Гологдсон шүлэгчдийн цугларалт уу? Дэлхийн найрагчдын хурал уу?

Гологдсон шүлэгчдийн цугларалт уу? Дэлхийн найрагчдын хурал уу?

 

Дэлхийн яруу найрагчид цуглаж их хурал хийдэг болоод 37 жил өнгөрч байгаа юм байна. 37 дахь их хурал нь Монголд болж байгаа юм байна. Дэлхийн 200 гаруй яруу найрагч Монгол оронд цуглаж, юу ч юм хэлэлцлээ. Ийм нэг мэдээлэл наймдугаар сарын турш олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Нээрээ ч улс төрийн хэрүүлд чих дөжирсөн нийгэмд чихэнд чимэгтэй л мэдээ. Харин Их хурлыг нь ойроос ажиглаж, зохион байгуулалтынх нь цаадах наадахыг сонсоход гоёмсог, сайхан нэрэндээ зохицсон ажил мөн үү гэсэн эргэлзээ эрхгүй төрүүлнэ.


Дэлхийн яруу найрагчдын их хурлыг "Дэлхийн Урлаг соёлын Академи” хэмээх байгууллага 1969 оноос хойш зохион байгуулж буй юм байна. АНУ-ын Калифорнид төв оффисынх нь хаяг бүртгэлтэй тус байгууллагыг анх Амадо М.Юзон, Кришна Шринавас, Лу Лютор, Тин Вен Чун гэсэн өмнөд азийн орнуудаас гаралтай хүмүүс үүсгэн байгуулжээ.  Харамсалтай нь үүнээс өөр үүсгэн байгуулагчдынх нь тухай гавьтай мэдээлэл интернетээс олдсонгүй. Ямартай ч манай Г.Мэнд-Ооёо гуай маань одоогийн Дэлхийн Урлаг соёлын Академи хэмээх байгууллагад хоёрдугаар дэд Ерөнхийлөгч буюу гол 9 хүнийх нь нэг ажээ. Хамгийн том Ерөнхийлөгч нь амьдрал туршдаа шүлэг, түүх бичиж, Юнь-Да Ян нэрээр 11 ном хэвлүүлсэн ч улс орондоо төдий л хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй Маурюс Янг хэмээх Тайваньхүн байдаг юм байна. Иштван Турци, Мариа Соберанис, Санву Хо, Жири Дедечек зэрэг дэлхий яруу найрагт дуулдаж сонсогдоогүй нэрс тус байгууллагын удирдлагад дуулдахаас гадна, Маурюс Янгтай нэг овогтой, нас ойролцоо Дороти Янг хэмээх эмэгтэй мэдээлэл сурталчилгааг нь хариуцдаг аж. Дэлхийн Урлаг соёлын академи хэмээх том нэртэй байгууллагын удирдлагууд нэг иймэрхүү.

Олдож буй цөөхөн мэдээллээс үзвэл тус академийн ганц чухал  үйл ажиллагаа нь Дэлхийн яруу найрагчдын их хурлыг тогтмол зохион байгуулах аж.  Тэрхүү их хурлаараа яруу найргийн хаан титмээс эхлээд утга зохиолын доктор гэх мэт зүсэн зүйлийн шагнал олгодог бөгөөд шагналын нэр төрөл жил ирэх бүр олширсоор иржээ. Энэ жил л гэхэд Монгол Улсын яруу найрагч, энэ удаагийн их хурлын Ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо гуайд "Алтан алх” хэмээх шагнал олгов. Өмнө нь түүнд их найрагч гэсэн утгатай алтан титэм энэ байгууллагаас өгч байсан түүхтэй. Яруу найрагчид алтан титэм өгдөг ёс хаана ч байдаг юм, яагаад тэрийг нь ийм нэг байгууллага олгодог юм. Энэ үйлдлээс нь харахаар Дэлхийн Урлаг соёлын Академи гээч нь Чингис хааны нэр хүртэл миний өмч, дэлхийгээс төлбөр нэхнэ гэж өвчигнөдөг манай өнөө Хунтайж Даваанямын байгуулсан Чингис хааны дэлхийн академийг санагдуулаад байгаа юм.

Энэ жилийн их хуралд дэлхийн 40 гаруй орноос 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байна гэж зохион байгуулагчид мэдээлсэн. Харин эдгээр оролцогчид тус бүрнээ 800 америк доллар төлж байж яруу найргийн их хурал гээчид оролцох эрхтэй болсныг хэн ч дурьдаагүй. Хүндэтгэлийн хүлээн авалтыг нь л гэхэд Нийслэлийн Засаг Дарга С.Батболд ивээж, гол хурлыг нь төрийн ордонд зохиосон, ирэх буцах замын зардлаа өөрсдөө даасан учраас 800 долларын такс  нь хаашаа орсонд гайхаж буй оролцогчид ч байлаа. 200 яруу найрагчийн төлсөн 800 долларыг долларын одоогийн ханш болох 2400 төгрөгөөр үржүүлээд бодвол 384 сая төгрөг болж байна. Яруу найргийн ордон лав нэгийг барьчих мөнгө шүү.

Хурлын үеэр эгдүү хүрмээр бас нэг тоо сонсогдсон нь хэл, угсаа нэгт Өвөрмонголын яруу найрагчдад 450 америк доллараар хуралд оролцох эрх олгосон явдал байв. Монголын дотоодын яруу найрагчид ч зөвхөн нийслэлд болсон хурал, уншлагад орохын тулд 150 мянган төгрөг, Дорноговьд болсон яруу найргийн наадамд орохын тулд 300 мянган төгрөг төлсөн. Гэтэл хил залгаа, элэг нэгт ахан дүүстээ 450 ногооны босго тавих хэрэг байсан гэж үү? Ямар ажил зохион байгуулсан хүмүүс үнэ хөлсгүй, цаг нервээ барна гэж байхгүй болохоор хэр таарсан хураамж мөнгө авах нь зүйн хэрэг. Гэхдээ хэрээс хэтэрсэн ийм том такстай яруу найргийн фестиваль, уулзалт гэж длав дуулаагүй юм байна. Иймээс л эндээс яруу сайхан, яруу найргийн гэхээс бизнесийн зорилго харагдаад байгаа юм.

800 долларын босгыг давж Монгол ирсэн яруу найрагчдын хэвлүүлж авчирсан ном, уншиж буй шүлгийг шүүхгүй ч, ид бүтээж туурвих насандаа яваа, гал цогтой яруу найрагч байсангүй. Тэтгэвэрийн насны голцуу, өөр улс орноор аялаж, газар үзэнгээ шүлгээ уншиж, хүндлэл хүлээх сонирхолтой хүмүүс мөнгө харамгүй төлж ирсэн гэдэг нь хурлын өнгө аясаас мэдрэгдэж байв. Уран зохиолын мэргэжлийн хүрээнээсээ хангалттай үнэлгээ авч, нэр алдарт хүрч чадаагүй ч, шүлэг  бүтээл туурвиж, болсон болоогүй сайхан хавтастай, муухан ном хэвлэж суудаг ийм хүмүүс дэлхийн улс бүхэнд бий. Ийм л сонирхогчдын сонирхлыг том нэр, сүржин шагналаараа татаж , яруу найргийн нэрээр хийдэг бизнес монголд болоод өнгөрлөө. Оролцсон гадаадууд нь ч өөрийн эго, нэр алдарт дуртай сэтгэлээ баясгаж, зохион байгуулсан хүмүүс нь ч түрийвчээ хөөрхөн түнтийлгэсэн "Дэлхийн” хэмээх сүржин тодотголтой тэтгэвэрийн насныхны энэ цугларалтын дүйвээнд монгол яруу найрагчид маань л баахан хий дэмий хөгсөж хөөрцгөөж, хэдэн бор төгрөг, цаг заваараа хохирох шив дээ.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen