ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ТҮР АРГАМЖИВ

ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ТҮР АРГАМЖИВ

 

Шуурхайлан хэлэлцэж байсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн УИХ "далд” хийлээ. Энэ оны эхэнд УИХ-д өргөн баригдсан энэ хуульд эерэг болоод сөрөг байр суурь илэрхийлэх хүмүүс олон байгаа юм.  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт. Таван бүлэг, 18 зүйлтэй Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг илүү чамбайруулах шаардлага байгаа эдийн засагчид дуулгаж байгаа.  Манай улсын хувьд төв болон арилжааны банкны хоёр хуультай. Харин дээрх хуулийн төсөл нь банкны системийн гурав дахь цоо шинэ хууль болох юм. Тиймээс хуулийн төслийг сайтар боловсруулах нь ирээдүйд үүсч мэдэх хүндрэл, эрсдэлийг хаана гэсэн үг юм. Яг энэ тухай төрийн тэргүүн чуулганы хуралдаанд оролцох үеэрээ хэллээ.

Тэрбээр "Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина. Онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй.  Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм” хэмээлээ. Үүний дараа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцэх асуудлын дараалалд орж ирсэнгүй. Нэг үгээр УИХ хуулийн төслийг батлахыг яарахгүй байна.

 Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байгаа. Тэр өөрөө ажлын хэсгийг ахлахаар санал гаргасан. Хууль санаачлагчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцсон.  Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжрах аж. Мөн Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлэх талаар хууль санаачлагчид дуулгаж байна.

Парламент Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Яг энэ үед Ерөнхийлөгч энэ асуудлыг ҮАБЗ дээр ярих хэрэгтэйг сануулж, хатуухан мэдэгдэл хийсэн. Иймээс УИХ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэхийг яарахгүй байна. Магадгүй,  УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу хаврын чуулганы төгсгөлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг хийж, батлахаар зэхсэн байж болох тухай эх сурвалжууд хэлж байна. Учир Ерөнхийлөгч энэ хуулийг батлахын эсрэг байгаагаа мэдэгдсэн...
 

П.ГОО
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen