Караокены микрофон сүрьеэ, хурц халдварт өвчин үүсгэдэг

Караокены микрофон олон төрлийн өвчин үүсгэдэг болохыг эмч нарын судалгаа нотоллоо. Тодруулбал, нийслэл хотод 3500 гаруй караоке үйл ажиллагаа явуулдаг ч эрүүл ахуйн шаардлага хангасан нь цөөн байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан. Хүний шүлс, элдэв бактери, олон төрлийн нянгаар бохирдсон караокены микрофоныг үйлчлүүлэгч шууд хэрэглэдэг.

Бусад улс оронд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч солигдох бүрт микрофоны нэг удаагийн хамгаалалтыг шинэчилдэг. Гэтэл манай улсад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энгийн дадал хэвшээгүй гэдгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг ярилаа. Тэрбээр "Караокенд ашиглагдаж буй микрофоныг нарийн шинжилгээнд оруулаад харахад маш олон төрлийн нянгууд харагддаг. Магадгүй таны өмнө орсон хүн дуулахдаа өөрийгөө өвчтэй гэдгийг мэдэхгүй сүрьеэ, хурц халдвартай тээгч байж болно.

Тэгэхээр энэ бүх бичил биетийг микрофон шингээж авч байдаг. Мөн караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд мэргэжлийн хяналтын байцаагч нар эрүүл ахуйн стандартыг хангаж ажиллахыг нь зөвлөхөөс бус яг тийм зүйлийг ашигла гэж шаардах хууль эрх зүйн боломжгүй" гэв. Тиймээс иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээг ААН-үүдээс шаардахаас өөрөөр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо манай улсад дутмаг байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 

Г.Тэмүүлэн   

Эх сурвалж: Өнөөдөр сонин    

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen