Жалханз хутагт Дамдинбазар өлмий бат оршихын залбиралыг зохиосон болно.
 
Хоринхоёрдугаар Хамба номун хан Пунцаг-Осор. 
 
Их шавийн Цуян отгийн харъяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан. 1911 онд VIII Богд гэгээнээс “Тунгалаг билэгт”, 1915 онд “шашныг өрнүүлэгч”, 1918 онд “номч мэргэн бандида” цолоор тус тус шагнасан. Ялангуяа 1915 онд хамба номун хан Пунцаг, дэд хамба Содномдаржаа, чин ван лам Цэрэнчимид,  Бадамдорж, гадаад яамны дэд сайд Равдан нарыг нэхэн шагнаж хамба номун хан Пунцагын хойд төрлийг тодруулж нутаг хошуунд нь залан суулгах эрх олгосон байна. 
Түвд хэлээр зохиол бүтээл туурвисан. Бэрээвэн номун хан Найдансүрэнгийн өлмий бат оршихын залбирал, Бэрээвэн хийдийн тойн цоржийн хувилгааны өлмий бат оршихын залбиралыг тус тус зохиожээ. 
 
Хорингуравдугаар Хамба номун хан Лувсанхаймчиг. 
 
1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан. Монгол оронд болсон 1937 оны их хэлмэгдүүлэлтэнд  хилс хэргээр Манзушир хутагт нарын хамт цаазлуулсан аж. Монгол улсын хэмжээнд төр засгаас шашин номын хэргийг бүрэн хориглосон болно. 
 
Хориндөрөвдүгээр Хамба номун хан  Найдангийн Эрдэнэпэл. 
 
Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавьлан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон. 1956 онд “Чин бишрэлт” цолоор шагнасан. Монголоор ном орчуулах тасаг байгуулсан. 1944-1960 он хүртэл 16 жил энэ албыг  хашсан. 
 
Хоринтавдугаар Хамба номун хан   Самаагийн Гомбожав. 
 
Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан. Энэ хугацаанд Гандантэгчэнлин хийдийн дэргэд ном орчуулах тасгыг өргөтгөн “Эрдэм соёлын анги”, Шашны их сургууль, АБЭТБХ олон улсын байгууллага зэргийг санаачлан үүсгэн байгуулж байсан. 1961 онд “Номч мэргэн гавж” цолоор шагнагдсан.
 
Хоринзургаадугаар Хамба номун хан  Хархүүгийн Гаадан. 
 
Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан. МУИС -д багшлах үедээ Дандины зохист аялгууны толийг судлан хэл бичгийн ухааны Докторын зэргийг хамгаалсан. 1990 оны 2-р сард Энэтхэгийн Сарнатын их сургуулиас түүнийг “Аги ванбо” буюу Хэлний эрхэт цолоор шагнасан. 
 
Хориндолоодугаар Хамба номун хан  Сугарын Дагвадорж. 
 
Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгынхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан. 
 
Хориннаймдугаар Хамба номун хан  Төмөрийн Дамдинсүрэн. 
 
Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 11 настай лам болж Хэрлэнгийн Зүүн хүрээнд ном эрдэмд суралцан улмаар чойрын Дашчойнпэл дацанд гүн ухааны ном судалжээ. 1990 онд гавжийн дамжаа барьсан . 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашиж байв.
 
Хоринесдүгээр “Хамба номун хан”, гавж Дэмбэрэлийн Чойжамц
 
Эрхэм дээд Хамба номун хан Чойжамц нь билгийн тооллын 16-р жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Монгол улсын Төв аймгийн  Бүрэн сумын  "Хайрхан булаг" хэмээх газар элбэрэл журам төгөлдөр эцэг Дэмбэрэл, эх Сэрээтэр нарын хүү болж лагшин мэндэлж, эцэг, эхийн энэрэл хайранд өсөн торнисон.
Тэрээр бага балчир наснаасаа Гурван эрдэнэд  сүсэг арвин, үе тэнгийн дундаа “Лам” хочтой нэгэн байв. 
 
Хамба номун хан Чойжамц нь Нийслэлийн 28-р дунд сургуулийг амжилттай дүүргээд шашин номын ундарга болсон МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэд 1970 онд Бурханы Шашны Дээд Сургууль байгуулагдсанд анхны элсэгчдийн нэг болж, ачит эрдмийн гуу сан  Номч мэргэн гавж, хамба лам С.Гомбожав, гавж Д.Данзан-осор, гэвш О.Дагважанцан, гэвш Д.Наваандорж, гэвш З.Пүрэвжамц, гэвш н.Балдорж  нараар дээдийн номыг хөтлүүлж, итгэл сүжгийн сэтгэл улам улам  арвидаж,  тус сургуулийг 1976 онд  онц дүнтэй  төгссөн.
 
Түүнийг МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн хурлын гол уншаач ламаар тохоон томилсон ба долоон жилийн турш Гандангийн хуралд хурахын зэрэгцээ хурал, зан үйлийн олон зүйлийг эзэмшин мэдсэн болно.  
МБШТГандантэгчэнлин хийд нь ойр холгүй тэгш асрал нигүүсэл хийгээд дээдийн номын үйлсийг даян дэлхийд өрнүүлэн дэлгэрүүлэгч Дээрхийн гэгээнтэн Далай багштай  шашин номын харилцаа тогтоосноор тэрбээр 1983 онд Энэтхэг улсад зорчиж Дарамсала дахь Буддын Гүн ухааны сургууль "Цанид ловда"-д 3 жил хичээнгүйгээр суралцсан. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг  1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ. 
 
Хамба номун хан  Д.Чойжамц нь 1992 оны 8-р сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн хамба" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеээс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг  чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм. Түүний үйл хэрэг, үйлс бүтээлээс товчлон дурьдваас. Үүнд ану: 
 
Тэрбээр Монгол улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож,  үндсэн хуульд "Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн бурханы шашны байр суурь бататгах заалтуудыг  оруулахад гол санал санаачлагыг гарган ажилласан байсан.  
 
Тэрээр Монголын ард түмэн шашин шүтэх эрх, эрх чөлөөтэй болсноор хот, хөдөөд олон сүм хийдүүд дахин сэргэж, тэдгээрт зөвлөгөө заавар, тусламж дэмжлэгийг өгч тэтгэн дэмжиж ажиллахын зэрэгцээ шинэ тутам нээгдэж байсан сүм хийдүүдийн залуу лам хуврагуудыг түргэн хугацаанд сурган бэлтгэхээр Шашны дээд сургуулийн сургалтын хугацааг 4 жил болгож, мөн тус сургуулийн дэргэд түргэвчилсэн 2 жилийн курс ангиудыг нээж, сургалт боловсролд нь анхааран ажиллаж байсан билээ.  
Хамба номун хан Д.Чойжамц нь 1994 онд тус хийдийн Дүйнхор дацангийн "Дорж ловон" хэмээх мяндаг тушаалд тохоон томилогдсон. Түүний санаачлагаар Их хүрээний цогчэн хурлын уншлага, зан үйлийг уламжлуулах, залгамж халааг бэлтгэх зорилгоор цогчэн сургалтыг нээснээр энэхүү сургалтанд олон арван лам хуврагууд хамрагдаж  уншлага ном, зан үйлд мэргэжсээр  байна. 
 
Хамба номун хан Д.Чойжамц нь Аврал итгэл Богд Жэвзүндамба хутагтын номын мэргэдийн орон болсон Гандан хүрээний уламжлалт дацангууд сургуулиудыг дахин сэргээх хүнд үүргийг хүлээн авч ном эрдэмтэй өтгөс өвгөд лам нарын санал санаачлага, зөвлөгөө,  дэмжлэг тусалцаагаар  чойрын гурван дацан Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин, тарнийн гүн ухааны Жүд дацан, Дүйнхор дацан, Бадма-ёго дацан, Жанрайсиг дацан, Манба дацан тэргүүтнийг бүтээн босгож, хурал номын үйл ажиллгааг нь жигдэлсэн болно.
Мөн тэрбээр Монголын сүсэгтний холбооны үүсгэн санаачилсан шашны сургалттай дунд сургуулийг Гандангийн харъяанд шилжүүлэн авч, сургалт номын үйл ажиллагааг нь жигдрүүлж, шашны болон ерөнхий боловсролын сургалт хосолсон 112-р дунд сургууль болгож залуу лам нарт орчин цагийн боловсролыг олгож байна.  
Тэрээр тусгаар тогтнол болон төр түмний их шүтээн өндөр Жанрайсиг бурханыг дахин бүтээх үйл хэрэгт хичээн зүтгэж, сүсэгтэн олонд уриалга гаргаснаар ихээхэн хэмжээний хандив санхүү цуглаж их шүтээн сүндэрлэн боссон юм. 
 
Хамба номун хан Д.Чойжамц бээр урьдын мэргэдийн замнал, үйлсийг дагаж 1999 онд чойрын дацан Дашчойнпэлд гавжийн дамжаа барьсан.
Түүний санаачлагаар судар,тарнийн гүн ухаанд мэргэжсэн эрдэм номтой лам хуврагуудыг бэлтгэх зорилгоор аврал ачит Дээрхийн гэгээнтэн Далай багшийн ивээл дор Энэтхэг улсын дацан сургуулиудад лам хуврагуудыг олноор суралцах ажлыг зохион байгуулж, тэнд суралцаж байгаа лам хуврагуудын сургалтын нөхцөл, амьдралын  орчинг сайжруулах талаар Дээрхийн гэгээнтэн Далай багшийн ажлын оффис, дацан сургуулиудын удирдлагуудтай  удаа дараа уулзаж, анхаарал тавьж ажиллаж байсан бөгөөд ялангуяа Энэтхэг улсын Гоман дацанд Монголын лам хуврагууд олноор очиж суралцах таатай орчин бүрдэхэд зориулж "Монгол мицан"-гаас  барилга байгуулж барьж байгаа үйлсэд  өглөгийн эздийн бүрдүүлэх, өглөг хандивыг цуглуулах ажилд хичээнгүйлэн  оролцож байсан ажгуу.
Тэрээр бурханы шашны тэргүүн Богд Жэвзүндамба  тэргүүтэй хутагт хувилгаадыг дахин тодруулахыг хориглосон тухайн үеийн төр засгийн тогтоолыг цөхрөлтгүй хөөцөлдөж хүчингүй болгосны үндсэн дээр Дээрхийн гэгээнтэн 9-р дүрийн Богд Жэвзүндамба хутагтыг Монгол оронд дахин залж чадсан.  Улмаар Монголын хутагт хувилгаадууд албан ёсоор тодрох, залрах  нөхцөл боломж бий болсон юм.
 
Хамба номун хан Д.Чойжамц нь аврал итгэлийн дээд  Очирдара 9-р Богд Жэвзүндамба хутагтыг Монголын улсын иргэн болгох, Бурханы шашны тэргүүнд өргөмжилөх ажлыг удирдан зохион байгуулж, МУ-н ерөнхийлөгчөөр 9-р дүрийн Богд Жэвзүндамба хутагтыг  “Монголын бурханы шашны тэргүүн” байх эрхийг сэргээлгэж, бурханы шашинт нийт ард түмний эгээрэл хүслийг хангасан гайхамшигт үйлсийн үүтгэсэн.
 
Тэрээр Монгол оронд 1990 оноос хойш Аврал итгэлт, оройн дээд Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшийг удаа дараагийн бүхий л номын айлчлалыг өөрийн биеээр удирдан зохион байгуулж, сүсэгтэн олон Дээрхийн гэгээнтэй номын барилдлага тогтоож, сүсэг бишрэлийн сүүн давалгаа арвидан долгилж байсан. 
Түүний санаачлага, хичээл зүтгэлээр Монгол оронд шашин ном дэлгэрэн сэргээхэд хязгааргүй ачтан Найдан Бакула ринбүчийн номын айлдвар, Гандан ширээт Ризон ринбүчи, Дима лочин ринбүчи, Жадо ринбүчи тэргүүтэй ихэс лам нараар ном сүнчой айлдуулж байсан. Ялангуяа номын барилдлагат Жадо ринбүүчи багшаас Монгол орноо тасарсан дамжлага, увидас, айлдварыг авах тухай захиргаагааны хурлаар хэлэлцүүлж Жадо ринбүүчигийн сүнчой ном айлдварыг уламжлал болгон  тогтоосон.  
Эрхэм дээд та  шашин төрийн арга билгийн харилцан шүтэлцээ, хос ёсны алтан аргамжийн бодлогыг улируулан үе үеийн төр засгийн удирдлагуудтай найрсаг сайхан харилцааг тогтоон ирсэн бөгөөд бурханы шашины өв соёл их хэлмэгдүүлэлтэнд хамгийн ихээр өртсөнийг төр засаг, их хурлын гишүүдэд удаа дараа дурьтган сануулж байсны үр дүнд  Анхдугаар Богд Өндөр гэгээний үүсгэн байгуулсан Батцагаан Их Цогчэн дуганыг МБШТГандантэгчэнлин хийдэд  дахин улсын төсвөөс бүтээн босгосон билээ. 
 
Тэрээр Бурхан багш гэгээрсэн газар буюу БНЭУ-ын Бихар мужийн Бодгаяа-д Монголын бурханы шашны өнгө төрхийг олон улсад таниулсан "Монгол сүм"-ийг барих ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан. 
Хамба номун хан Д.Чойжамц нь хот хөдөөгийн төвийн  болон гол уламжлалт 34-н хийдийн тэргүүн лам нарыг эгнээндээ багтаасан Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн хурлын даргалж шашны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, олон олон чухал баримт бичгүүд, хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг хэлэлцүүлэн батлуулж, заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа билээ.  
Эрхэм дээд та даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын төлөө эв санаагаар нэгдсэн олон улсын буддистуудыг эгнээндээ нэгтгэсэн Азийн Буддистуудын Энх  Тайвны Бага Хурал нь 1969 онд байгуулагдаж энэхүү хурлын ерөнхийлөгчөөр МБШТгандантэгчэнлин хийдийн үе үеийн хамба нар сонгогдон нэр төртэй ажил үүргийг хашиж  байсан бөгөөд энэхүү хамба нарын энхийн  үйлсийг өвлөн залгуулж тэрээр 2003 онд Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дэлхий дахинд өөрчлөлт шинэчлэл гарч, хоёр туйлт систем задарч тус хурлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд суларсан авч 2019 онд АБЭТБХ-ын 11-р ерөнхий чуулганыг Монгол орондоо хуралдуулж, түүний зорилго, зорилт болон дүрэм, бүтэц зохион байгуулалтыг цаг үетэйгээ зохицуулан өөрчилж, тус байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшин гаргасан. Үүнийг АБЭТБХ-ын үндэсний төвүүд маш баяр талархалтайгаар хүлээн авсан билээ.
 
Тэрбээр байгаль орчныг хамгаалах, шашин хоорондын эв нэгдлийг хангах зорилготой "Санвад-3" олон улсын хурлыг 2019 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай  зохион байгуулж энэ хуралд дэлхийн 17 орны төлөөлөгчид өргөнөөр оролцон харилцан яриа хэлэлцээрийг өрнүүлж, хамтын ойлголцлыг бий болгосон.
Хамба номун хан Д.Чойжамц олон улсад нэр хүнтэй шашны зүтгэлтний хувьд 2013 онд БНЭУ-д төвтэй Олон улсын Бурханы шашинтнуудын холбооны Ивээгчдийн зөвлөлийн гишүүнээр, 2014 онд Япон улсад төвтэй Бурханы шашны дээд хэмжээний чуулганы ерөнхийлөгч зэрэг албан тушаалд сонгогдон ажиллаж байгаа болно. Эдгээр нь Монголын бурханы шашныг олон улсад таниулах, нэр хүндийг өргөх, олон улсын шашинтангуудтай хамтын үйл ажиллагаа бэхжүүлэхэд чухал үйл явдал болсон буюу.
 
Эрхэм дээд та бээр хэлмэгдүүлэлт болон Богд Жэвзүндамба хутагтууд, Монголын номын мэргэд, хутагт хувилгаадуудын тухай олон эрдэм шинжилгээний хурлуудыг санаачлан болон дэмжиж оролцож, Монголын бурханы шашны байр суурь,  соёл уламжлалын талаар айлдвар сургаалаа хүргэхээс гадна, олон улсын нэр хүндтэй хурлуудад Монголын бурханы шашныг төлөөлөн оролцож шашин хоорондын эв нэгдэл, энх тайван, аюулгүй байдал, цаг үеийн асуудлаар үг айлдвараа айлдсаар байгаа билээ.
Тэрээр шашин соёл, уламжлалын тухай сургаал айлдвараа  Монгол орны өнцөг булан бүрт, цаашлаад дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт түмэндээ алжаал ядралыг ум мартан биечлэн зорин хүрч тасралтгүй хүргэсээр ирсэн. 
Мөн БСШУЯамны харьяа "Багш хөгжлийн төв"-төй хамтарч ихэнх ерөнхий боловсролын сургуулийн багш нарт бурханы шашны уламжлал, Монгол хүний хэв шинжийн талаар яриа таниулгыг хүргэсэн бөгөөд Монгол хүний хэв шинж, төлөвшил, ёс суртахууны талаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах саналыг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад холбогдох газруудад хүргүүлж байлаа. 
 
"Бурхан багшийн их дүйчэн өдөр"-ийг албан ёсны баяр амралтын өдөр болгон хуульчуулах саналыг сүсэгтэн олноос тухайн үеийн төрийн түшээдэд дэвшүүлсэн бөгөөд энэхүү саналыг Монголын Улсын Их Хурлаас дэмжин 2019 оны 12 сарын 20-нд  ёсоор болгон хуульлан баталсан. Уг хуулийг батлуулахад Хамба номун хан Д.Чойжамцын үүрэг оролцоо, нэр нөлөө их байсан. 
 
Тэрбээр Монголын шашин соёлын үнэт өв болсон хүрээ цам олон жил алсран тасарсан байсныг  тус хийдийн ахмад лам Данзан, Сэрээтэр нар дахин дэглэн сэргээх санал гаргасанд  бахархан хүлээн авч тууштай дэмжин тэтгэж, 1999 онд цамаа гаргасан. Энэ хоёр ахмад эрдэмт хуврагийн ачаар , залгуулсан уламжлалаар тус хийд эдүгээ жил бүр хүрээ цамаа ном ёсны дагуу өргөн дэлгэр гаргасаар байна.
 
Хамба номун хан Д.Чойжамцын шашин номын үйл хэргийн төлөөх чин зүтгэлийг Монголын төр засгаас үнэлж 2006 онд "Соёлын гавъяат зүтгэлтэн" цол, 2013 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан юм. Мөн олон улсын энх тайван, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлст гаргасан гавъяаг үнэлж 2015 онд Камбожийн эзэн хаан 2-р одонгоороо шагнаж байсан билээ. 
Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны 09 –р сарын 29 –ны өдрийн 01 тогтоолоор Өндөр гэгээний үеээс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, МБШТГандантэгчэнлин хийдийн шашинд үүтгэсэн цаглашгүй гавьяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт “Хамба номун хан “ цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон болно. 
 
Тус тогтоолыг дэмжиж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 06 дугаар сарын 14 –ний өдөр зарлиг буулган МБШТГандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан билээ.
 
Энэ нь МБШТөв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн Тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал болсонд баярлан талархаж, сүсэглэн биширч хүлээн авсан буюу.
Энэхүү аврал ачит Хамба номун хан таны өгүүлж барашгүй, санаанд багтамгүй  намтар зохиол, үйлс бүтээлээс өчүүхэн төдий дурьдснаар миний сүсгийн санаа машид арвидсныг өгүүлэх хэрэг юун. Хүндэтгэн биширмүй. Ийн хэмээн Их бүтээлч Лховраг бээр: 
“Аяа төрөлт амьтдын амгалан жаргалан 
Арвидах хомсдох нь та ямагтаас шалтгаална
Эгнэгт иймийн тул эцсийн галвыг хүртэл 
Эрхэм насны хутгийг эрхшээн залрагтун” хэмээн зарлигласан мэт Ялгуулсны шашны наран гийсэн номын зүгт оюуны амыг нээсэн шавь, сүсэгтэн олны амгалан жаргалан таны өлмийн лянхуа батдах, үйлс бүтээл дэлгэрэх ямагтаас шалтгаална. Магад утганд урвалтгүй очирын лагшингийн мөн  чанар мэт авч сэтгэлчлэнгийн чандмань лагшингийн насны тотгор саад бүгд чухам амарлиад алжаах, чилэх ёсыг өчүүхэн үл үзүүлээд: Ийн хэмээн : 
“Зөөлөн итгэлтийн номын ёс, цог төгс бурханы 
Зөв нирвааныг үзүүлсэн үзэсгэлэнт сайн байшинд 
Өнөд судар тарнийн номлол бүтээлийн дуазыг 
Өндөрт босгон зуун галавт залран соёрх” хэмээн зарлигласан мэт аврал итгэлт таны өлмийн лянхуа очир мэт батдаад өнө удаан оршин, хатуу хэцүү цөвүүн цагийн амьтдын алмай мунхагийн харанхуйг ашид гийгүүлэн, шашныг бадруулан, яруу алдрын дуазыг өндрөөс өндөрт өргөөд улирах зуун галавыг хүртэл заларсугай. 
Болгоогтун, болгоогтун, болгоогтун 
Аврал дээд таны  цаглашгүй ачийг дурдан санаад бат оршихын тухайд мандал, лагшин зарлиг тааллын шүтээн хийгээд элдэв тахил, дээд эдийн зүйлсийг буцалтгүй сүжгийн үүднээс өргөмүй. Мөн гурван цагийн буяныг Самандабадрагийн тахилын үүлс хийгээд баясгалангийн цэцэрлэгт хувилган зориулмуй. Амьтны  буянг нэмэхийн тулд таалан болгоомуй. 
 
Аврал бүгдийн ачит язгуурын багш Богд Жэвзүндамба хутагт түргэн заларч, өлмий нь өнөд батжиж, шашин амьтны тусыг хэмжиж барашгүйгээр зохиохын төлөөнөө Хамба номун хан таньд Шашныг мандуулагч Богд Жэвзүндамба хутагтын шашин номын үйл хэргийг тэргүүлэгч Хамба номун ханы мөнгөн тамгыг өргөн соёрхов.
Хамба номун хан таны шашин номын агуу үйлс огтын саад тотгоргүй, үргэлжид  ая зөнгөөрөө дэлгэрч байхын үлэмж их ерөөлийг талбия. 
Шавь сүсэгтэн үнэн амгаланг эрж, бодийн шимийг хүртэл сонсох, санах, бясалгахын эрдмийг эцэст нь хүргээд охь дээд номыг хурыг буулган сайн оюуны хөрөнгийг тэтгэн боловсруулах болтугай. 
Соёрхогтун, соёрхогтун, соёрхогтун 
Тус амгаланг гарахын гагц орон авралт бурханы шашин арван зүгтээ ариунаар дэлгэрч, өлзий хутаг үүрд орших болтугай. 
Өршөөгтүн, өршөөгтүн, өршөөгтүн
Шавь сүсэгтэн олноос зүрхний угаас өргөсөн айлтгалыг соёрхон таалагтун.
 
Билгийн тооллын 17-р жарны шороон үхэр жилийн намрын тэргүүн сарын шинийн дөрвөн, аргын тооллын 2021 оны 8-р сарын 12-ны өдөр
 
 
Ум сайн амгалан болтугай
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen