МАН-ын зодоон ба багш нарын ажил хаялт

МАН-ын зодоон ба багш нарын ажил хаялт

 

МАН-ын Их хурал ойртох тусам фракцуудынх нь дундах зодоон ширүүсч байна. Шуудхан хэлэхэд, энэ зодооны зэвсэг нь багш нар болоод байгаа бололтой. Яагаад гэвэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газар нь бүрдэж ядаж байхад л энэ эсэргүүцэл эхэлсэн.

Эсэргүүцэл, шаардлагыг буруутгах аргагүй юм л даа. Угаасаа Монголын багш нарын цалин маш бага. Гадныхантай харьцуулбал "цайны мөнгө” л гэсэн үг. Үүнийг дээрээ ч, доороо ч мэддэг.

Тийм учраас багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаараа дамжуулж төр засагт тавьсаар ирсэн. Төр ч чадлынхаа хэрээр нэмэх гэж оролддог. Тогтолцооных уу юуных уу, төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өртөг дагаж нэмэгдчихээд ард түмнийг нийтээр нь нэрмэчихдэг юм. Ингэж л ирсэн.

Багш нар хэдийгээр ийм эсэргүүцэл үзүүлж, шаардлага тавьдаг ч ингэж хөхөө өвлийн хүйтнээр ажил хаяж, хэдэн муусайн шавь нараа зутрааж байсан нь үгүй л дээ.

Учир нь багш нар бол Монголын хамгийн боловсролтой, албаны хэллэгээр дундаж  давхаргыг бүрдүүлдэг хэсэг юм. Тиймээс багш нар төрийн түрийвчний зузаан, нимгэн байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.  Улаанбаатарт төвлөсөн хэдэн яам, агентлагаас бусад, ер нь бол орон нутгийн төр захиргааны байгууллагаас эхлээд бүхий л боловсон хүчний хангалтыг багш нарын армиас л хийдэг юм. Яваад үзээрэй.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшиж байхдаа Байнгын хорооны хурал дээр "…Багш, эмч нарын цалинг нэмэхгүй. Тийм боломж байхгүй” гэж эрс мэдэгдэж байсан юм.

Гэтэл удалгүй түүний тэргүүлсэн Засгийн газар зүтгэсээр байгаад төрийн 192 000 албан хаагчид тус бүр 300 000 төгрөг олгохоор 55 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан.

Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ эсэргүүцэл, жагсаалын цаадахыг харж хийсэн алхам бололтой харагдаж байгаа юм. Цаадах гэдэг нь У.Хүрэлсүх энэ бүхнийг улс төрийн захиалгатай байна гэдгийг ойлгосон байж магад гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, тэрээр цаадах захиалагч нь хэн бэ гэдгийг мэдчихээд байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Олон нийт ч багцаалж байгаа нь мэдээж.

Яг үнэндээ энэ үйл ажиллагааны цаад эзнийг олоход ядах юмгүй байж мэдэхээр байгаа юм. Ухаад үзвэл МАН-ынх нь гишүүд дээр яваад оччих "ургийн бичиг” зурагдахаар юм байна билээ.

Гэсэн атал нөгөө талаас нь багш нарын ажил хаялтыг өөр улс төрийн хүчин зохион байгуулж байна гэх хар PR цацаж эхэлж байна. Энэ явахгүй ээ. Автор нь хэтэрхий ойлгомжтой юм.

Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар их өрсөлдөөн, тэмцэлдээн дунд бүрдсэн бэ гэдгийг нийтээрээ харсан. Тэр хэрээр түүнд, Засгийн газарт нь өсөрхсөн намынх нь улстөрч олон байгаа. Зах зухаас нь бид мэднэ дээ. Телевизийн дурангийн өмнө "…Ална шудна, Хулгайч луйварчин”-аараа дуудалцсаныг бид харсан. Энэ бол МАН-ын дотоод дахь өрсөлдөөн нь өс хонзон болж хувирсны илрэл шүү дээ.

Хэдхэн хоногийн дараа МАН-ынхан Их хурлаа хийж шинэ даргаа сонгоно. Энэ сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ялах магадлал маш өндөр харагдаж байгаа. Тиймээс энэ ажил хаялт бол У.Хүрэлсүхийн эсрэг үйл ажиллагаа гэдэг ив ил байгаа юм.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "…Улс орны эдийн засаг хэцүү байна. Цалин нэмэх ямар ч боломжгүй. Ингэж хэлээд байхад  ажил хаяад байгаа багш нарыг чөлөөлж, ажлын байранд нь шинээр боловсон хүчнийг маш богино хугацаанд бүрдүүлж ав” гээд л цавчаад өгнө гэж нөгөөдүүл нь тооцоолоод байх шиг байгаа юм. Мэдээж хэрэг, ингээд цавчаад өгөхөөр У.Хүрэлсүхийн нэр хүнд навч унаж, намын дарга болж чадахгүй болно гэж төлөвлөсөн хэрэг.

Гэтэл У.Хүрэлсүх "сэлмээ сугалах” байтугай "…300 000 мянгыг өгье л дөө” гэж аргадаж гүйгээд хэрэг алга. Иймээс намынх нь Их хурлын өмнө энэ операц үр дүнд хүрэх эсэх нь бүрхэг болоод ирж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, энэ бүхнээс чухал нэг юм бий. МАН-ын зодоон савнаасаа хальж, нийгмийн сэтгэл зүй, хөндүүр сэдвээр тоглоод эхэлж байна уу гэмээр харагдаж байна. Ингэж байгаа бол тэд намаа ч, улс орныг ч сүйрэл рүү чирж байна гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen