Хайртдаа илгээж чадаагүй танкчины захиа

1941 оны аравдугаар сарын 25.
Сайн сууж байна уу, хайрт Варя минь!
Үгүй ээ, бид дахин уулзахгүй нь. Өчигдөр үд дунд бид дахин нэг Гитлерийн цувааг цохилоо. Фашистуудын сум хуягны хажуу талаас нэвтэлж дотор талд дэлбэрсэн. Намайг танкаа ой руу оруулж байх хооронд Василий өнгөрлөө. Миний шарх нэлээд хүнд.
Би Василий Орловыг хусан төгөлд оршууллаа. Тэнд илүү гэгээтэй юм. Василий маань надад ганц ч үг хэлж чадсангүй, үзэсгэлэнт Зоядаа, багваахай цэцгийн ноолуур шиг цагаахан үстэй Машенкадаа юу ч дамжуулсангүй өнгөрчихлөө.
Ингээд би гурван танкчнаас ганцаараа үлдлээ дээ. Харанхуй болоход ой руу орлоо. Их цус алдсанаас шөнийг хэцүүхэн өнгөрөөв.
Одоо өвчин бүх цээжийг минь шатааж, зүрхэн дээрээс аажмаар дарж байх шиг.
Бид юу ч хийж амжаагүй нь харамсалтай. Гэхдээ чадах бүхнээ хийсэн ч юм шиг.
Манай тариан талбай, ой шугуйд минь нэвтрэх учиргүй дайснуудтай нөхөд минь тулалдсаар.
Чамайг байгаагүй бол би ингэж амьдрахгүй байсан байх, Варя минь. Халхын голд ч, энд ч, чи минь үргэлж надад тусалсаар ирсэн.
Магадгүй, дурласан болгон ингэдэг байх. Баярлалаа чамдаа, хайрт минь!
Хүмүүс өтөлдөг ч тэнгэр яг л чиний минь нүд шиг мөнхийн залуу хэвээр үлддэг. Тэр хэзээ ч хөгширдөггүй, өнгөө алддаггүй.
Цаг хугацаа өнгөрч, хүмүүсийн шарх эдгэрч, шинэ хот суурин баригдан, шинэ цэцэрлэг байгуулна.
Шинэ амьдрал эхлэж, шинэ дуу дуулцгаана. Гэхдээ бидний тухай, гурван танкчны тухай дууг битгий мартаарай.
Чи хөөрхөн хүүхдүүдтэй болж, шинэ дурлалтай учирна.
Харин би чинийхээ их хайрыг хадгалсаар, чамаасаа салан одож байгаадаа баяртай байна.
Чиний Иван Колосов.
1941 оны аравдугаар сард Вязьмагийн ойролцоох ойгоос гарах гэж яваад нэгэн танкын экипажийнхан бүгд амь үрэгдсэн байна. Дахин уулзахгүйгээ мэдсэн бага дэслэгч Иван Колосов хайрт бүсгүй Варядаа захиа бичжээ.
Гэвч танкыг 25 жилийн дараа ойгоос олсон юм.
Танканд нэвтрэхэд механикч-жолоочийн суудал дээрээс бага дэслэгчийн эд зүйлс олджээ. Тэнд нэг сумтай гар буу, газрын зурагтай цүнх олдсон ба цүнхнээс хайртай бүсгүйнх нь гэрэл зураг, илгээж амжаагүй захиа гарсан юм.
Хайртай бүсгүй Варвара Журавлева нь уг захиаг 25 жилийн дараа хүлээж авсан гэдэг.
Эх сурвалж: Adme.Ru
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen