Айлын ТОМ

 

Сүүлийн өдрүүдэд ажил их, ээжийнхээр орох завдалгүй л тууна. "Хүүе хүү минь хүрээд ир, ярих зүйл байна" гээд ээж минь залгаастай. Нэг өдөр арай эрт дууссаных ажлаа тараад очив. Бие гайгүй юу гэж асуухад зөрүүлээд л "Би яах вэ. Чи Болороогийнхоо хөөцөлдөөд буй ажлыг нь нэг шалавлах арга байна уу, Батаа ойрдоо нэг л биш. Чи нэг яасныг нь мэдээдэх. Баяраа бас авгай хүүхэдтэйгээ тар тур хийсэн. Нөгөө юмаа хүртээд байгаа бололтой. Баярмаа удахгүй төрлөө. Гэр орон нь хоол ундтай байна уу" гээд л урсгаж өглөө. Ээлжит миний гэрийн даалгавар эхэлж буй нь энэ..
Ингээд л ээжээсээ даалгавраа аваад шуударлаа даа.
Би айлын том 4 эрэгтэй, 4 эмэгтэй дүүтэй хүн. Багад нь нэгнийх нь даалгаврыг хийлгэнгээ нөгөөдөхөд нь бантанг нь идүүлж, бас суултууранд нь залруулж, үлдсэнийг нь хуурайлж гэмээн айлын том эрэгтэй хүүхэд байж мянган чавганцын ажлыг хийсээр байгаад дунд сургуулиа дүүргэж, Орос руу сурахаар мордсон доо. Тэнд сурах, наймаа хоёрыг хослуулан байж хэдэн бор юмаа ээж аавдаа дүү нартаа явуулдагсан. Араасаа лан лангаар ачаанд түүртсэн надад харин сайн хань заяажээ. Айлын бага охин. Олон дүүтэй хүн гэдгийг мэдсээр байж гэрлэсэн. Хааяа халамжтай шүү гээд үнсдэгт нь хичнээн баярладаг гээч. Нэг өдөр хань минь "Чи халамжтай халамжтай гэхэд заримдаа дэндүү бас ичмээр. Гадны хүн байхад нойлд жаахан удахаар ханиа зүгээр үү гээд жорлонгийн хаалга тогшоод зогсдогоо больчихвол яасийн" гээд загнуулчихсаан. Яахав дээ би санаа зовоод удаад байна уу гээд бодохоор хэзээний хаалганд ирчихсэн нүдээд зогсож байдаг байхгүй юу.
Гэхдээ миний хайр дүү нарт минь их сайн. Азтай золигнууд бас нэг анайтай болчихож байгаа юм даа...
Өнгөрсөн хавар олгойн мэс засал хийлгэхээр түргэнээр эмнэлэгт очвоо. Хагалгааны дараа хань минь хажууд буй. Харц яагаад ч юм хэдэн дүү нараа хайгаад. Эхнэр "Хөнгөн хагалгаа болохоор ээж дүү нарт хэлээгүй" гэхэд нь уур ёстой дүрсхийв. Утсаа шүүрч аваад ээж рүү залгаад "БИ энд үхэж байна мэдэв үү" гээд хэлээд тасалчихав.
Xopиод минут өнгөрсний дараа манай арми цувж байнаа. Эхлээд ээж дүү нар, хүргэн бэрүүд гээд бөөндлөө. Бүгд л яасан ийсэн, яаж байна, юу хэрэгтэй гээд л.
Би яахав өндийгөөд суучихсан өрвийсөн нэг юм "Та нарыг мэдээгүй байхад л ингээд мажийчих юм байна л даа. Мажийсан хойно нь ирэхгүй яасан" гээд барлагаа загнасан ноён адил таахалзаад л..
Эмнэлэгт тав зургаа хоносон.
Эргэлт гэж бялхам, тасаг гэж дэлгүүр болчихлоо.
Хажуугийн орны залуу харин "Та их сайхан буянтай ах юмаа. Ийм сайхан олон дүү нартай. Танд үнэхээр атаархлаа" гээд эр хүн байж уйллаа. Эвий дээ бас дөрвөн дүүтэй ажээ. Харамсалтай нь хол хөндий санж. Жилдээ бараг уулзалдах нь ховор. Уулзсан ч элэг нэг улс мөн үү гэмээр хоосон хөндий улсууд байдгаа хуучиллаа. Тэр залууг өрөвдлөө...
Тэгэхгүй яадгийн бөгсийг нь арчиж бантангийг нь халбагадаж өсгөсөн юм чинь би гээд цээжээ түнхийлгэж байгаад нээх сайхан таахалзав аа. Залуу инээмсэглэж харагдав.
Эмнэлгээс гарлаа. Оёо ч сaйхан эдгэрлээ. Дүү нар ирж нэгэн оройг сайхан өнгөрүүлэв...
Маргааш орой нь утас дуугарав. Цагдаагийн газраас бага дүүгийн нэрийг хэлээд хамтраад зодоон хийсэн байна гэв.
Уур дүрс, улангассан амьтан цагдаагийн газар луу харайв aa. Байцаагчтай нь ярилцав.
"Ах нь юм байна танд дүүгийг чинь өгөөд явуулъя. Харин дуудсан цагт бэлэн байгаарай" гэв. Гарын үсэг зурмар болчихоод нөгөө золигоо хүлээв. Өрвийсөн юм байцаагчийн өрөөнд ороод ирлээ. Байцаагчийн хэлсэн үгэнд баахан ойлгосон дүр үзүүлж толгой дохин харагдана. Миний гарын алга, ам хоёр тэсээд л хүлээгээд байв. Тэгсэн яасан шурд гээд гүйгээд гараад явчихваа. Дүүгийн чинь эд юмс гээд байцаагчийн өгсөн юмыг базаад барьчихсан би бас араас нь харайлгав. Үүдэн дээрээс нь өнөөх сүрхий гараа алдчихав. Гялс мялс бараа сураггүй болов оо.
Яарсандаа утсаа шүүрээд утас руу нь залгав. Жижиг торон дотор утас нь дуугарч байнаа. Авлаа, харлаа.
Тэгсэн намайг утсан дээрээ. АСААЛТТАЙ ТАНК гээд дугаарыг маань хадгалчихсан байгаа юм даа. Нилээн удаан дуудлагыг харж зогсонгоо ганцаараа инээчихвээ...
"Эвий дээ миний дүү.
Бусдын дүү нар будант хорвоод нэгэн хэвлийгээс унаснаа мартасхийн амьдарч байхад миний дүү нар мундаг юм аа. Бүр айгаад зугтчихлаа шүү дээ. Бас агаагаа асаалттай танк гэж боддог юм байна.
Ах нь амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөж байвал дүү нарынхаа ард аcаалттай танк, өмнө нь бамбай бололгүй яах вэ
Болох болохгүйд аавыгаа орлосон ах нь байх миний үүрэг шүү дээ. Эвий дүү нарыг минь энх мэнд түшиж, аз жаргалтай заяа тэгш л байвал ах нь баярланаа" хэмээн бодоод алхтал хацар нойтон дусалд гэнэт хайрагдсан нь бахдал бардал омогшлын нулимс байлаа...
За бүрий болжээ. Ойрын дэлгүүрээс ээждээ дуртай нарийн боов сүүг нь аваад очъё доо. Сүүлийн гэрийн даалгавраас хойш овоо удчихлаа хэмээн бодон тэнгэр өөдөө харaв.
Жaргах наран надад "ЖАРГАНА АА АХ МИНЬ. ТА ЖАРГАНА. ААВЫН ТАНЬ ҮНЭР ЗӨВХӨН ТАНИАС Л ҮНЭРТДЭГ" хэмээгээд жуумагнаж шоолонгуй уулсын цаагуур түрхэн жаргаж буй нь тодоос тод мэлмийд буулаа.
С.Амина
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen