“Хавтаст хэрэгтэй танилцсаны хувьд хэлье, С.Зоригийн хэрэг илрээгүй”

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг егүүтгээгүй гэдгийг Ц.Амгаланбаатар хэлснээр энэ асуудлыг мөрдөгчид дахин шалгахад хүрээд байна

Д.Дагва

УИХ-ын гишүүн С.Зоригийг егүүтгэсэн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс жинхэнэ гэмт хэрэгтэн мөн, эсэх талаар сүүлийн хэдэн сар нийгэмд ихээхэн маргаан дэгдэв. Хүн амины хэргээр 25 жил хоригдох ялаар шийтгүүлж, шоронд байсан Ц.Амгаланбаатар гэгч ялтнаар дээрх хэргийг гэрчлүүлж, сэжигтнүүдийг баривчлан хэрэг хүлээлгэсэн ажиллагаа хууль бус, тэднийг эрүүдэн шүүсэн нь олон нийтэд тодорхой болсон нь бүр ч эргэлзэхэд хүргэсэн. 

Дээрх хэрэг гарсны дараа буюу 1998 оны аравдугаар сард анх байгуулсан ажлын хэсгийн гишүүн, ноцтой олон гэмт хэрэг илрүүлсэн, гүйцэтгэх ажлын ихээхэн туршлагатай, Монголын шилдэг мөрдөгчдийн нэгтэй дээрх хэргийн талаар ярилцлаа. Тэрбээр нэрээ гаргахыг хүсээгүй нь эрхэлж байсан ажил, үүрэгтэй нь холбоотой гэсэн юм.

-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хооронд эрс зөрүүтэй маргаан өрнөх болсон.

Хэн нь үнэн яриад байгааг олон нийт сүүлдээ мэдэхээ больж байх шиг байна. Онц ноцтой олон хэрэг илрүүлсэн туршлагатай мөрдөгчийн хувьд Та ямар бодолтой байна вэ?

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дарамталж буй бичлэг дээрх үйлдэл бол гүйцэтгэх ажлын арга хэмжээ биш гэдгийг юуны өмнө онцолж хэлмээр байна. Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулиар ийм үйлдлийг хатуу хориглож, хүнлэг байхыг шаарддаг. 

Ер нь гүйцэтгэх ажлын сэтгэлгээ, ур чадвар муутай, ухаалаг биш хүмүүс энэ ажиллагааг зөв, оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхээс илүүтэй, гар, хөлийн хүчээр хэрэг хүлээлгэхийг урьтал болгоод байдаг нь ажиглагддаг. Ийм хүнлэг бус, харгис үйлдлийг шууд удирдах дарга болон прокурор хяналтаараа илрүүлэн таслан зогсоож байх үүрэгтэй. Энэ үүргээ Г.Эрдэнэбат прокурор ажлын хэсгийн ахлагчийн хувьд ч, хяналт тавьж буй прокурорын хувьд ч биелүүлж чадсангүй.

-Прокурор гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах эрхтэй, эсэх асуудлаар бас маргаан өрнөөд байгаа.

-Мөрдөгчийг удирдаж буй даргад нь энэ эрх байдаг. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагчийн хувьд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталсан Г.Эрдэнэбат прокурорын үйлдлийг буруутгахад төвөгтэй. Хэрвээ эрүү шүүлт тулгах, дарамтлахаар төлөвлөж хэрэгжүүлсэн бол ямар ч тайлбаргүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Үгүй бол албаны хариуцлагын асуудал ярих байх.

-УИХ-ын түр хорооны гишүүдийг сонгох хурал нэлээд ширүүн болсон. Нэр бүхий гишүүд нэгнийгээ үгүйсгэж багагүй маргалдлаа. Ц.Нямдорж гишүүн түр хорооны бүрэлдэхүүнд орох нь зөв үү?

-Ц.Нямдорж гишүүн зарим тохиолдолд эрх мэдлээ хэтрүүлэн байж энэ хэргийг задалж, УИХ-ын түвшинд ярих хүртэл зүтгэсэн гавьяатай. Харин түр хороонд орж, эрүү шүүлтийг үгүй болтол явна гэсэн нь буруу гэж бодож байна. Эрүү шүүлт байсаар байгаа шалтгаан нөхцөлийг, ялангуяа хууль тогтоомж дахь гажгийг илрүүлэн засах нь түр хорооны зорилго байх. 

Тэгэхээр түр хорооны гол ажил ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудад байгаа, гүйцэтгэх болон бусад ажилтнууд нь хэрэглээд буй эрүү шүүлт рүү чиглэх болно. Гэтэл хариуцсан сайдын, Монгол Улсад эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийсэн сүүлийн 30-аад жилд парламентад хамгийн олон жил суусан, гүйцэтгэх засаглалын хууль зүйн салбарыг олон жил удирдсан хүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй болж таарна.

Эрүү шүүлтийг таслан зогсоох талаар хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж түр хорооныхон түүнийг дүгнэж болзошгүй гэдэг үүднээс тэр. “Давхар дээл”-тэй байдал нь эрүү шүүлтийг бие даан таслан зогсоох маш өндөр боломжийг түүнд олгосон, одоо ч байж л байгаа. Түр хороотой хамтран ажиллах, наад зах нь мөрдөгчдийг ухаалаг, хүнлэг ажилтнуудаар бэхжүүлэх, тэднийг сургаж дадлагажуулах, дотоод хяналтыг сайжруулах гэх мэтчилэн. 

Ташрамд хэлэхэд, 1980 онд тэр үеийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 24 дүгээр тогтоол гарч, гэмт хэрэг шалгах явцад гарч буй хууль зөрчсөн үйлдлүүдийг, ялангуяа шинжээч хуурамч дүгнэлт гаргадаг, мөрдөгчид бусдыг зодож, дарамтлан хэрэг хүлээлгэдэг явдлыг таслан зогсоох эрчимтэй арга хэмжээ авч байсан. Үүнээс хойш энэ асуудал төр, засгийн түвшинд яригдалгүй өнөөдрийг хүрсэн гэхэд болно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар маш зөв шийдэл гаргаж, түр хороо байгуулах ажлаа амжилттай эхэллээ. Итгэж, үр дүнг нь хүлээж байна.

-Уншигчид маань мэргэжлийн хүнээс үг сонсохыг хүсэж байгаа, Танаас асуулгүй орхиж болохгүй хоёр зүйл байна. С.Зоригийг дээр дурдсан хүмүүс егүүтгээгүй болж таарвал хэрэг илрээгүй гэсэн үг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар гэмт хэрэгтэн мөн үү?

-Энэ асуултыг жирийн иргэд ч, хуулийн мэргэжилтнүүд ч олонтоо сонирхдог. Миний хувьд С.Зоригийг дээрх гурван хүн хөнөөсөн гэж үздэггүй. Хэргийн материалтай бүрэн танилцсан, хэрэг илрүүлэх ажиллагаанд бага сага оролцож байсны хувьд гэмт хэрэгтэн хоёулаа байсан, анхны ам зураг илүү бодитой гэдэгт итгэлтэй явдаг.

Онц хүнд гэмт хэрэг илрүүлэх мөрдөгчөөр ажиллаж байсан бидний хувьд энэ хэргийн эргэн тойрон дахь асуудлыг шүүн ярилцахгүй өнгөрнө гэж байхгүй шүү дээ. Бид маш олон үндэслэлээр энэ хэрэг илрээгүй гэж үздэг. Шүүгч, прокурор байсан олон хүн ийм санал дүгнэлттэй байдаг юм билээ.

-Тэгвэл тэд яагаад үгээ хэлэхгүй байгаа юм бэ?

-Улстөрчдийн маргааны нэг тал болохоос болгоомжлоод дуугарахгүй байх шиг байдаг.

-Нөгөө асуулт нь, Тагнуулын ерөнхий газрын дэргэд ажиллаж байсан цагдаагийн туршлагатай ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шийдвэрээр татан буулгасан гэдэг. Энэ шийдвэр хэрэг илрэхгүй байхад нөлөөлсөн болов уу?

-Хурандаа Ц.Жамъянсэнгээ агсны ахалж байсан ажлын хэсгийг татан буулгах үүргийг Ц.Элбэгдорж өгсөн нь үнэн. Яагаад татан буулгах үүрэг өгсөн талаар хэд хэдэн бодол, эргэлзээ байдаг. Тэд энэ хэргийг илрүүлж чадах байсан, эсэхийг би хэлж мэдэхгүй. 

Харин ажлын энэ хэсгийг татан буулгасан болон, Ц.Элбэгдоржоос ихээхэн хамаарал бүхий хүмүүс чиний хэлснээр сүүлийн үеийн халуун сэдвүүдийн өөрөөр хэлбэл, хэргийг илрүүлж шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэснийг нэгтгээд бодохоор сонирхолтой бодол төрөөд байдаг.

-Тийм үү, Та тэгээд тэр сонирхолтой бодлоосоо бидэнтэй хуваалцахгүй юм уу?

-Харахад л илт байгаа шүү дээ. Дээрх хэргийг шалгах ажлын хэсэгт хэн гээч улстөрчөөс хамааралтай, ямар ямар хүн орж ажиллав. Тэд хэний оролцоо, шийдвэр, нөлөөгөөр ямар албан тушаал хашиж байв гээд жагсаалт гаргаад үзвэл их сонин зураг гарах болно. Хүмүүс мэдэж л байгаа даа.

-Бидний ярилцлагад хөндөгдөөгүй өөр чухал ямар асуудал байна вэ?

-Чи бид хоёрын ярилцлага С.Зориг бусдад алагдсан хэргийг шалгах явц дахь хууль зөрчсөн асуудлуудыг голчлон хөндлөө. Миний бодлоор эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэг мөрдөх ажиллагааны шийдвэр гаргах эрх мэдлийг прокурорт хэт их төвлөрүүлсэн нь шүүх засаглал дахь хяналтыг сулруулахад хүргэсэн, өнөөдрийн гарч буй алдаа завхралын гол шалтгаан энэ гэж үздэг. 

Г.Эрдэнэбат прокурор ярилцлагадаа хуулийн шинэчлэлээр прокурор нэг голлон тоглогч болсон гэж ихэд олзуурхан ярьж байна лээ. Голлон тоглогч болсны үр дүн нь С.Зоригийн хэргийг илрүүлсэн гэх ажиллагааны эргэн тойрон дахь алдаа завхралууд гэж хэлэхэд болно. 

Мөрдөгчид гэмт хэрэг илрүүлэх ажиллагааны үндсэн тоглогч байж, прокурор төрийн хяналтыг хэрэгжүүлэгч гол субъектийн үүргээ сайн биелүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирна. Тиймээс хуулийн холбогдох заалтуудыг зөвтгөх шаардлагатай. Түр хороо анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen