Ч.Хүрэлбаатар: Цэц Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргасан

Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгосонтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим асуултад хариулт авлаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Цэц хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого буурна гэсэн Таны мэдэгдлийг зарим хүн үгүйсгэх боллоо. Орлого яг ямар хэмжээгээр буурах вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргасан. Яагаад гэвэл Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр томъёогоор рояалти Монголд бол АМНАТ гэсэн татвар авдаг. Тэгвэл Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй болов. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь аваад хаячихсан. Ийм хоёр шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлнэ гэж байсан орлого эргэлзээтэй боллоо. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөв дээр нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.

-Лобби хийсэн компаниуд хэдий хэмжээний татвар төлсөн бэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа юм. "Страто" гээд компани бол "Эрдэнэс Тавантолгой"-гоос 72 ам.доллараар нүүрс авч байгаа. Дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ийн татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ "Страто" гэдэг компани бус Тавантолгой төлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" өөрөө гаргахдаа 92 ам.доллараар гаргадаг. Үүнээс найман хувийн АМНАТ төлдөг. Харин "Страто "компани 2.5 шингэсэн үнээр аваар боловсруулаад гаргахдаа 6.5 хувиар буюу Ашигт малтмалын тухай хууль дээр давхардуулахгүй гээд зааж өгсөн учраас 2.5-аа хасаад үндсэндээ дөрвөн хувийн АМНАТ төлдөг. Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй байна гэдэг худал. Монгол Улсад 2006 оноос төлөгдөөд явж байгаа татвар.

-Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарчихсан учраас төсвийн орлогын бүрдүүлэлт хэд орчим төгрөгөөр буурна гэж тооцож байна вэ?

-Засгийн газрын хуралдаанаар ороод үүнийг засъя гэсэн чинь дэгээрээ УИХ өөрчлөлт хийх ёстой юм байна. Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дунд нь хоног алдахгүй байхаар зохицуулаад гаргаж болно. Сангийн яам, Засгийн газрын зүгээс 1.3 их наяд төгрөгийг буулгаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг компаниуд төлөөд ирсэн татвар. Тиймээс эргүүлээд сэргээнэ гэдэгт би итгэлтэй байна. АМНАТ бол Монгол Улсаас экспортод гаргаж байгаа зэс, төмөр, нүүрс, цайр зэрэг бүхий л бүтээгдэхүүнээсээ авдаг. Ингээд орлогоо 1.3 тэрбум байна гэж тооцож гаргасан.

-Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт гарчихсан байхад төсвийн төсөлд ийм өндрөөр тооцсон юм бэ?

-З.Энхболд гэдэг хүн тийм юм яриад байна лээ. 2019 оны төсвийг ч гэсэн “Та нар орлогыг төвлөрүүлж чадахгүй. Хэтэрхий өөдрөг төсөв зохиолоо” гээд өнгөрсөн жил ярьсан. Тэр үед би 95 хувийн итгэл үнэмшилтэйгээр энэ мөнгийг төвлөрүүлж чадна гэдгээ ч хэлж байсан. УИХ дээр нэг зовлон байсныг та бүхэн ойлгоорой. Үндсэн хууль хэлэлцэгдээд өөр асуудал хэлэлцэж болохгүй байсан болов уу гэж бодож байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны байр суурь АМНАТ дээр зөрүүтэй байх шиг. Хоёр яам яриад саналаа нэгтгэх боломж бий юү?

-Мэдэхгүй. Би тийм зүйл сонсоогүй. Энэ хуулийг анх Д.Сумъяабазар сайд өргөн мэдүүлсэн. Тэгэхдээ Засгийн газраас санал аваад санал нэг байдлаар өргөн барьсан. Тэр санал хэвээрээ байгаа. Засгийн газар нэгдсэн нэг байр суурьтай байгаа.

-Таныг Хятад компаниудын захиалгаар АМНАТ оруулж ирсэн гээд байгаа?

-Би энэ хуулийг өргөн бариагүй. Уул уурхайн яам өргөн барьсан.

Эх сурвалж: Niisleltimes.mn

http://niisleltimes.mn/content/81563

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen