Э.Рэнцэнханд: Өглөө бүр зорилгоо тодорхойл, хүн бүрт боломж бий

Э.Рэнцэнханд: Өглөө бүр зорилгоо тодорхойл, хүн бүрт боломж бий
Энэ удаагийн дугаарын зочноор Хөдөлмөрийн нөөц санхүү менежментийн академийн захирал Э.Рэнцэнхандыг урилаа. 

-Академийнхаа тухай танилцуулаач. Ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг вэ? 

-Анх 2012 онд төрийн бус байгууллага гэсэн нэршилээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013 оноос сургалт явуулсан. Одоогоор "Нягтлан бодох бүртгэл”, "Хүний нөөцийн менежер”, "Маркетингийн менежер”, "Нярав”, "Касс худалдагч” гэсэн мэргэжлүүдээр элсэлт авч байна. Ирэх есөн сараас "Төслийн менежмент” ,"Цэцэрлэгийн туслах багш”, "Үйлчилгээний менежер” гэсэн шинэ анги авахаар төлөвлөсөн. Энэ жил манай таван жилийн ой тохиож байна.

-"Үйлчилгээний менежер” гэхээр сонин байна. Энэ мэргэжил нийгэмд хэр хэрэгцээтэй вэ?

-Монголд үйлдвэрлэл явуулж буй ихэнх компани үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Үүнийг дагаад нярав, нягтлан, борлуулагчийн мэргэжил эрэлттэй байгаа. Манайд төгссөн үйлчилгээний менежерүүд аливаа албан байгууллагад очоод үйлчилгээний ямар ч ажлыг хийх мэдлэгтэй төгсөнө. Зочид буудал, зоогийн газар, ресторан, үүрэн холбооны операторууд зэрэг олон байгууллагад энэ мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Мөн хувиараа бизнес эрхэлдэг жижигхэн хоршоолол хүртэл төсөл бичдэг болж. Ялангуяа хөдөө орон нутагт бизнес эрхлэх, төсөл бичиж санхүүжилт авах зорилготой хүн олон. Тэдэнд зориулж "Төслийн менежер” –ийн ангийг санал болгож байгаа юм.   

-Хамт олноо танилцуулаач. Туршлагатай багш олон уу?

-Зөвхөн "Нягтлан бодох бүртгэл” гэхэд найман багш бий. Би багш сонгохдоо аль болох мэргэжлээрээ ажилласан туршлагыг нь хардаг. Учир нь төгсөгчдөдөө сургалт, онол гэхээс илүү практик дадлыг чухалчилж ойлгуулахыг хичээдэг. Нягтлан боллоо гээд шууд тайлан гаргаад байхгүй. Ажлын байран дээр танд ямар асуудал тулгардаг вэ, түүнийг хэрхэн даван туулж, зөвөөр шийдвэрлэх вэ, татвараа төлөхийн тулд хаана хандах вэ, тайлангаа оройтуулсан бол ямар хүсэлт яаж илгээх вэ зэрэг амьдралд илүү ойр, өдөр тутамд танд тулгарах асуудлаас эхлээд заадгаараа манай академи давуу талтай. Мөн манай багш нар мэргэжлийн уралдаан тэмцээнд байнга орж тэргүүлдэг, зэрэг өндөртэй, заах арга барил сайтайд итгэж болно. Үүнээс гадна том байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд болон их, дээд сургуулийн порфессоруудыг бид урьж хичээл заалгадаг.

-Танай нягтлангийн сургалтад сурвал ямар давуу талтай вэ?

-Нягтлан, няравын мэргэжил хамгийн эрэлттэйд тооцогддог. Учир нь үйл ажиллагаагаа явуулж буй ямар ч байгууллага сарын эцсээр тайлан тооцоо гаргах хэрэгтэй болдог. Сар бүр санхүүгийн мэдлэгтэй, нягтлангуудыг гуйна. Түүний оронд өөрөө сурчихвал ямар ч асуудалгүй. Жижигхэн дэлгүүр ажиллуулсан ч санхүүгийн мэдлэг хэрэгтэй. Манайх данстай хэрхэн харилцах, орлого зарлагаа хэрхэн тооцож бодохоос эхлээд нягтланд байх ёстой бүх чадварыг олгоно. Үүнээс гадна бүх төрлийн тайлан тооцоо гаргах, нягтлангийн мэргэжлийн программ дээр ажиллах зэрэг мэдлэгийг олгоно.

-Бусад академийг бодвол танайх хөдөө орон нутагт түлхүү очиж сургалт зохион байгуулдаг юм шиг ажиглагдсан? 

-Манай багш нар зүүн болон баруун бүсийн ихэнх аймгаар явсан. Саяхан Ханбогд суманд очиж амжилттай төгсөлт хийлээ. Удахгүй хангайн бүсийн аймгуудаар явах төлөвлөгөөтэй байна. Хөдөө орон нутагт ажилгүйдэл их бий. Тэнд мэргэжлийн сургалт авах, мэргэжилтэй болох чин хүсэлтэй залуус  байна. Бид ирэх есдүгээр сарын сүүлээр "Албан бичиг эрхлэлт” мэргэжлээр орон нутгаар сургалт явуулна. Өнөөдөр ямар ч мэргэжлийн дипломгүй хүн албан байгууллагын нарийн бичиг, албан бичгийн архивыг хариуцаад ажиллаж байх жишээтэй. Тиймээс бид энэ чиглэлээр мэдлэг олгохоор зорьж байна.

-Хэр чанартай сургалтыг санал болгодог вэ?

-Манайд элсэгчдийн тоо тасардаггүй. Алс холын аймгаас ч зөвхөн танайд сурах хүсэлтэй гээд зорьж ирэх хүн байна. Энэ нь манай сургалтыг чанарыг илэрхийлж байна.  Бид шууд ажлын байранд зуучлахаасаа өмнө ямар ч албан байгууллагад очсон нүүр улайхгүйгээр ажлаа хийх чадвар, мэдлэг олгох зарчмыг баримталдаг. Манайхтай харилцаатай ажилладаг том байгууллага олон бий. Бид үнэхээр сайн төссөн оюутнаа тэдгээр компанид зуучилж байна. Мөн цагийн ажлын байруудыг санал болгодог.

-Танайд сурахын хажуугаар ажил хийж болно гэсэн үг үү?

-Бид оюутнууддаа ихэвчлэн энэ саналыг тавьдаг. Эдийн засаг хэцүү байгаа энэ үед сурангаа төлбөрөө олж болно гэсэн үг. Мөн сурч байгаа мэргэжлээрээ дадлага хуримтлуулж, тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар үлдэх сайхан боломжууд ч бий. Энэ боломжийг хангахын тулд манай багш нар оюутан бүртэй тулж ажиллаж байна. Өглөөнөөс оройг хүртэл манай академийг зориод ирсэн хүн бүхнийг бид найрсагаар хүлээн авч, зөвлөгөө өгдөг. Манайд нягтлангаар сурдаг эсвэл  ажилладаг хүмүүс хүртэл хандаж, мэдлэгээ нэмж байна. Зарим нь ажлын байртай мөртлөө мэргэжилээ дээшлүүлье, албан тушаал ахиулах зорилготой орж ирэх жишээний. Бид тэр бүхэнд тохирсон хөтөлбөр боловсруулж, хамтарч ажилладаг.     

-Хүүхдүүд их дээд сургууль гэхээсээ илүү танайх шиг түргэвчилсэн сургалттай академи болон мэргэжил сургалтын төвийг ихэвчлэн сонгодог болжээ?

-Бүгд их дээд сургууль төгслөө гээд сайхан амьдарна гэсэн үг биш. Тиймээс амьдралд, нийгэмд илүү хэрэгцээтэй байгаа мэргэжлүүд эрэлттэй байдаг болж. Мөн дөрвөн жил сурахад сургалтын төлбөр гэж том асуудал байна. Өнөөдөр дөрвөн жил эцэг эхийнхээ мөнгийг үрж сурчихаад ажилгүй, эсвэл өөрт тохирсон мэргэжлээрээ биш шал өөр мэргэжлээр сурчихсан хүн олон байна.

-Таны хувьд ямар ажил мэргэжилтэй вэ. Залуу хүн гэхэд боловсролын салбарт чамлахааргүй амжилттай ажиллаж байгаа юм байна?

-Би Олон Улсын харилцаагаар сурч төгссөн. Дөнгөж оюутны ширээнээс босоод олон төрлийн ажил хийж үзсэн. Харин ажлын байранд зуучлах, бусдад өөрийн санаагаа тайлбарлаж ойлгуулах төрлийн ажил надад тохирох юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс зорилгоо тодорхойлж эхэлсэн. Эхлээд өөртөө ажлын байр бий болгоё гэж бодоод төрийн бус байгууллагыг ганцаараа  байгуулж байлаа. Мэдээж хамтрагч байгууллага хэрэгтэй учир өглөө долоон цагт гараад байгууллагуудаар танилцуулгаа бариад явдаг байсан. Тэр үеийг бодвол одоо хөдөлмөр зуучлалын салбарынхан манай академийг андахгүй.

-Энэ хүртэл бэрхшээлтэй зүйл олон тохиолдсон байх. Хэрхэн шийддэг байв?

-Анх хүнээс мөнгө зээлж ажлаа эхлүүлж байсан. Хадгаламж зээлийн хоршоонд хүртэл машинаа барьцаалж үзсэн. Тухайн үед ганцаараа байсан учир шантрах, ганцаардах, больдог ч юм билүү гэж бодож байсан үе надад бий. Гэхдээ нэгэнт л миний зорьсон, хүссэн ажил учир эцсийг нь үзье гэж шийдсэн. Түүнийхээ үр шимийг одоо амсч байна. Хөдөлмөр хүнийг хоосон орхидоггүй юм байна. Би оюутнууддаа хөдөлмөрлө, өөрөө хичээ гэж байнга захидаг. Надад амралтын өдөр гэж байдаггүй. Нэгэнт л манайхыг сонгоод зориод ирсэн хүмүүсийн төлөө чанартай сургалтыг үзүүлэх ёстой. Мөн хамт олныхоо өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. Тэр хүмүүсийн ард бүхэл бүтэн айл, амьдрал байгаа.

-Бидний ярилцлагыг ажил хайж буй мянга мянган хүн уншина. Та тэдэнд юу хэлэх вэ?

-Хамгийн эхэнд өөрөө хичээл зүтгэлтэй байгаарай гэж хэлье. Зүтгэлтэй байхад амьдралд атгаад авах сайхан боломж олон бий. Залуус бэлэнчлэх сэтгэлгээ ихтэй болжээ. Мөн ажлыг цалин багатай гэж голоод хэрэггүй. Бага ч гэсэн цалинтай байна гэдэг чинь амьдрал чинь баталгаатай байна гэсэн үг. Би манайд ирж байгаа хүмүүст ажлын байраар хангана гэж хэзээ ч хэлдэггүй. Эхлээд өөрийгөө бэлд, мэдлэгээ эзэмш гэж хэлдэг. Зорилгоо тодорхойл. Энэ мэргэжлийг эзэмшихэд тохирох хүн мөн үү үгүй юу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Өглөө босохдоо зорилгоо тодорхойлоод бос тэгвэл сайхан боломжууд бий шүү. 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen