Бөртэг аварсан нь

Бөртэг аварсан нь

 

Уншигч таны өмнө буй энэ зургийг сайн ажиглаарай. Ямартай ч нэг аян дайны ид үеийг харуулсан зураг байгаа биз. Зургийн өнгө төрх түүхэн үйл явдлын тодорхой гэрч юм шиг санагдах вий. Бас зураг нь урлагийн нэн сонгодог хэлбэртэй юм. Тэгвэл энэ бол "Бөртэг аварсан нь” зураг. Урлаач нь залуу зураач Б.Одмэргэн. Тэр шог зургаараа нэрд гарсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдын хүү нь. Удам дамжсан зураач энэ залуу бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн "Бэст арт” галерейд гаргаад байна. Тэнд тавигдсан 20 гаруй бүтээлийн дотроос "Бөртэг аварсан нь” энэхүү зураг үзэгчдийн анхааралд хамгийн ихээр өртөж байсан юм.

 

Зургийг анхааралтай хараарай. Сонгодог зураг гэж хэлж болно доо. "Монголын нууц товчоо”-нд гардгаар Тэмүүжин өөрийн хайртай хатан Бөртэг Мэргэдээс булааж авах тэр агшныг зургаас уншиж болох юм. Дунд нь байгаа морьтой, баатрын хувцастай хүн бол Тэмүүжин. Тэр цээж нүцгэн бие давхар эмэгтэй рүү авралын гар сунгаж байна.  Тэр хайртай хатан нь. Бөртэгийн гараас дэмнэн байгаа таягтай эмэгтэй бол Хуагчин эмгэн аж. Бас Тэмүүжингийн хажууд тулан ирээд мориныхоо амыг хатайртал татаж байгаа дайчин эр байна. Тэрээр юу хэлж байгааг зураачийн тайлбараас үзвэл Тэмүүжин тэр цагаас эхлээд бүхний хүндэтгэл, итгэлийг хүлээсэн их хаан болох зам нь эхэлсэн гэсэн санаа юм байна. Тэмүүжин тэр цаг мөчөөс өмнө бусдаас нуугдсан байдалтай байсан бөгөөд Бөртэд хязгааргүй хайртайн учир энэхүү тулаанд амь хайргүйгээр орж ялалт байгуулж байгаа нь ажээ.

 

Монголын уран зургийн урлагт цаг үеийн шалгуурыг давж мөнхөрсөн зургууд цөөнгүй бий. Үүнээс дурдвал Г.Одонгийн "Ажлын дараа”, О.Цэвэгжамын "Азарганы ноцолдоон”, Ц.Бүдбазарын "Оторчид” гээд нэрлэж болно. Зураач Б.Одмэргэн Хөх хотод амьдардаг. Хөгжмийн чиглэлээр сурч байгаа аж. Тэрээр "Хувь хүнийхээ үзэл бодлоос шалтгаалдаг ч юм уу би нэг хэв маягт баригдахыг хүсдэггүй. "Аниргүйн дунд” нэртэй анхны үзэсгэлэндээ аль болох гэгээлэг өнгө төрхийг харуулахыг хичээсэн дээ” гэсэн юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн байгалийн болон чөлөөт сэтгэлгээний бүтээлүүд нь үнэхээр хэлж байгааг батлаад байх шиг. Тийм ээ уран зургийн урлагт нэгэн өвөрмөц төрхийг, шинэ өнгийг Б.Одмэргэн зураач авчирч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.НАДМИД


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen