“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна

“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна

 

Хувьцаа эзэмшигчдийн дунд үүсээд буй маргааны улмаас “Rio Tinto” компанийн Монголын говьд хэрэгжүүлж буй зэсийн томоохон төсөл энэ долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд байна.

“Оюу толгой” нь “Rio Tinto” компанийн хамгийн ач холбогдол бүхий төсөл юм. Англи-Австралийн тус компани нь жилд 550 мянган тонн зэс олборлох далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд 5.3 тэрбум ам.долларыг зориулсан юм.

Энэхүү төсөл дуусах үед “Оюу толгой” нь дэлхийн гурав дахь том зэсийн эх үүсвэр болох аж. Гэсэн хэдий ч уг төсөлд техникийн асуудлууд тулгарч, 2022 он хүртэл тогтвортой олборлолт хийх боломжгүй төлөвтэй байна. Ногоон эрчим хүчний хувьсгал эрчээ авч буй энэ үед үйлдвэрлэлийн металийн эрэлт улам бүр өсөн нэмэгдсээр байна.

“Rio Tinto” компани энэхүү төслийг удирддаг хэдий ч шууд хувьцаа эзэмшдэггүй юм. “Оюу толгой”-н 66 хувийг “Turquoise Hill Resources” компани, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг билээ.

“Rio Tinto” компанийн хувьд Торонто хотод бүртгэлтэй “Turquoise Hill” компанийн 50.8 хувийг эзэмшдэг бөгөөд тус компанийн зах зээлийн үнэ цэнэ өнгөрсөн онд 2.9 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Мягмар гарагт Канадад болох жил тутмын хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр “SailingStone” фирм “Turquoise Hill” компанийн бие даасан дөрвөн захирлыг дахин сонгохын эсрэг төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэдгээр захирлыг “Rio Tinto” компани сонгосон бөгөөд тэд бүх хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулахгүй байна гэж “SailingStone” үзэж байгаа ажээ.

“Таван жил хамтран ажилласны дүнд тэд бидний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа гэдэгт бид итгэхгүй байна” гэж “Turquoise Hill” компанийн 10.9 хувийн хувьцаа эзэмшдэг “SailingStone” фирм мэдэгдсэн байна.

Хувьцаа эзэмшигчдийн цөөнх бие даасан нэг захирлыг зөвлөлд томилох эрхтэй болохыг тус фирм хүсэж байгаа ажээ. “Rio Tinto” компани 50.8 хувийн хувьцааг эзэмшдэг боловч 100 хувийг эзэмшдэг эзэмшигч мэт шийдвэр гаргаж байгаа аж.  

Гадаадын компаниуд байгалийн баялагийг нь ашиглах асуудлыг эмзгээр хүлээж авдаг Монгол Улсад Оюу толгойн асуудлыг шалгаж буй энэ үед “Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалт болж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Эх сурвалж: Монцамэ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen