Цэцэрлэг тойрсон асуудал

Цэцэрлэг тойрсон асуудал

 

Улсын хэмжээнд энэ жил 252 753 хүүхэд нийт 1422 цэцэрлэгт элсэн орж байна. Энэ тоо баримтаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт улсын хэмжээнд 81.5 хувьд хүрчээ.

Өмнөх онд нийслэлд л гэхэд төрийн болон орон нутгийн өмчийн 216 цэцэрлэг, хувийн өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 76.6 хувь нь хамрагдсан байна. Энэ жилийн хувьд шинээр 13 цэцэрлэгийг барьсан ч нийт сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 20 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрч байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яамнаас ямар бодлого барин ажиллаж байгааг тодрууллаа. Яамны зүгээс шууд цэцэрлэг болгон ашиглах боломжтой барилга байгууламжийг худалдан авах саналтай байгаа. Мөн хувийн өмчийн цэцэрлэг байгуулах иргэдийг дэмжиж байна гэв.

Цэцэрлэгт хамрагдах хүүхдийг цахим хэлбэрээр бүртгэх ажлыг 7-р сарын 24-өөс 8-р сарын 24-ний өдрийг хүртэл явуулсан.  Ингэхдээ өмнөх хичээлийн жилд тухайн цэцэрлэгт хамрагдаж байсан болон тухайн цэцэрлэгт шинээр 3-5 насны хүүхдийг элсүүлэхдээ 8-р сарын 21-24-ний өдрүүдэд давхар уламжлалт аргаар бүртгэсэн байна. Цахимаар цэцэрлэгт хүүхдийг бүртгэх нь эцэг эхийн хонож, олон цагаар дугаарлан зогсох байдлыг арилгах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ийнхүү зохицуулалт хийсэн байна.

Энэ жил БСШУСЯ төрийн бус өмчийн 136 цэцэрлэгтэй хамтран ажиллах юм байна. Тодруулбал, цэцэрлэгт орж чадаагүй 3087 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдах болно. Ингэхдээ хүүхдэд олгох хувьсах болон хоолны зардалд нийт 3.4 тэрбум төгрөгийг СӨБ-ын 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар 36 төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмж хүүхэд авахаар тооцжээ. Ингэхдээ шинээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2266 хүүхдийн хүчин чадалтай төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 106 бүлгийн 2377 хүүхдэд 1.9 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хүртээмжтэй хамруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ-наас Хүүхэд харах үйлчилгээг бий болгосон. Энэ жилийн хувьд 426 Хүүхэд харах үйлчилгээний нэгж ажиллах юм байна.

Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд харж хандан хөгжүүлэх зорилгоор өдөр өнжүүлэх төвүүд ажиллаж байна. Тухайлбал, "Инжирийн мод” өдөр өнжүүлэх төв л гэхэд Баянгол дүүргийн 4-р хорооны эцэг, эхчүүдийн санал хүсэлтийн дагуу байгуулагдсан байна. Тухайн төвийн хувьд стандартын дагуу хүүхдийн тоглох, эрүүл хооллох орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Өдөр өнжүүлэх төвүүд хүүхдийг харж, эрүүл аюулгүй хүнсээр хооллохоос гадна тухайн хүүхдийн боловсролд анхаардаг гэдгээрээ онцлог юм. Зарим иргэд хүүхэд харах үйлчилгээ ажиллуулж  төрөөс дэмжлэг авдаг. Тиймээс сургалтын орчин сайтай "Инжрийн мод” өдөр өнжүүлэх төвүүд шиг  үйл ажиллагаа явуулдаг газруудад  ч мөн төрийн дэмжлэг хэрэгтэйг зарим эцэг, эх хэлж байна.

Монгол Улсын хүн ам олноор төвлөрсөн нийслэлийн иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах хувь, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Засгийн газрын 40-р тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу Гадаад харилцааны яам, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Тагнуулын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль тус тус дэргэдээ цэцэрлэг нээсэн. Байгууллагын дэргэд цэцэрлэг, цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах ажлыг өрнүүлж байна.

Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бүрэн хамруулахын тулд хөрөнгө оруулалтын асуудал хамгийн чухал. Энэ онд багтаан нийслэлд 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг дараах байдлаар зохицуулжээ.

-Улсын төсвийн хөрөнгөөр 3 цэцэрлэг 
-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 цэцэрлэг
-Нийслэлийн концессоор 2 цэцэрлэг
-Гадаадын зээл тусламжаар 2 цэцэрлэг 
-Дүүргийн төсвийн хөрөнгөөр 3 цэцэрлэг шинээр барьжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд цэцэрлэгийн 42 барилгад 3 тэрбум 66 сая төгрөгийн барилгын их засвар хийж байна. Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахын тулд БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг шинээр байгуулах иргэн, аж ахуй нэгж газруудыг дэмжин ажиллаж байна. Тухайлбал, энэ жил нийслэлд 36 иргэн, аж ахуйн нэгж шинээр цэцэрлэг байгуулахаар зөвшөөрөл авчээ.

MNB.MN
Нийтэлсэн: Л.Алтанхишиг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen