Төлбөртэй жагсаалаа самуун болгож хувиргаад төрийг авна гэвэл том ЭНДҮҮРЭЛ

Төлбөртэй жагсаалаа самуун болгож хувиргаад төрийг авна гэвэл том ЭНДҮҮРЭЛ

 

Шаардлагатай бол бусдад шанаа өгчихдөг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-ийн зээлээс болж өөрөө "шанаа" хүртэхэд ойрхон болчихоод байна. Зэрэг дэв, албан тушаал эрх мэдлээ ашиглан  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан намынхаа улстөрчдөд хариуцлага тооцож чадахгүй бол түүний тэргүүлсэн Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. 

Иргэдийн шаардлага хүлээлт ч энэ ЖДҮ-чдэд хариуцлага тооцох тухай. Гэтэл мань эр энэ хариуцлагыг ярихын оронд хотын дарга, бүлгийн дарга, бүр сүүлдээ хадуурч УИХ-ын даргыг огцруулах тухай ярьж төөрч мунгинав.  Энэ нь нийгмийн бухимдлыг өдөөж буй ЖДҮ-ийн асуудлаас иргэдийн анхаарлыг холдуулах гэсэн арга ядсан арга  төдий л юм уу даа.  Ерөнхий сайдын хувьд энэ асуудлаар хөнгөнөө хүндээс өглөө гэдэг шиг л юм болж байна. Хэрэв тэр 60 тэрбум гэж түрүүлж хадуурахын оронд эхлээд ЖДҮ-ийн зээлийн асуудалд хариуцлага ярьж, шийдвэртэй арга хэмжээ авсан бол иргэдийн бухимдлыг ингэтлээ дэврээхгүй байлаа. Уг нь улс төрд асуудлын эрэмбэ, ач холбогдлын дараалал гэж байдагсан. Ерөнхий сайдын хувьд энэ мэдрэмжийнхээ хаагуур зөрчихөв өө гэж халагламаар...  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд энэ хүмүүстэй хариуцлага ярихын оронд УИХ-д дахин нэр дэвшүүлэх эсэх тухай сануулж,  ганцхан сайдаар туг тахьсан төдийгөөр асуудлыг аргацааж өнгөрөөх гэсэн нь бүр гомдмоор,  басамжлал мэт харагдсан гэж хэлж болох.

ЖДҮ-гээс үүдэлтэй эсэргүүцэл цахим орчинд идэвхтэй өрнөж байна. Энэ ч бас яахав гэж бодоход бүр цаана нь татвараа төлөхгүй байх хөдөлгөөнийг эхлүүлж магадгүй болоод байна. Аймшигтай бөгөөд айхтар сануулга шүү. Ерөөс татвар төлөгчдийн мөнгө гэдэг эцсийн дүндээ улс төрчдийн "угжны сүү" биш л дээ.

Нийгмийн янз бүрийн давхаргыг хамарч байгаа энэ эсэргүүцэл өчигдөр нам бусчуудын гэх тодотголтой жагсаалаар үргэлжлсэн. Улстөрийн мэдрэмжгүй, унтаа, доройгоороо  дуудуулдаг оюутнууд харин энэ жагсаалд олноороо оролцсон гэх мэдээлэл байна. Хэрэв тийм аваас тэдний “унтаж байсан” улс төрийн идэвхийг  ЖДҮ сэрээж сэвсэн бололтой. Эсвэл ахиад л төлбөртэй жагсаал гэгч нь байх. Яг үнэндээ өнөөдөр Монголын нийгэмд аль жагсаал, аль үзэл бодол нь үнэн зөв бэ гэдгийг ялгаж салгахад бэрх болоод байна. Дотроо бодолтой, дороо суурьтайгаар асуудалд хандахгүй л бол өнөөх Ливи, Украйны араас орохгүй гэх газаргүй. Тэнд ч гэсэн ийм байдлаар ард түмний зохион байгуулалттайгаар өдөөн турхирч жагсаал цуглаан зохион байгуулж үймээн, самуун үүсгээд төрөө дампууруулсан түүхтэй. Хамгийн сүүлийн бөгөөд ойрын жишээ нь энэ хоёр. Одоо эдгээр улсад нөхцөл байдал ямар байгааг харцгаа. Нэг хүнд ноогдох ДНБ нь ямар өндөр байсан Ливичүүд өнөөдөр хэдэн саяараа улс орноосоо дүрвэж байна, Украйнчууд  сошиалаар анх турхирсан жагсаал, үймээнээс болоод стратегийн чухал ач холбогдолтой Кремээ оросуудад алдчихаад л сууж байна. Тэд хэзээ ч нөхцөл байдал ийм хүнд хэцүү болно гэж төсөөлж байгаагүй нь тодорхой. Гэвч зохион байгуулалттайгаар сошиалаар өрнүүлж эхэлсэн тэмцэл гэгч улс орныг нь өнөөдөр ийн балалчихаад сууж байна. Манайд ч гэсэн элдэв өдөөн турхирсан сошиал тэмцлүүд нийгмийг буруу зүйлд залахгүй гэх газаргүй. Нэн ялангуяа нүүрээ нуусан этгээд хамгийн аюултай бас хортой. Сошиал ертөнц хөгжсэн орчин цагт хувьсгал хийхэд ямар амархан болсны бас нэг том жишээ бол Египетийн хувьсгал.  Энэ хувьсгалыг эхлүүлсэн, өдөөн турхирсан гол орчин нь олон нийтийн сүлжээ буюу бидний хэлж заншсан сошиал юм шүү дээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдөд хариуцлага тооцуулахын төлөөх  жагсаал өнөөдөр жинхэнэ утгаараа болох товтой байгаа. Энэ жагсаал  хэд хоногийн өмнөөс товлогдсон болохоор иргэдэд мэдээлэл сайн хүрсэн байх учиртай. Тэгэхээр нэлээд өргөн олныг хамрана гэсэн үг.  Жагсаж болно, эсэргүүцэж болно, энэ бол хуулиар олгогдсон эрх. 

Гэхдээ хуулийн хүрээнд ёс зүйтэй байх шаардлага бий. Олны эсэргүүцэл, уур бухимдлыг урвуулж хөрвүүлж танхай балмад явдал болгож хувиргах вий гэсэн болгоомжлол бас байна.  Энэ тухай сануулга сэрэмжүүлэг цахим орчинд ч явж байгааг анхаарах ёстой.

Ойворгон зарим нэг нь олны цөсийг хөөргөж,  үүгээр далимдуулан эмх замбараагүй байдал үүсгэвэл 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал шиг даамжирч мэдэх юм. Тэгвэл энэ аюул шүү. Зарим нэг эх сурвалж энэ жагсаалд янз бүрийн хөдөлгөөнийхэн оролцоно, тэд жагсаалыг үймээн самуун болгож хувиргах вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна билээ. Тэр ч бүү хэл ирэх сарын эхээр болох жагсаалыг хэрхэн бужигнуулах сценар нь гарсан мэтээр сошиалчид шуугиад эхэллээ.

Ард түмний уур бухимдал дээд цэгтээ хүрсэн, тэр дундаа улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас үзэл бодол, итгэл үнэмшлээрээ хоёр талцчихаад байгаа ийм  нөхцөл байдал дунд нийгмийн тэсрэлт тийм хол биш байж мэднэ.

Монголчууд хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж ярьдаг. Энэ нь асуудлыг нударгаар бус хэл яриагаар шийдэхийг илэрхийлсэн хэрэг. “Танай ноён яаж хүлээж авна, бид тийм хариу барина” гэдэг шиг шударга ёсны төлөөх иргэдийнхээ дуу хоолойг төр сонсож, шаардлагыг нь хэрэгжүүлж, хариуцлагаа чангатгах үүрэгтэй. Харин аль ч тохиолдолд ард иргэд маань асуудлыг тайван замаар шийдэж, асуудалд соёлтойгоор хандаж шударга ёсыг нэхэх нь зүйтэй.

Ингэх нь  асуудлыг шийдэх хамгийн боломжит арга зам бөгөөд эвтай байхдаа хүчтэй байх шалтгаан нь энэ болой.

 Г.Хантулга

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen