НЯМБУУГИЙН НЯМДОРЖ БОЛ УГААСАА БИШ... /шинжлэлт эсээ/

НЯМБУУГИЙН НЯМДОРЖ БОЛ УГААСАА БИШ... /шинжлэлт эсээ/

 

ОДОО БИ НЯМДОРЖ
ОРОЙХОН ЧИНИЙ НУЛИМС 
ХОЙТОН ӨДИЙД ЯС 
ХОРИН ЖИЛИЙН ДАРАА ЦЭЦЭГ 
Монгол хэлт яруу найргийн өв санд “үхлийн” тухай шүлэглэсэн цөөнгүй л бахдам жишээ бий. Харин дээрх шүлэг шиг дэндүү энгийнээр цаг хугацааг базаж чадсан нь үгүй. Бас жамыг энэ мэт дөрөвхөн мөрөнд жагсааж чадсан нь ховор. Анх л өнөөх алдарт “зуун зүрх тэмүүлээд ерэн ес нь шархалдаг” хайрын шүлгийг уншиж Нямбуугийн Нямдоржийн оюун санааны хаалгыг аяархан түлхэж, дуу алдан бахдан нэвтэрснээс хойш даруй гучин жилийн өдөр хоног, цаг хугацааны найлзуур модон ургаж цэцэглэжээ. Бид бүгд л одоохондоо Цэцгээ, Цэрмаа, Цэдэн, Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл, Даваасүрэнгийн Ган-Очир, Цэндийн Доржсэмбэ, харин оройхон хэн нэгний нулимс. Ах дүүс, амраг садан, анд нөхдийнхөө хэсэгхэн хугацааны харуусал. Нулимс хатна. Амьдрал цаашаагаа нулимсгүй хатуу, өршөөлгүй хуурай мэт санагдах өдрүүдээ дамнан үргэлжилнэ. Хэзээнээс л тийм байсан. Ирээдүйд ч тийм байна. 
Яруу найргийн чухам “үнэн” гэдэг зарим талаараа өөртэй нь үл тэнцэхүйц зүйлээс хамааралтай байдаг. Бидний төсөөлдөг үнэнийг оршихуйн жинлүүр дээр яруу найргийн эсрэг туухай болгож тавибал жин дараахааргүй байж мэднэ. Гэвч тэр л үнэн үгүй бол яруу найраг өөрөө ямар нэг байдлаар өнчин өрөөсөн зүйл. Элэг бүтэн байлгадаг гол чанаруудын нэг нь мэдээж яруу сайхны үнэн хэмээх гоо зүйн ухааны тулгуур ойлголт. Тэр л гоо сайхны үнэний шалгуур ойлголтоор бүгд оройхон НУЛИМС болно. Зүгээр л үхлийг нулимс гээд хэлчих санаа хүн бүхэнд төрсөн байж болох ч “ОДОО БИ НЯМДОРЖ, ОРОЙХОН ЧИНИЙ НУЛИМС” гэж Нямдоржоос өөр хэн ч хэлээгүйд л хамаг учир нь байгаа юм. Ерөөс яруу найргийн нууцлаг мөн чанар ч энд л оршиж байдгийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр Буамгартен анх “гоо зүйн” нэр зүйдээ үнэний тухай өгүүлсэн ч хожим метафизик шинжээрээ “яруу сайхны үнэн” олон шинжээрээ гоо зүй, философи асуудал биш урлагийн хүрээний “өрөөсөн гутал” байсан билээ. Тэгэхээр яруу найрагт жам ёсны “ҮНЭН” үгүй бол хэтэрхий зохимжгүй байж мэдэх метафор дүрслэлээр өнгө алагласан цэцэгт нуга дундуур өрөөсөн гуталтай гүйж яваатай адил юм. Даанч өнгөрсөн цагийн нийгэм- тогтолцооны үед хэтийдсэн үзэл суртал, лоозонгийн сүржин шүлгүүд давамгайлаад /одоо ч ялгаагүй, энд тэндхийн индэрийн сонгуульч шүлгүүдээс бишгүй л сонсдог/ Н.Нямдоржийн энэ мэт жам ёсны үнэний жинхэнэ дуу хоолой манай яруу найрагт давж сонсогдолгүй “өнгөрсөн” байсан тал бий. Одоо харин цаг ч өөр, үзэл ч өөр, яруу найраг ч өөр болж байгаа учир /уг нь ингэж боддог ч заримдаа эргэлзэх байдал сүүлийн үед их үүсэх болсон/ Н.Нямдоржийн шүлгүүдийн “ҮНЭН” илүүтэй ихээр тодорч харагдана. Олон хайран сайхан авьяас цагийн золионд нухлагдсан байж мэдэх ч төрөлхийн тийм халдашгүй шинжүүдээр өөрийгөө “илчилсээр” байсан жишээ цөөнгүй. Тухайлбал энэ жил 90 насны ойг нь тэмдэглэвэл зохих монгол яруу найргийн цаг үеийнхээ ”төрмөл төрх” Цэвэгмидийн Гайтав гэхэд л нам, жанжин туг, хувьсгаалч удирдагчдын талаар бишгүй зузаан найраглал олныг бичсэн ч: 
Дэргэд нь боссон байшингийн 
Дээвэр төмөр халуун байна. 
Дэргэд нь нойрссон өвгөдийн 
Дэрний чулуу бүлээн байна зэрэг “нухацтай” л мөр бадгуудыг ноттой шүлэглэсэн байдаг юм. Энэ л өнөөх “төрөлхийн халдашгүй шинжийн” яруу найраг дахь илрэл юм шүү дээ. Ийм төрөлхийн шинжийг нутаг усны хамаарал, найз нөхдийн холбоогоор яаж ч тордоод “өргөн дэвшүүлэх” аргагүй. Өнөөгийн зарим төрийн соёл урлагийн байгууллагын дарга удирдлагын бодоод байгаа шиг зохиолчийг бодлогоор төрүүлдэггүй, авьяасыг арын хаалгаар алдаршуулдаггүй юм. 
Харин цаг хугацаа бол яруу найрагт бодит тодорхой цагийг заахаас илүү бэлэгдлийн шинжтэй байдаг. Хойтон гэдэг нь 365 хоногийн дараах цагийг хэлж байгаа юм биш. 36500 хоногийн дараахыг ч зааж байж болно. Тиймээс “хойтон өдийд яс” гэдэг нь жилийн дараа болох биологийн үйл явцыг хэлж байгаа юм биш. Ерөөсөө амьд организм бүхний үхлийн эцэст үлдээх ямар нэгэн ул мөрийг илэрхийлж байгаа юм. Яруу найрагчийн үзлээр тодорхой цагийн дараа яс, тэгээд бүр тодорхой бус цагийн дараа цэцэг. “Хорин жилийн дараа цэцэг” гэдэг нь баримжаалан авч байгаа цаг хугацаа гэдгийг ойлгоно биз. Түүнээс бус цаг хугацааны эцэст заавал ч цэцэг болох албагүй. Тодорхой бус цагийн дараа та бид халгай, эсвэл хамба шарилж ч болж болно. Гэхдээ л ямар нэгэн зүйл болж төрнө. Дээрх шүлэгт энэ санаа ямар нууцлагдмал оршиж байгааг хэлэх ч юм биш. 
ХХ зууны хамгийн “гэгээн”/энд ариун хэмээх санаа давхар буй/ яруу найрагчдын нэг Нямбуугийн Нямдоржийн сонгодог мөрүүдээ дахиад нэг уншаад үз. 
ОДОО БИ НЯМДОРЖ 
Энэ цагт бүгдээрээ хэн нэгэн. Амьдарч, ноцтой гэм нүгэл хийгээгүй атлаа бие биенээ муу хэлж, яруу найргийг хаа хүрэхгүй нь мэдэгдэхгүй зүйлийн гишгүүр гэж ойлгож, нэг их гоё торгон зангиа зүүгээд МОНГОЛЫН төлөө хэмээн худлаа хөөрцөглөж, хар тамхи хил дамнуулан нууцаар зөөгөөд баригдаж, уулнаас суга татаад гудманд эгнүүлэн суулгасан модод стрессээр ”нүд аних”-ыг харж, сайн муу элдвийг хийж бүтээж яваа хэн нэгэн. Одоо би Батхуяг, одоо би Баяраа, одоо би Энхболдбаатар, одоо би Бавуудорж. Гэвч...
ОРОЙХОН ЧИНИЙ НУЛИМС 
Чухам хэн ч явлаа гэсэн оройхон бид бүгдээрээ нулимс. Нулимсны философи болох цагт албан тушаал, алдар нэр, ашиг хонжоо юу ч хэрэггүй зүгээр л нулимс. Тэгээд ч Н.Нямдорж абугай шиг ингэж ухаараад ингээд биччихнэ гэдэг нь хүссэн бүгдийн хүрдэг өндөр биш. Францын нэгэн яруу найрагчийн “ЖАЗЗ ГУДАМНААС ЭГШИГЛЭЖ БАЙНА. ДААНЧ ХҮН БҮХЭН ҮЛ СОНСОНО” хэмээх шүлэг шиг оройхон НУЛИМС болно гэдгээ ухаарч амжилгүй, “сонсож амжилгүй” үгүй бол ухаарахгүй хувьгүй урд хойноо орох гээд уралдаж тэмцэлдэж явна. Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдорж, Ухнаагийн Хүрэлсүх, Халтмаагийн Баттулга, Нацагийн Жанцанноров, Норовын Алтанхуяг, Дамдинсүрэнгийн Урианхай, Найдангийн Түвшинбаяр хэн байх нь чухал биш. Оройхон цөмөөрөө НУЛИМС болмуй. Тэгээд...
ХОЙТОН ӨДИЙД ЯС
Орчин үед заримаас минь яс ч үлдэхгүй байж мэднэ. Үнс тортог, утаа униар болоод л “Улаанбаатар-Буян” компаний өндөр яндангаас уугиж мэднэ. Хэний ч тойрохгүй жам. Тойрч магадгүй гэж найдаад толгод бүхнийг ухаж, тоосго бүхнийг өрж яваа заримуудын маань ч буруу биш. Амьдрал “гэнэн” нүдэнд ухаад уутлаад, хураагаад хуримтлуулаад байвал НУЛИМС-ҮХЭЛ, ЖАМ- ЯС, ҮЙЛ-ҮНЭН хэдээс нуугдаж болох мэт харагддаг байж болох юм. Даанч хүүхэд багачуулын ярьдгаар “горьдсоны гарз” билээ. Яс болох жамыг дайрахгүй юм шиг явуургүй шунал, яргачны хүсэл, ямбатны мансуурал, “янхан” явдал, ярдаг зангаасаа салцгаая. Энэ л хамгаас чухал санааг Н.Нямдоржийн эгэл атлаа “энгүй” ухаантай шүлгээс олж харцгаая. Чадвал...
ХОРИН ЖИЛИЙН ДАРАА ЦЭЦЭГ 
Сургаал яруу найргийн “ил цагаан” хэлбэр байсан цагийг бид мэднэ. Сургаалийн яруу найраг хэмээн судар номын мэргэд тодорхойлсон явдал ч бий. Авууштай нь ХХ зуунд яруу найргийн “ил цагаан” сургаалт чанар нь огт өөр түвшинд хүрсэн юм. Нэг үгээр “аав ээжээ асран хүндэл” гэдэг байдаг л аж төрлийн сургаал нь “хорин жилийн дараа цэцэг” болж гайхалтай өөрчлөгдсөнд л хамаг учир байна. Товчхондоо “хорин жилийн дараа цэцэг” гэх нь сургаал юм. Гайхаж эргэлзэж байна уу? Би ч гэсэн адил. 
Учир нь яруу найргийг “аав ээжээ асран хүндэл” гэх хэмжээнд ойлгож хүлээж авдаг хэсэгт ”хорин жилийн дараа цэцэг” сургаал номлол юм гэж яаж ч бодоод ухаан санаанд нь багтахгүй байгаа. Яруу найргийн сонгодог мөн чанарыг Нямбуугийн Нямдоржийн хүрсэн түвшинд “барьж тэмтэрч” мэдрэх үнэхээр хэцүү. 
Угаасаа биш.., гэж үгүйсгэхийг мэдэрнэ.
Угаасаа бид бүгдээрээ цэцэг болдоггүй.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2019-06-10. ЗҮҮН САЛАА, ЗҮРХ УУЛ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen