Б.ЯВУУХУЛАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 88 ЖИЛИЙН ТЭГШ ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Б.ЯВУУХУЛАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 88 ЖИЛИЙН ТЭГШ ОЙГ ТЭМДЭГЛЭВ

 

Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн ойд зориулсан "Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Завхан аймагт боллоо. Уг үйл ажиллагаа нь түүний уран бүтээлийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх замаар орон нутгийн ёслол хүндэтгэлийн тэмдэглэлт өдрийг бий болгох зорилготой юм.

Их найрагчийн 88 насны тэгш ойн хүндэт зочдоор  МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, нэрт яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай, МУСГЗ, яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир, Болор цомын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир зэрэг найрагчид оролцлоо.


 

"Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтийн үеэр Монголын утга зохиолын төлөөлөгчид уран бүтээлээ толилуулснаас гадна 108 хүүхэд их найрагчийн "Би хаана төрөө вэ” шүлгийг уншив. Мөн Завхан аймгийн төв номын сангийн урд байрлах их найрагчийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслол болсон юм. Түүнчлэн Алдартны музейн Б.Явуухулангийн танхимыг шинэчлэн дэглэсний нээлт, Мөнгөн жүнзны ёслолын үйл ажиллагаа боллоо. 

Энэ үеэр Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дууны уралдаан зохион байгуулснаас гадна хутагтын хишигт анхны шагналтнууд, зочин яруу найрагчид уншигчидтайгаа уулзалт хийсэн юм. Мөн "Оюуны жимс-2017” яруу найргийн наадам боллоо. Наадамд 37 яруу найрагч оролцож 3 үе шаттайгаар өрсөлдсөнөөс  МЗЭ-ийн шагналт Болор цомын дэд байрын шагналт яруу найрагч Б.Цэнд-Аюуш тэргүүлж, дэд байрт Ховд аймгийн яруу найрагч  н.Жамбалдорж, гутгаар байрт Завхан аймгийн яруу найрагч  Э.Сарантуяа нар тус тус шалгарлаа.

Их найрагчийн мэндэлсний 88 жилийн ойг бэлгэдэж түрүүлсэн найрагчийг 888.888 төгрөг, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэвэр мөнгөн тэмдгээр шагнасан юм. Цаашид энэхүү мөнгөн тэмдгийг 5 хүртэлх сая төгрөгийн хамт Б.Явуухулангийн нэрэмжит шагнал болгон "Болор цом”-д оролцсон нэг яруу найрагчид олгож байхаар болжээ. Мөн Алдархаан сумын Мандаат уулын Ар амны тасархай буюу их найрагчийн төрсөн газарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Ийнхүү Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Б.Орхон

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen