Коронавирусийн эсрэг хуулийн хугацааг сунгаж, НДШ төлөгчийг торгохгүй, алдангиас чөлөөлөхөөр боллоо

 Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020 оны сүүлчийн өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн гэв.

 

    Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа. Цар тахлаас үүдсэн хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсэн аж ахуйн нэгжүүдийг эл хуулийн үйлчлэлд хамруулахгүй байх санал нь тусгагдсан эсэхийг лавласан. 2020 оны 11, 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тайланг үнэн зөвөөр мэдүүлсэн ч төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн үйл ажиллагаа нь доголдсон эсэхээр аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах нь зохисгүй хэмээн үзсэн тул бүх байгууллага хамруулахаар зохицуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, төслийг танилцуулж байхад 10 аж ахуйн нэгжийг хамруулан 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн гэж байсныг дурдаад байгууллагуудаас энэ төрлийн хүсэлт ирүүлсэн эсэхийг тодрууллаа. Дээрх төрлийн зохицуулалт бүхий хууль өмнө нь 2020 оны 4 дүгээр сард батлагдахдаа 2 болон 3 дугаар сарын тайланд үндэслэн хэрэгжсэн. Ингэснээр 6.1 мянган байгууллага 13.9 тэрбум төгрөгийн алданги, торгуулиас чөлөөлөгдсөн. Мөн 4-10 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн бол 10.01-ний өдрөөс тэтгэврийн шимтгэл төлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүд бүрэн чөлөөлөгдсөн болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд тэтгэврийн шимтгэл 8.5 хувиар төлөгдөх бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүдээс бүрэн чөлөөлөгдөх юм байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хуулийн үйлчлэлийн хугацаанд холбогдох дүн шинжилгээ хийж, дээрх тооцооллыг гаргасан байна.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 2 дугаар зүйлийг хасах уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.7 нь дэмжив. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцож, 72.5 хувь нь буюу 50 гишүүн дэмжсэнээр хууль батлагдав.

    

  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

    Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн байна. Б.Баттөмөр гишүүний танилцуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Дамдинням, Ц.Туваан, Б.Жавхлан нар асуулт асууж, Шадар сайд болон Сангийн сайдаас хариулт, мэдээлэл авав. 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцов. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 50 гишүүн төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, дээрх хуулийг баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.  

 

Ийнхүү коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин 6 сараар сунгалаа. Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль баталлаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх хууль баталлаа. Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо.

    Мөн 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 07-р сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон.

   Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авсны үр дүнд ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна.

   Банкны зээлийн хүү, валютын хадгаламжийн хүү, дундаж хүүгийн зардал буурч, үүнтэй уялдан бодлогын хүү ч мөн 6 хувь болж буурсан. Ингэснээр ирэх 2021 онд зээлийн хүү 1 оронтой тоонд орох нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл