Сайн дурын хохирогч

 
 Сайн дурын хохирогч
Б.ДАМДИН-ОЧИР

Тэртээх социализмын үеэс улбаалж ирсэн нэг муухай монгол зан байдаг юм. Даргад долигонодог. Ийм занг долигонуур, долдой гэхээс гадна бялдууч гэнэ. Бас бөгс долоох ч гэнэ. Сүүлийн үед бол пялдага гэх болсон.

Долигонодог хүмүүсийн хувьд дарга бүхнийг бүтээгч байдаг. Дарга бол албан тушаал дээшлүүлнэ, ашиг орлого нэмнэ. Ганцхан гарын үсэг зураад л гүйцээ. Гэхдээ ингэж гарын үсэг зуртал нь долигононо гэдэг бас л авьяас, тэсвэр тэвчээр юм. Дээхнэ үеийн Монголын уран сайхны кинонд яг энэ агуулгыг нууж хаалгүй үзүүлдэг байв шүү. "Энэ хүүхнүүд үү”, "Өнөр бүл”, "Ховор хүмүүс” гээд кинонуудын үйлдвэрийн дарга, нэгдлийн дарга нарыг санаж байна уу. Тэдэнд бүгд долигононо. Магтаж долигононо, айж долигононо.

Ийм байх нөхцлийг тухайн үеийн тогтолцоо нь бий болгож байсан бололтой байдаг юм. Социализмын үед төрсөн хүүхэд ааваасаа түрүүлээд Карл Маркс, Ф.Энгельс, М.И.Лениний дүр төрхийг хардаг байсан. Учир юу гэвэл аав эмнэлгийн гадаа хүлээж байгаа. Харин тэдний зураг эмнэлгийн ханаар дүүрэн. Тэгэхээр төрөөд удаагүй нялзрай тэднийг эхэлж харнаа даа.

Дараа нь цэцэрлэг сургууль, их дээд сургууль коллежид тэдний үзэл суртлыг ой ухаандаа шингээж авна. Ингэсээр "…Хоол өгсөн бурхандаа баярлалаа” гэж хэлээд өмнөх тавагтайгаа иддэг шашинтан шиг болно. Агуу их социализм, энэ амар жимэр амьдралын замыг заагч нь Ленин багш гэж үзнэ.

Лениний хөргийг ханандаа хадсан монгол дарга нар томоо. Кинонд гардаг шиг үйлдвэрийн дарга, сум нэгдлийн дарга нар занхгар гэж жигтэйхэн. Даргалдаг газраа хаан шиг л байна. Яагаад гэвэл бүгд тэдэнд долигонож, бялдуучлана. Явсаар дарга ийм амьдралд дасч эхэлнэ. Долигонохгүй бол хүндлэхгүй байгаа мэт харагдаж, тийм эсэргүүг нухчин дарна. Оронд нь овоо долигонодог нэг нөхрийг дэвшүүлнэ. Хамгийн сүүлд дарга хүнээ байгаад дуусна. Хүнээ байхаас гадна биеэ "алаад” дуусгана. Аргагүй шүү дээ. Даргад хамгийн нарийн ширхэгтэй гурилаар хоол хийж өгнө. Одоо хүн бүр хар гурил иддэг болсон. Хамгийн тарган махаар хоол хийж идүүлнэ. Өөх идэх бас л тааруухан дүнтэй. Дандаа машинаар нааш цааш авч яваад дарга газар гишгинэ гэж үгүй. Дасгал хөдөлгөөн хийх цаг даанч гарахгүй. Хөдөлгөөний дутагдал гэдэг өвчин. Аан, бас хаа явсан газар нь сайн чанарын шарз, хорз байнга бэлэн. Нэг долигонуур хундагатай архийг барьж байхад, нөгөө долигонуур даруулгыг нь бариад зогсч байна. Архины сайн гэж юу байхав. Үнэтэй, эсвэл хямд гэж бий. Ийм маягаар долигонуурууд даргаа "алж” дуусгана.

Хэлбэр нь өөрчлөгдөж, шинэчлэгдсэн болохоос өнөө цагт энэ систем байсаар л байна. Төрийн албанд сонгодог байдлаараа хөгжиж буй юм. Магадгүй, хөгжлийнхөө дээд шатанд хүрсэн байх. Дарга юу гэнэ үү, долигонуур үхэхэд ч бэлэн болсон байгаа юм. Жилийн өмнө байх аа. Нэгэн сонинд, аймгийн Засаг дарга байсан сайдын талаар бичсэн байсан. Тэр сайд хэдэн жилийн өмнө аймгийн Засаг дарга байхдаа бөө удган урьж, аймгийнхаа сүлд хийморийг сэргээлгэсэн байгаа юм. ЗДТГ-ынхаа бүх ажилтан, газар, хэлтсийн дарга, сум, багийн дарга нараа аваад нутагтаа л хавцал, хадтай хээр хөдөө очсон байна. Бүгд монгол дээлтэй. Ёс үйл хийж буй тойргийн хойморт өнөөх дарга хаан адил завилж суусан зураг нь хүртэл байдаг юм билээ. Ингээд бөөгийн тушааснаар бүх дарга гал дээгүүр харайх ёстой болжээ. Бүдүүн нарийн, өндөр нам янз бүрийн хэмжээ дамжаатай дарга нар байх. Дээлээ навсгануулаад л гал дээгүүр харайгаад байж л дээ. Зарим нь доороосоо шатаж үхэх шахсан тухай сүүлд нь ярьцгаасан байдаг юм. Дарга л тушаагааагүй бол нөгөөдүүл нь хөдөө очоод гал дээгүүр гүйж харайж явна гэж юу байх билээ. Тэр ёслолоос нь хойш аймаг нь хөгжөөд гавьсан юмгүй л харагддаг юм.

Энэ зүгээр л жишээ юм. Дарга хэлсэн л бол хийх ёстой. Дургүй байсан ч хамаагүй. Харин дургүйцэж байгаагаа ил гаргаж болохгүй. Хэрвээ мэдэгдчихвэл дуусаа.

Түүхээс харахад даргын зэрэг дэв жижигрэх тусмаа долигонуулах, бялдуучлуулах, пялдагадуулах асар дуртай болдог байна.

Харин "дээд зиндаа”-ны даргыг нэг байгууллага бус бүх нийтээрээ долигонож байгаад "алж” орхино. Үүнийг "ваакуумдах” гэж нэрлээд байгаа.

Ер нь бол ингэж долигоносоор даргыг хүчирхийлэгч болгочихдог. Даргын амнаас гарч байгаа бүх үг захирсан тушаасан өнгөтэй болно. Хоолойгоо шахаж байгаад шууд захиран тушаасан "…Тэг, ингэ” гэж дуугарахгүй бол өнөөх дарга маань дарга биш болчих гээд болохгүй. Тиймээс л өнөөх хэдэн албан хаагчаа, өөрт нь долигонодог нөхдийг хүчирхийлж гарна даа. Хамгийн тэнэг нь даргынхаа далайсан газар далд орж, далласан газар ил гарч хүчирхийлүүлж байгаа долигонуур маань тэр бүхнийг байх ёстой зүйл гэж ойлгоно. Тиймээс даргадаа долигонохыг ажил хэмээн үзнэ. Маш өрөвдөлтэй. Ингэхээр тэр нөхдүүд сайн дурын  хохирогч болж байгаа юм.

Уг нь сайн дурын гэдэг үгийн утга сайхан л даа. Сайн дурын уран сайханч, сайн дурын цэрэг, хүмүүнлэгийн сайн дурын ажилтан гээд зөндөө бий. Дандаа гэрэл гэгээтэй. сайн дурын уран сайханч бол сумынхаа, багийнхаа Улаан буланд сайн дураар ажиллаж, урлаг уран сайхныг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулдаг. Үүндээ сэтгэл хангалуун гэж жигтэйхэн. Ийм маягаар салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулна. Долигонуур буюу сайн дурын хохирогчид ч ялгаагүй.

Ерөөс хүчирхийллийг цэцэглүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулагч нь тэрхүү  сайн дурын хохирогчид мөнөөс мөн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen