Нүүрс тойрсон нүгэл

Нүүрс тойрсон нүгэл

 

Манай хэт улс төржсөн түшмэдүүд ОУ-ын хөрөнгө оруулагчдын чуулганыг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг хар пиарын арга хэмжээ болгох дөхсөн байна. Х.Баттулгаас болж Монголын улс төрийн байдал тогтворгүй байна, Х.Баттулгад БНХАУ дургүйцээд нүүрс авахгүй эдийн засаг тогтворгүй байна, энэ уулзалтад анх удаа Хятадын төлөөлөгчид ирсэнгүй гэхчилэн. Уг нь урьд нь тэд Монголын хамаг юм тогтвортой, ОК байна, хөрөнгө оруулаад бай, оруулаад бай л гэдэг байв.


Үнэмшилтэй болгохын тулд хятадын ирье гэсэн хөрөнгө оруулагчдад виз олгоогүй бололтой сураг дуулдаж байна. Мөн энд байгаа хятадуудад урилга өгөөгүй бололтой юм. Хятадын нам засгийн хэвлэлд эхнээсээ л Монголын ерөнхийлөгч Х.Баттулгын эдийн засаг, зах зээлээ тэлэх, Монгол-Оросын харилцааг сайжруулах бодлого зөв юм, манай хоёр улсын харилцаа урьдын адил найрсаг сайн байна гэж бичиж ирсэн. 

Сонгуулийн үеэр гарсан хятадын нэгэн нийтлэлд нэр дэвшигч Х.Баттулга хэт нэг улсыг баримталсан өрөөсгөл байдлыг засъя гэсэн эдийн засгийн бодлогыг дэвшүүлж байна, С.Ганбаатар Хятад улс хортой хүнсээр монголчуудыг олон жил хордууллаа гэж мэдэгдэв, М.Энхболдын талынхан гол өрсөлдөгч-нэр дэвшигчийг нь сонговол Хятад улс зөвшөөрөхгүй, дургүйцнэ, эдийн засгийн хоригт оруулж, лангуу хоосорч, аюул нүүрлэнэ гэж БНХАУ Монгол улсын дотоод хэрэгт оролцдог мэтээр ойлгуулж байна гэсэн байдаг. 

Хятадын нэрийг барьж манай атгаг улс төрчид элдэв хутган үймүүлэлт хийгээд байгаа учир, ер нь нүүрс гаргахад манай түшмэдүүд саад хийгээд байгаа юм биш биз ч гэж бодогдох боллоо. 160 км нүүрсний машины дараалал байна гэх. Тэр 160 км дарааллыг харсан, хэмжсэн хүн алга. 160 км дараалал гэхээр хэдэн ч машин болдог юм...

Оросын боомтоор нүүрс гаргаж болдоггүй, холын зах зээлд нүүрс нийлүүлж болдоггүй, төмөр замгүй бол нүүрс зөөвөрлөж болдоггүй гэж байгаа түшмэдүүд, судлаачид худал ярьж байгаа гэдгээ өөрсдөө мэдэж байгаа. 

Монгол улс Оросын боомтоор нүүрс гаргаж байсан бөгөөд, зөвхөн Хятадын компанийг монополи болгож, алдагдалтай ч болов гарган байж, шан хүртэх бүлэглэлийн цөөн хэдэн хүний хувийн ашиг хонжоог эрхэмлэсэн үйл ажиллагаанаас болж энэ нь тасалдаж байсан. Өнөөдөр дэлхийн хаанаас ч гэсэн аль ч улс хэрэгцээтэй түүхий эдээ татаж авч байгааг худгийн мэлхийнээс бусад нь мэдэж л байх учиртай. 

Восточный боомтоор Кемерово мужийн Кузбасс орд, мөн Казахстаны ордуудаас нүүрс гарч байгаа. Энэ нь Тавантолгойгоос хэдэн мянган км-ээр илүү хол газрууд юм. Восточный боомт тэр хол газруудын нүүрснээс болоод их ачаалалтай ажилладаг бөгөөд, ОХУ-ын ЗГ Восточный боомт манай экспортод үйлчлэн ажиллана, манай нүүрсийг буулгах газар олгоно, 2018 оноос манай хүчин чадал бараг 2 дахин нэмэгднэ гэж мэдэгдсэн. 

Мөн оросын мэргэжилтнүүд Ванино боомтыг Монголын нүүрсний экспортод ашиглах боломжтой, хүчин чадлаа бүрэн гаргаж чадахгүй байгаа гэж нэмж зөвлөж байна. ОХУ хөнгөлөлттэй тариф санал болгосон бол, Япон 850 сая долларын хөнгөлөлттэй зээл санал болголоо.

Манай улсад баялгийн хараал нүүрлээгүй. Байгалийн баялгийнхаа ашгийг шулуулж мөлжүүлэлгүйгээр авч, хэт их баяжсан хэрнээ, сөрөг нөлөөнд хүрсэн тохиолдолд баялгийн хараал тусав гэж гадаадад хэлдэг байна. Тэгвэл хамаг юмаа зүгээр өгөхийг баялгийн хараал гэхгүй. Манайд дарга нарын хараал байна. Нүүрс тойрсон нүглээ болиоч ээ, шунал ихэдвэл шулам болно шүү гэж тэдэнд хэлье.

Ч.Мөнхбаяр
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen