Заамарчууд “алт-2” хөтөлбөрийг эсэргүүцэж жагсав

Заамарчууд “алт-2” хөтөлбөрийг эсэргүүцэж жагсав

 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж "Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн энэ сарын 7-нд нутагтаа  жагссан юм. Төмөстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ. Жагсагчид багийн төвөөс Заамарын хөндий, Өвөр наймган, Баян-Уулын орой хүртэл жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тус суманд 1992 онд улс орны эдийн засаг хүнд үед "Алт -1” хөтөлбөр хэрэгжсэн. Тэр үед Заамар сумын иргэд улс орныхоо ирээдүйн хөгжлийг бодож тус хөтөлбөрийг үг дуугүй хэрэгжүүлсэн ажээ. Нийтдээ 90 -ээд мянган га талбайгаас 140 гаруй тонн алт олборлосон нь эдийн засагт сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин сумын хөгжилд дорвитой нөлөөлж чадаагүй. Иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө их, малын бэлчээр үгүй болж, 20 гаруй булаг шанд ширгэж Заамар сум өнөөдөр шороон Заамар болсон гашуун түүх болон үлдсэн. Тиймээс эрүүл үлдсэн жаахан газар нутгаа дахин уул уурхайн золиос болгохгүй гэж тэд ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ юм. Сумын ИТХ-аас Төмөстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628.5 га, Өвөр наймганы 15541.08 га нийт 21000 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн тогтоолыг энэ оны гуравдугаар сард гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт болон Төв аймгийн Газрын Харилцаа Барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна. Мөн уг газрыг сум, аймгийнхаа тусгай хэрэгцээний газарт авч хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэжээ. АМГТГ-т сум, баг, аймгийн ИТХ-аас дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсээр атал Өвөр наймганы 15541.08 га газрыг "Эрдэнэсийн эрэг” хэмээх компанид хайгууль хийх зөвшөөрөл  хууль бусаар олгосон нь ийнхүү асуудал дагуулсаар. Заамар сумын малчид "Зуд болдоггүй Бор булан, ган болдоггүй Тосон заамар” хэмээн нутгаа дээдэлж үлдсэн жаахан газраа үр хүүхэд хойч үедээ бүтнээр үлдээхийн төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэх болно” гэв. Жагсаалын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Болормаа: КОМПАНИЙН НУУЦ ЭЗДИЙГ ИЛ БОЛТОЛ НЬ ТЭМЦЭНЭ

-Засгийн газраас Заамарт өмнө "Алт-1” хөтөлбөр хэрэгжүүлснээр өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн, сум орны хөгжил, ард түмний аж амьдрал дээшилсэн үү гэдэгт судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр " Алт- 2 "хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү гэдэг шийдвэр гаргах ёстой байсан. Хамгийн наад зах нь 1968 онд баригдсан 360 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байрыг өргөтгөх асуудлыг өдий болтол шийдэж өгөөгүй. Өнөөдөр 750 гаруй хүүхэд суралцаж даац нь хэтэрсэн. Гэтэл аймгийн тусгай хэрэгцээнд авсан газраас 15.500 га газрыг " Эрдэнэсийн эрэг” гэдэг гадаад худалдаа, уул уурхайн сургалт явуулдаг компанид өгсөнд бид үнэхээр харамсч байна. Багийн ИНХ, сумын ИТХ, аймгийн хурлаас энэ газар нутагт шинээр уул уурхайн хайгуулын зөвшөөрөл олгохгүй гэж тусгайлан заалт оруулж өгсөөр байтал Нутгийн өөрөө удирдах байгууллагын энэ шийдвэрийг үл тоож зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан, компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ.

 

"Төмөстий” багийн малчин С.Эрдэнэцогт: "ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ” КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ЁСТОЙ

-"Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээр Заамарын ар өвөр хөндий тэр чигтээ сүйтгэгдэж бэлчээрийн газар нутаг үгүй болж, булаг шанд ширгэж , ургамал ногоо нь устсан. Гэтэл дахин " Алт-2” хөтөлбөрөөр үлдсэн жаахан өвөр хөндийг ухах гэж байгааг малчид бид эсэргүүцэж байна. Ар хөндийн малчид бэлчээрийнгүй болж, уулын орой дамжиж, өвөр хөндийд ирцгээсэн. Бид дуугүй хүлцэнгүй явсаар газар нутгаа алдаж байна. Тиймээс "Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал бид тэмцэх болно гэв. Тэд энэ сарын 12-нд нийслэлд ирж хэвлэлийн бага хурал хийж, дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж жагсана гэв.

 

Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Амгаланбаяр: АЛТ-2” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ

-Саяхан 10 гаруй эрдэмтэн судлаач Заамар, Хайлааст багаар 10 хоног аялангаа ажиглалт хийсэн. Тэд аялалын төгсгөлд дүгнэж хэлэхдээ "Заамар сум доройтсон байна. Заамарын ард түмэн яасан хүлцэнгүй юм бэ. Хайлааст баг улаан шороогоор эргэлдэж хүн амьтан амьдрах аргагүй болжээ” гэсэн бол  Цаг уурын хүрээлэнгийн доктор Амгалан "Хуйларч байгаа тоос, шороо агаар мандалд гараад бороо орох нөхцлийг хаадаг. "Алт-1” хөтөлбөр танай нутагт өгөөжөө өгөөгүй юм байна. Та бүхний хэлдэг "Ган болдоггүй бор булан, зуд болдоггүй Тосон Заамарт хөрсөн дээрээ 60-70 төрөл зүйлийн ургамалтай өнтэй сайхан нутаг байсан. Одоо 3-4 зүйлийн ургамал үлдсэн байна. Үлдсэн жаахан талбай нь бэлчээрт хүрэлцэхгүй болсон нь нэн харамсалтай.  Тиймээс "Алт-2” хөтөлбөрийг хэрхэвч хэрэгжүүлж болохгүй”  гэж манай улсын урдаа барьдаг эрдэмтэн судлаачид  зөвлөсөн гэв.   

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.БАЯР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen