ЯМААГАА УЛ БООВООР ДАЙЛЖ, ОХИД НЬ БАРААШИГТАА СОГТСОН БИТҮҮНИЙ ӨДӨР

ЯМААГАА УЛ БООВООР ДАЙЛЖ, ОХИД НЬ БАРААШИГТАА СОГТСОН БИТҮҮНИЙ ӨДӨР

 

Шиний нэгний өглөө ойртох тусам сэтгэлд нуугдаж үлдсэн бага насны дурсамж сэмэрч, холын холд одсон ээжийгээ санан гэгэлздэг юм. Ээжийтэйгээ угтдаг байсан шинийн нэгний өглөөний нар, гал дээр даргилан буцлах цайны үнэр, сар, жил өнгөрөх тусам улам бүр тод санагдахыг яана.

Манайх аймгийн төвд амьдардаг, цөөн малтай, хэдэн ямаагаа дөрвөн охин шигээ эрхлүүлдэг айл байлаа. Аав, ээж хоёр маань ёсорхуу ч гэж жигтэйхэн, цагаан сарын бэлтгэлээ бүр эртнээс базааж эхэлнэ. Бэлэг сэлтээ цуглуулж, хоол ундаа бэлтгэн хөлгүй их ажил ундардагсан. Тэр жил аав, ээж хоёр их л аминчлан ярилцаж бараашиг исгэхээр болдог юм байна. Ээж урд орой нь уут дүүрэн элсэн чихэр, хатаасан алим, чавга авчирч, аав тогоо, тогоо ус буцалгаж 40-ийн бидон дүүрэн бараашиг эсгэхээр тавьлаа. Зуухны дэргэд тавьсан, битүү таглаатай том бидоныг дүү нар их л шохоорхоно. Хатаасан алим, чавга дүүрэн байгааг мэдэж байгаа болохоор тэр. Амттан дүүрэн тэр савыг хэзээ онгойлгохыг тэсч ядан хүлээж чихээ нааж сонсоно. Шир шир дуугарах чимээ, чихрийн хорхойтой хүүхдүүдийн сэтгэлийг байж ядтал татсаар хэд хонов.

Битүүний өглөө бүгд л ажилтай, хичээл сургуультай байсан болохоор ээж тавгийн идээгээ засах чихэр, ул боовоо оруулж тавиад ажилдаа явлаа. Дүү нар гэрээ цэвэрлэж би хичээл тарж ирээд цай чанах үүрэг хүлээв. Хичээл тараад гэртээ иртэл гэрийн хаалга дэлгээтэй. Гэрээр дүүрэн ямааны баас хөглөрч байх юм. Тавгийн ул боов энд тэнд хугарчихсан, эрх хөх ишиг орон дээр гараад хэвтчихсэн, хамаг юм ундуй сандуй… Ээж, аав хоёр ажлаасаа ирээгүй нь илт. Ээжийн орон дээр тухлах хөх ишгийг хөөж, хогоо шүүрдэж зогстол хоёр дүү хаалгаар багтаж ядан орж ирцгээлээ. “Томоо та ирсэн юм уу? Бид хоёр бараашигний чавга идсэн. Ёстой гоё. Нээрээ, ямаа ул боовонд их дуртай юм байна шүү. Сонин юмаа. Цагаан сар болох гэж байгааг манай хөх ишиг мэддэг юм байхдаа” хэмээн ээрч түгдрэх зургаан настай дүү маань удсан ч үгүй ор налаад унтаад өгөв. Найман настай дүү охин маань баяр ёслол болох гэж байгааг ч мэдэж байгаа ч шинж алга. Нүд нь байдгаараа сүүмийчихсэн, бага дүүг тэврэн дуу аялан тонголзох нь инээтэй.

Тэд бараашигны чавга түүж идсээр байгаад согтсон нь илт. Айлын том охин учраас ээж ааваас айж, ирэхээс нь өмнө гэрээ цэвэрлэж, цай чанаж тавих санаатай хэрэндээ л сандарлаа. Тогоон дээр бор цай чанаж байсан бололтой. Галаа түлж, цайгаа сүлтэл өнгө нь нэг л биш ээ. Сүү нэмээд л байдаг, цай маань цэхийсэн хөх өнгөтэй болчихоод болдоггүй. Аргаа бараад самарч үзтэл тогооны ёроолоос аавын тамхины төмөр хайрцаг цухуйдаг байгаа. Хамаг ул боовоо хугалчихсан, тавгийн чихрээ идэхийг нь идэж, тараахыг нь тараачихсан, гэрээ ч цэвэрлэж амжаагүй суутал ээж, аав хоёр давхиад ирлээ. Ээжийг уурлаж загнана гэж үнхэлцгээ хагартал айж билээ.

Харин ээж маань эрх охидуудынхаа тарьсан хэргийг харж, толгой сэгсэрч сууснаа үг дуугүй гараад явчихлаа. Удсан ч үгүй хайрцаг дүүрэн идэж уух юм, тавгийн боов чихэр барьсаар ирлээ. Харин гай дагуулсан өнөөх бараашгийг хэрэглэсэнгүй, муу усны нүх рүү асгаж, дахиж хэзээ ч манайх бараашиг исгээгүй юм даг. Орой нь ээж мааь өдөржин бараашигний чавга идэж, “тас үсэрсэн” гурван хүүхдээ өхөөрдөн харж сууснаа “Чихэр, хор хоёрыг ялгаж танихгүй балчир амьтад шүү дээ” хэмээн санаа алдаж байсан нь өнөөдөр ч нүдэнд харагдаж байна. Алдаа бүхнийг минь цайруулдаг аав, ээж хоёрыгоо сандаргасан энэ битүүний өдөр хэзээ ч мартагддаггүй юм. Цагаан сар гэхээр битүүний үдшийн найр наадам, шинийн нэгний өглөөний нар л миний сэтгэлд хамгийн тод үлдэж.

Олон хоногийн угаалга цэвэрлэгээ, хоол ундны ажил сая л нэг цэгцэрч, битүүний өдөр ээж маань хонь цагт идээ будаагаа засан, арц хүж уугиулна. Хүүхдүүд нар жаргахыг тэсгэл алдан хүлээцгээж, зочин ирэхийг битүүхэн харуулдацгаадагсан. Нар шингэнгүүт битүүлэг тараах ажилд гарахаар зэхэж, хэн хэнийд очихоо ярилцан хөөрхөн маргаан болдог байлаа. Битүүний үдэш нохой хуцах, хашааны хаалга цохих чимээ тасарна гэж үгүй. Хүүхдүүд тавагтай бууз, хуушуур, тавгийн идээ, халуун савтай цай барин гүйлдэцгээнэ. Битүүлэг авчирч өгсөн хүүхдийг айлууд хоосон гаргана гэж байхгүй. Хамгийн хүндтэй зочин нь болж, хоймортоо урьж дайлж цайлж бэлэг өгөөд гаргана. Хөгшид хорол тоглож, хатуу дарс задлаж, битүүний үдшийн битүүхэн найр их л хөгжилтэй.

Шинийн нэгний өглөө Уранмандалын оройг нэвт гийгүүлэх нарны туяа, хаврын урь орж байгааг зарлан мандаж, хүүхдүүд айл хэсэх их ажилдаа гарцгаана. Гудамжныхаа айлуудыг үлдээлгүй золголт хийж бэлэг цуглуулна. Хэн ч тэднийг төвөгшөөхгүй, хэр чадлаараа л бэлэг сэлт бэлтгэж тавьдагсан. Хамрын алчуур, дэвтэр, харандаа голдуу бэлэг цуглуулсаар дороо л өвөр түнтийгээд ирнэ. Таван айлд ороод л бэлгээ хийх газаргүй болж, гэрлүүгээ гүйхээс өөр аргагүйд хүрдэгсэн. Хүүхэд л юм болохоор бэлгээ чамлаж, таалагдахгүй бол гэрийнх нь бүсэнд хавчуулаад орхидог байж билээ. Хөгжилтэй, хоргүй, гэмгүй, багын дурсамж эргэн санахад дэндүү сайхан.

Хот суурин газар бараадаж амьдраад цөөнгүй жилийг үдэж байна. Олон олон битүүний үдэш, олон олон шинийн нэгний өглөөг угтлаа. Битүүний үдэш хэн нэгэн нь хаалга тогшиж, битүүлэг авчирч өгөхийг битүүхэн хүлээсээр…

Шинийн нэгний өглөө золгуут хийхээр орж ирэх хүүхдүүдийг харуулдсаар… Гэвч хажуу хаалгандаа хэн амьдардгийг ч сайн мэддэггүй хотынхны битүүлэг, цагаалга миний сэтгэлд мөрөө үлдээсэн хээгүй, гүндүүгүй, хоргүй тунгалаг тэр л дурсамжаас шал өөр аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen