Зэс боловсруулах үйлдвэртэй болох амбицаа Засгийн газар эргэн саналаа

Зэс боловсруулах үйлдвэртэй болох амбицаа Засгийн газар эргэн саналаа

 

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Өмнөговийн Ханбогд суманд баригдах  зэс боловсруулах үйлдвэрийн газрыг шийдэж,  466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо.  Энэ бол зэс боловсруулах үйлдвэр барихтай холбоотой гаргаж байгаа Засгийн  хоёр дахь шийдвэр.

Монгол юугаар баян, зэсээр баян.  Ийм болохоор өөртөө зэс боловсруулах үйлдвэрэй болох амбиц мэдээж  хэрэг байдаг.

Зэс боловсруулах үйлдвэр барих шийдвэр гараад удаж байгаа. Тодруулбал, 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан.  Хаа холын Ханбогд суманд  энэ үйлдвэрийг барих болсон нь мэдээж хэрэг Оюутолгойн уурхайгаа түшиглэсэн хэрэг. Түүнээс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар гуравдагч этгээдтэй зэс хайлуулах үйлдвэр баривал зэсийн баяжмалаа ямар ч саадгүй нийлүүлнэ гэсэн заалт /3.21 заалт/ байгаа юм.

Энэхүү зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байв.  Ингэхдээ  тус  үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн   чиглэлтэй байсан.

Анх энэ үйлдвэр Бор-Өндөрт гэж төлөвлөгдөж байсан нь бас бий.  Гэхдээ Оюутолгойн зэс алтны ордны 100 гаруй жил ашиглах нөөцөд түшиглэх зүйтэй гэж үзсэн нь аль ч талаас нь харсан зөв шийдэл байх.  Учир нь Оюутолгойн далд уурхай 2022 оноос ашиглалтад орж эхлэхэд жилдээ 1.5-1.8 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоо бий.

Энэ үйлдвэрийн  төслийн менежер Х.Владимир 2017 оны 6 дугаар сард  “Зэс хайлуулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулахад 258 мянган тонн катодын зэс, 6 тонн цэвэр алт, 60 тонн мөнгө, бусад газрын ховор элементийг ялгаж авах бүрэн боломжтой” хэмээн мэдэгдэж байсан.   Эндээс ийм үйлдвэртэй болчихвол эдийн засгийн ямар их үр өгөөжтэй байхыг анзаарч болмоор. 

Улсынхаа эдийн засгийг тэтгэх сайхан үйлдвэртэй болохыг зорьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ монголчуудын хувьд хөрөнгө мөнгөний асуудал гэж айхтар бэрхшээл бий.  Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох,  хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг  тухайн үеийн салбар хариуцсан сайд  Ц.Дашдоржид даалгасан байдаг ч харин хэрхсэн нь тодорхойгүй.  

Боловсруулах үйлдвэрийн  10 хувийг Засгийн газар ямар нэгэн зардал гаргахгүйгээр эзэмших учир үлдсэн 90 хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийж, хөрөнгө оруулалтаа шийднэ гэсэн чиглэл бий.

Хөрөнгө босгох хоёр хувилбар яригдаж байсан билээ. Ажил хариуцсан хүмүүсийн ярьж байснаар бол “Төслийн өөрийнх бодит өгөөжийг үндэслэн банк санхүүгийн байгууллагаас 30 хувийг зээлэх. Үлдсэн эх үүсвэрийг хөрөнгө оруулалтын сан, бирж дээр төслөө танилцуулж хөрөнгө оруулалт татах чиглэлийн ажлыг хийж байна. Энэ ондоо багтаж хөрөнгө оруулагч нартай тохиролцож гэрээ хэлэлцээр хийнэ” гэж байсан юм даг.  Энэ яриа  бол 2017 оны зургадугаар сарын  явдал.  Түүнээс хойш жил гаруй  хугацаа өнгөрөөд байгаа ч  мөнөөх хөрөнгө оруулагчдын тухай мэдээлэл хомс ховор  байна.

Тухайн үед дэлхийн 10 гаруй томоохон зэс үйлдвэрлэгчдэд төслөө танилцуулж, урьдчилсан байдлаар саналаа хүргүүлснээс 4-5 компаниас хөрөнгө оруулах санал ирсэн. Хонг Конгийн хөрөнгийн биржийн сангуудаас санал ирж байгаа гэсэн мэдээлэл  байв.

Ингээд чимээ алдарсан үйлдвэрийн сураг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дахин сөхөгдлөө.  Газартай болчихлоо. Ямартай ч мартагдаагүй л байгаа юм байна.  

 

 

М.Нэргүй 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen