ХЯТАДУУД WINNIE POOH-ИЙГ, УКРАЙНЧУУД МАША, БААВГАЙГ ХОРИГЛОСОН ШАЛТГААН

ХЯТАДУУД WINNIE POOH-ИЙГ, УКРАЙНЧУУД МАША, БААВГАЙГ ХОРИГЛОСОН ШАЛТГААН

 

Дэлхийн бараг бүх хүүхдийн үзэх дуртай алдарт Winnie Pooh хүүүхэлдэйн киног Хятадын эрх баригчид өөрийн орондоо гаргахыг хориглоод багагүй хугацаа өнгөрч байна. Чухам яагаад эгдүүтэй хөөрхөн бор шаргал баавгай хятад дарга нарын дургүйг тэгтлээ хүргэх болсон юм бэ.

Шалтгааныг нь уг кино тус улсын өвгөн дарга нарт огт таалагдаагүйтэй холбон өрнөдийн хэвлэлүүдэд тайлбарлажээ. Хамгийн эхний “гүнээ хүндэтгэж үзүүштэй” инээдэмтэй шалтгаан бол эрх баригчдаа эсэргүүцдэг Хятадын тэрс үзэлтнүүд хөөрхий муу Виннигийн гадаад царай төрхийг их удирдагч Шин Жинпиний зүс царайтай усны дусал шиг адилхан хэмээн Байду зэрэг дотоодын олон нийтийн сүлжээгээр зориуд зохион байгуулалттай тараасан явдал.

Мэдээж энэ нь гөжүүд, хөшүүн хятад дарга нарт огтхон ч таалагдсангүй. Харин хоёр дахь шалтгаан нь тус кинонд тоталитари дэглэмийг буруутгасан өнгө аястай зарим нэг үзэгдэл гардгийг үгүйсгэхгүй юм. Хэдийгээр шууд утгаар дарангуйлагч, хаалттай дэглэмийг илт буруутгасан зүйл гардаггүй ч цаад утгаараа Коммунист намын дэглэмтэй харшилдах буруу үзэл суртал яваад байна хэмээн хөгшин хятад дарга нар дургүйцсэн байж болох талтай.

Дээрх хоёр шалтгаанаар хайртай баавгайнхаа адал явдлыг хятад жаалууд үзэж чадахаа болиод багагүй хугацаа өнгөрч байна. Өрнөдийн хэвлэлүүд Хятадын эрх баригчдын энэ шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг, балмад үйлдэл хэмээн ихэд эгдүүцэн хүлээн авсан бөгөөд их удирдагч Ши Жинпинийг ардчилсан Ерөнхийлөгч Барак Обамагийн хамтаар, мөн Винни Пүүхийг өөрийн найз Пиглет бартай цуг хөтлөлцөн алхаж буй шог зургийг хүртэл гаргаад амжсан юм.

Ийнхүү Винни Пүүхийн хэрүүл тасраагүй байтал дайрин дээр давс гэгчээр Украйны эрх баригчид мөн л хүүхдүүдийн үзэх дуртай Маша, баавгай хоёр хүүхэлдэйн киног өөрийн улсад гаргахыг хориглосон нь дахин нэг том шуугианыг дэгдээсэн билээ. Украйнчууд Маша, баавгайг хориглосон нь Винни Пүүхэд дургүй хятадын эх баригчдыг бодвол илүү улстөр, эдийн засгийн шалтгаантай гэж хэлж болно.

Учир нь Маша, баавгайг хориглосноор газар нутгийнхаа багагүй хэсгийг орос ах нарт алдсан украйнчууд ОХУ-ын урлаг соёлд хориг тавьж, нэг төрлийн саад тотгор хийж байна гэж ойлгож болно. Энэ нь нэг талаас оросуудын энтертайнмент бизнест өгч буй том цохилт, нөгөө талаас тэдний сэтгэл зүй рүү чиглэсэн дайралт гэсэн үг. Мэдээж Украйны эрх баригчид Маша, баавгайг хориглох болсон шалтгаанаа бага насны хүүхдийн хүмүүжилд хэтэрхий сөрөг нөлөөг үзүүлж байгаа учраас хэмээн тун эвтэйхнээр тайлбарласан юм.

“Маша, баавгай хоёр хүүхэлдэйн кинонд гэр бүлийн амьдралыг сарниулж бусниулах өнгө аястай үзэгдэл олон гардаг учир энэ киног хориглоход хүрлээ” хэмээн тус улсын хэвлэлд бичсэн удаатай. Ийнхүү хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн эв нэгдэл зэргээр далимдуулан томоохон улс орнууд нэг нэгнийхээ соёл урлагийг боож хаах болсон нь цаанаа улстөр, эдийн засгийн шалтгааныг агуулж байж болох талтай.

Винни Пүүхийг хориглосон Хятадын эрх баригчдыг Тайванийн хэвлэлүүдэд “Эх газрын зарим дарга нар дэлхийн бүх баавгай нар тэгш эрхтэй гэдгийг мартаж болохгүй” хэмээн шоглосон нь цаагуураа Ши Жинпин, баавгай хоёрыг яг ижилхэн тэгш эрхтэй хэмээн егөөдөж, шоглосон өнгө аясыг илэрхийлсэн бололтой.

Эх сурвалж: CNN, Time ХУВААЛЦАХ ЖАРГАЛАН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen