В.Содончимэг: Б.Ганзориг намайг бие давхар үед ч гар хүрдэг байсан



Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч В.Содончимэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

В.Содончимэг өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд олон удаа өртөж, бие болон сэтгэл санаагаараа хохирсон талаараа нээлттэй ярихаар хэвлэлийнхэнд хандсан бөгөөд түүний ханилж суусан нөхөр болох Б.Ганзориг түүнтэй 2009 онд гэр бүл болсноосоо хойш удаа дараа хүчирхийлдэг байсан тул 2014 онд гэр бүлээ цуцлуулсан байна. Салсан ч гэсэн түүнд гар хүрч, дарамтлах байдал намжаагүй тул цагдаагийн байгууллагад цөөнгүй удаа хандсан ч анхаарал тавиагүй гэж тэрбээр ярив. 

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон ч нуун дарагдуулсаар олон сар, жилийг өнгөрүүлсэн эмэгтэйчүүд цөөнгүй бий. Зориг гарган өөрийгөө "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" гэж зарлахад мэдээж амаргүй. Гэвч хоёр охиныхоо ирээдүйн төлөө, гэр бүлийн хүчирхийллийг цаашид газар авахуулахгүй байх үүднээс хэвлэлийнхэнд хандсан гэж тэрбээр учир шалтгаанаа тайлбарласан юм. Мөн хэн нэгнийг буруутгах, гүтгэх, улс төрийн болон эдийн засгийн ямар нэгэн ашиг сонирхолгүй, гагцхүү амьдралынхаа бодит түүхийг ямар нэгэн худал үггүйгээр илчлэхээр шийдсэн гэлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр хүчирхийллийн хохирогч В.Содончимэг ийн ярилаа.

...Б.Ганзоригтой 2008 онд үерхэн, 2009 онд хамтын амьдрал эхлүүлж, албан ёсны гэр бүл болсон. Тэр жилийн арваннэгдүгээр сард том охиноо,  2012 онд бага охиноо төрүүлсэн.

...Таван жил хамт амьдрах хугацаанд зодох, харгис хэрцгий үйлдэл гаргах, үгээр доромжлох асуудлууд үүсч эхэлсэн. Хадмуудтай хамт амьдардаг байсан болохоор түүнээс болж хэрүүл үүсээд байгаа юм болов уу гээд тусдаа гарсан. Гэвч өрх тусгаарласан ч асуудал дуусгавар болоогүй, намайг жирэмсэн, том гэдэстэй байхад ч гар хүрч байсан.

...Б.Ганзориг хэзээ ч нүүр хэсэгт гар хүрдэггүй. Хүнд харагдахгүй биеийн хэсэгт хаана ч хамаагүй цохидог. Хөх няц нь арилаагүй байхад дахин зоддог.

...Намайг долоо хоногт хоёр удаагийн давтамжтай зоддог байсан. Сүүлдээ аав ээжийнхээ хажууд ч хамаагүй зодож эхэлсэн. Аав, ээж нь зодохыг нь хараад кино, үзвэр үзэж байгаа юм шиг зогсдог болсон.

...2014 онд салах шийдвэр гаргаж, шүүхэд хандсан. Шүүхээс хоёр өрөө байрыг миний нэр дээр, хоёр хүүхдээ намайг өсгөх шийдвэр гаргасан юм. Харин хүүхдийн тэтгэмжийг сар бүр Б.Ганзоригоор төлүүлж байхаар болсон. Гэвч  хүүхдүүддээ тэтгэмж өгдөггүй.

...Үргэлж дарамталж мессеж бичдэг, 2016 оны есдүгээр сард "Чи миний хүүхдүүдийг миний эсрэг болгож өсгөж байна" гэж байрны гадна хаа хамаагүй цохиж, үсдэж, угзарч татсан. "Өвдөж байна, тавиач" гэж гуйхад улам хүчтэй татаж байсан. "Цагдаа дуудлаа шүү" гэхэд зугтаад явсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хэрэгжээгүй. Шинэ эхнэртэйгээ хамтдаа доромжилж эхэлсэн. Бие биедээ хамааралгүй болоод удаж байгаа боловч үргэлж хараалгуулан, зүхүүлж доромжлол хүртэхээс залхаж байна.

...Бусад хүмүүст намайг "Сэтгэцийн өвчтэй, Шар хадны эмнэлэгт хяналттай байдаг" гэх зэргээр ярьж эхэлсэн. Хэрвээ би ямар нэгэн сэтгэцийн асуудалтай байсан бол хоёр хүүхдээ өсгөөд явж байхгүй шүү дээ.

...Хүүхдүүдтэйгээ уулзъя гэх нэрийдлээр уулзах бүртээ уурлан, харааж, гар хүрдэг болсон. Хэдий салсан ч гэсэн энэ хүчирхийллийн асуудал хэвээр байгаа.

...Гар хүрэх тохиолдол бүрт цагдаад мэдэгддэг байсан ч ямар нэг шалтгаангүйгээр баримтууд замхран алга болдог. Б.Ганзориг танил ихтэй учраас зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан ч бас л үйлчилдэггүй байсан.

...Чамайг хөнөөсөн байхад 2-3 жил суугаад л гарна гэж үргэлж заналхийлдэг болсон. "Байр машинаа авъя. Хоёр хүүхэдтэй чинь гудамжинд гаргаж чадна шүү" гэж дарамталдаг. Одоо ч гэсэн хэвээр. Хэвлэлийн хурал хийхээс өмнөх өдөр буюу өчигдөр бас дарамталж мессеж бичсэн.

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Лхагвасүрэн:

...Гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаа, хууль хяналтын байгууллагад олон удаа хандсан. Гэвч үр дүн гардаггүй. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, албан ёсоор эргэж мэдэгдсэн зүйл байхгүй байна. 

...2018 оны эхээр В.Содончимэгийг гадаа хоёр хүүхдийнх нь нүдэн дээр зодсон. Тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдээд зөрчлийн хэрэг үүсгээд шалгасан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй хэрэг нь замхраад алга болсон.  

...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хохирогч зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материалтай бүхэлд нь танилцах эрхтэй. Гэтэл хэргийн материалтай танилцъя гэхээр цагдаагийн байгууллагаас харуулдаггүй.

...Холбогдогч этгээдэд авсан арга хэмжээнд ямар ч бичиг баримт байхгүй. Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг шинээр орсон. Эрхзүйн хувьд ололттой хэдий ч практик дээр хэрэгжихгүй байна. Хуулиараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хариуцлага хүлээхээр хүнд хэмжээний асуудал биш гэж үзвэл зөрчлийн хэрэг үүсгэдэг. Энэ нь баривчлах хүртэл арга хэмжээ авдаг. 

...Хэвлэлийн хурал хийсний дараа дөрвөн газарт гомдол гаргахаар шийдсэн байгаа.

...Б.Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар цагдаагийн байгууллагад удаа дараа мэдэгдэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ нь тэр хүнийг хариуцлагад татахгүй байгаагаас үүдээд хүчирхийлэл үйлдэх сэдлийг нь улам өөхшүүлээд байна гэж харж байна. Цаашид цагдаагийн байгууллага ийм байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл болон бусад хууль бус үйлдлийг өөхшүүлсэн байдалтай ажиллаад байх вий дээ гэсэн болгоомжлол төрөх болсон.

Т.БАТЦЭНГЭЛ

https://www.grandnews.mn/content/read/158854.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen