Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа хамтран хэрэгжүүлнэ

 Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа нийтэд танилцууллаа.

     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгосон энэхүү ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗГХЭГ-ын дэд дарга Орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, “Ачит Ихт” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал, “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар тэргүүтэй бусад албаныхан оролцлоо.

     Орхон аймаг 2019 оны бүтээн байгуулалтын ажлаа улсын болон орон нутгийн төсвийн 61,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд хотын хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой томоохон ажлууд төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын 17 ажил хийгдэхээс “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөл, гэр хорооллын оршин суугчдын цахилгаан хангамжийг шийдвэрлэх, 5 байршилд баригдах хүүхдийн цэцэрлэг, хог боловсруулах үйлдвэр, залуучуудын ордон, өрхийн эрүүл мэндийн төв, гэрэлтүүлэг чимэглэлд эрс өөрчлөлт хийх шуурхай удирдлагын төв, 38 байршлын амралт чөлөөт цагийн талбай, 6.9 км хатуу хучилттай авто зам, 11.8 км сайжруулсан шороон зам, 2.1 км үерийн суваг, 7.2 км инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг онцоллоо. Мөн энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймагтай хамтран орчин үеийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулахаар болсныг танилцууллаа.

     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг сайжруулахын төлөө бид хичээн ажиллаж, хөгжлийн төлөө их зүйл хийх болно. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалтын ажлуудаа эхэллээ. Том ажил. Сайхан ажил. Сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж, хамтран зүтгэцгээе. Эрдэнэтийн уурхайчдын яруу алдар мандан бадраг” хэмээсэн.

   

      

      

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen