ЦАГ ҮЕИЙН ДУУДЛАГААР ХОРВООД МЭНДЭЛСЭН ХҮҮ

ЦАГ ҮЕИЙН ДУУДЛАГААР ХОРВООД МЭНДЭЛСЭН ХҮҮ

 

Тэртээх 1960-аад оны үед АНУ-ын хүний эрхийн тэмцэгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг нэгэнтээ "Хүн бүр аугаа болох боломж бий, учир нь хүн бүрт бусдын төлөө зүтгэх боломж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол Iqbal Masih хэмээх Пакистан хүү юм. Тэрээр хорвоод ердөө 12 жил амьдарсан боловч түүний хийж бүтээсэн бүхэн хү төрөлхтний сэтгэл зүрхэнд гүн шингэж үлдсэн түүхтэй.

Iqbal Masih 1982 онд Пакистаны Punjab гэх тосгонд төрсөн бөгөөд тэдний гэр бүл тун ядуу тарчиг амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь мөнгө хүүлэгчээс авсан 6 доллараа төлж чадахгүй байдалд хүрсэн тул дөрвөн настай бяцхан хүүгээ өгсөн байдаг. Харин жаал хүүг авсан мөнгө хүүлэгч хивсний үйлдвэрийн эзэнд 10 доллараар зарсан юм. Тэр цагаас хойш хүүгийн хар дарсан зүүд мэт амьдрал эхэлжээ.

Бяцхан хүү өөртэйгөө адил олон зуун хүүхдийн хамт өдрийн 50 центийн цалинтайгаар 12 цагийн турш дундаа 30 минутын завсарлагатайгаар хивсний үйлдвэрт ажилдаг байв. Тэрээр 10 настай байх үедээ санамсаргүй байдлаар Пакистан улсын дээд шүүх хүүхдийн хөдөлмөрийг халсан хууль тогтоомж гаргасан гэх мэдээг сонсоод өөрийн хувь тавилангаа өөрчлөхөөр шийдсэн юм.

Жаал хүү эхний удаа хивсний үйлдвэрээс оргосон боловч замдаа авилгад идэгдсэн бохир цагдаа нарт баригдаж буцаж хүргэгдэн цалингүй ажиллах шийтгэл хүлээсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн хүүгийн эр зоригийг няцааж чадаагүй тул дахин оргосон бөгөөд энэ удаа оргохдоо тэрээр хүүхдийн эрхийн байгууллагад очиж чадсан бөгөөд тэндээ туулсан бүхнээ тунгаасны эцэст өөрийн хар амиа бодолгүйгээр өөр шигээ зовж буй олон сая хүүхдэд туслахаар шийдсэн байна. Иймд түүний алдарт "эрх чөлөөний өчил” эхэлсэн аж. Тэрээр 1993 он гэхэд хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хамгийн том билэг тэмдэг болсон бөгөөд АНУ болон Европын орнуудад өөрийн илтгэлээ тавьдаг болов. Харин АНУ-ын цагаачлалын албанаас хүүг Нэгдсэн Улсад үлдэж болно гэсэн боловч тэрээр Пакистан уруу буцахаар шийдсэн юм.

Iqbal Masih –аас яагаад АНУ-д энх тунх амьдарч болохгүйг сэтгүүлч асуухад тэрээр "Пакистанд миний туулсан амьдралаар амьдарч байгаа 12 сая хүүхэд бий, би тэдний төлөө үхэн үхтлээ тэмцэх болно” хэмээн хариулсан байдаг. Тэрээр энэ үгийг хэлэхдээ ердөө 13 настай байсан юм.

Гэвч хувь тавилан харамсалтайгаар эргэх нь тэр. Түүнийг Пакистанд буцсаны дараа буюу 1995 оны 4-р сарын 16-ны өдөр согтуу этгээд хүүг буудан амийг нь хөнөөсөн байдаг. Олон Улсын байгууллагууд хүүгийн үхлийг хивсний компаниудтай холбон тайлбарладаг боловч уг асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй юм. Гэхдээ зөвхөн түүний ачинд Пакистан улсад 3000 орчим хүүхэд боолын хөдөлмөр эрхлэхээс аврагдсан байна. Тэрээр хорвоод хэдий 13хан жил амьдарсан боловч амьдрал нь үнэхээр утга учиртай өнгөрсөн юм. Iqbal Masih хэдийгээр нас барсан боловч түүний үйл хэрэг өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

эХ СУРВАЛЖ: TUUH.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen