“Мими”-г сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад оруулж өгнө үү

“Мими”-г сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад оруулж өгнө үү

 

Гуравхан сая хүн амтай монголчуудын хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ хэрээс хэтэрч, үүнд донтогчид болон хилээр хууль бусаар нэвтрүүлж, дамлан наймаалагчдаа дийлэхгүй хэмжээнд хүрээд байгаа билээ. Тэгвэл үүний дээр "Мими” хэмээх сэргээшийн төрлийн нунтаг зүйл нэмэгдээд байгаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэж буй жолооч нар болон тус аймагт амьдарч буй зарим иргэн БНХАУ-ын Ганц модны боомтоос "Мими” гэх нэршилтэй нунтаг цагаан бодисыг худалдан авч хэрэглэх, хилээр хууль бусаар нэвтрүүлэх, бусдад худалдах зэрэг байдал газар аваад цөөнгүй жил болоод буй. Тэр ч бүү хэл Өмнөговь зэрэг аймгийн төвд зарим иргэн бусдад худалдаж, үүнийг сонирхсон, хэрэглэдэг хүүхэд, залуусын тоо ч өсөх хандлагатай болж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэх болсон.

 

Гэтэл уг нунтаг нь манай улсын сэтгэцэд нөлөөлөх эмийн бүртгэлд байдаггүй нь үүнтэй холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, хариуцлага хүлээлгэхэд ихээхэн саад болж байгаа аж.

 

Хэрэглэгчийн тоо өссөн ч 11 хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ

Өнгөрсөн гуран жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой 11 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний тав нь шийдвэрлэгдэж, гурав нь хэрэгсэхгүй болж, гурав нь өдгөө шалгагдаж байгаа юм байна. Гэвч бодит байдал дээл монголчуудын дунд энэхүү нунтаг нь 2002 оноос хойш нэвтэрч, 2008 оноос түгээмэл хэрэглэгддэг болсныг хуулийн байгууллагынхан онцолж буй. Өөрөөр хэлбэл, энэхүү нунтагтай холбоотой хэргийг шалгах эрх зүйн орчин хуулийн байгууллагынханд үгүйлэгдэж байгаа юм. Энэхүү бодисыг хэрэглэсэн этгээдэд хуулийн хариуцлага тооцож болохгүй байгаа гол шалтгаан нь манай улсын шинжилгээ судалгааны лабороториуд "Мими” гэх бодисыг эмийн түүхий эд хэмээн тодорхойлсон байдагтай холбоотой аж. Түүнчлэн Монгол Улсад хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад багтдаггүй байна. Иймд дээрх бодисыг хилээр оруулж ирэн худалдан борлуулж байгаа этгээдүүдэд тусгайлсан хуулийн заалтаар хариуцлага тооцох боломжгүй болж, зөвшөөрөлгүйгээр эмийн бэлдмэл импортлохыг завдсан гэх үндэслэлээр л шалгах эрхтэй болж, энэ далимаар зарим хэрэг хэрэгсэхгүй болсоор буй юм байна. Хууль эрх зүйн орчин сулыг далимдуулан энэ бодисыг хэрэглэгч, дамлан худалдагчдын тоо тэлсээр байгааг хуулийн байгууллагад шалгагдсан 11-хэн хэрэг төвөггүй гэрчилнэ.

 

Жишээ нь, Одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор хоёр кг орчим "мими” гэх мансууруулах бодисыг БНХАУ-аас Монгол Улс руу хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарсан. Монгол Улсын иргэн Цэцэгмаа нь "2783-ӨМА” улсын дугаартай "Фургон” маркийн автомашины эд ангид мансууруулах төрлийн бодис байж болзошгүй цагаан нунтаг тээвэрлэж явсныг Гаалийн байцаагч нар илрүүлж, харъяаллын дагуу хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дүнд прокуророос Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйл 198.2-т зааснаар Хууль бусаар эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, хадгалах, худалдах, түгээх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Улмаар сум дундын 16 дугаар шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж, Цэцэгмааг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм бэлдмэл оруулж ирэхийг завдсан хэмээн хоёр жилийн хорих ял оноон тэнссэн байна. Мөн өнгөрсөн 2016 онд нийт гурван удаагийн үйлдлээр 18 кг "Мими” улсын хилээр оруулж ирсэн тухай хэрэг бүртгэгдсэн ч дээрх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож байжээ.

 

Харин энэ бодисыг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад Хятадын гаалийнханд саатуулагдсан Монгол Улсын хоёр иргэн тэнд ял эдэлж байгаа юм байна.

 

Тархины наалданги, булчингийн сулрал үүсгэдэг

Хятадуудын миа миа, монголчуудын ми ми хэмээн нэрийддэг энэхүү бодис нь ургамал, амьтны эд, эсэд агуулагддаг, төмсний гурил буюу крахмалтай идэвхтэй урвалд ордог, хүнсний будаг орлуулагчаар ашигладаг нунтаг аж. Ихэвчлэн гар аргаар үйлдвэрлэдэг гэхдээ хаана, хэрхэн үйлдвэрлэдэг нь тодорхой бус энэхүү нунтаг нь БНХАУ-д мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хориотой эмийн жагсаалтад багтдаг бөгөөд хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Учир нь "Мими” гэх дээрх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. "Мими”-гийн 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээтэй юм байна. Энэхүү бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэдэг аж.

 

Сэтгэцэд нөлөөлөх зарим бодис "Мими”-нээс илэрчээ

Монгол Улсад "Мими”-г сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад оруулаагүйгээр далимдуулан хууль бусаар худалдан борлуулагчид олширч байгаагийн цаана уг бодист сэтгэцэд нөлөөлөх зарим төрлийн бодисыг холих явдал гарсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахдах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Давааням "Манай улсад худалдан борлуулж байсан зарим бодисыг холбогдох лабораториудад шинжлүүлэхэд Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон бодис тухайн "Мими”-гээс илэрсэн тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, энэ бодист өөр төрлийн бусад бодисыг хольж хэрэглэсэн тохиолдол гарсан. Энэ нь цаашид энэ бодист бусад мансууруулах төрлийн бодис, хар тамхийг хольж хилээр нэвтрүүлж болзошгүй гэсэн үг” гэлээ. 

 

"Мими”-г хэрэглэсэн этгээдэд хуулийн хариуцлага ногдуулах эрх зүйн орчин байхгүй

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг шалгах, илрүүлэх явцад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай”, 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай”, 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцуудын жагсаалт, мөн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн А/28 тоот тушаалаар батлагдсан "Хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-нд ороогүй бодистой холбоотой гэмт хэргүүд бүртгэгдэн шалгагдаж байгаагийн нэг нь "Мими” гэх нэршилтэй бодис хэмээн цагдаагийн байгууллагынхан хэлж буй. Эрүүгийн цагдаагийн газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газартай хамтран энэ төрлийн бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлэн, зарж борлуулж байгаа иргэдэд хариуцлага хүлээлгэх, таслан зогсоох зорилгоор уг бодисоос дээж авч МХЕГ, ЭМЯ-ны дэргэдэх "Хүний эмийн зөвлөлийн эм судлалын салбар зөвлөл”, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн лабораторид тус тус хүргүүлэн шинжилгээ хийлгэхэд "Сэтгэцэд нөлөөт бодис биш, уг бодис нь кофейн натрын бензоат буюу Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, эмийн түүхий эд мөн, уг бодисыг хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих амьсгалын тоо, зүрхний хэмнэл ихэсгэх үйлчлэл үзүүлдэг.

 

Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд зүрхний хэм алдагдах удаан хугацаагаар хэрэглэхэд хамаарал үүсэх, хэрэглэхийг зогсооход үгүйлэх хам шинж илэрдэг хор уршигтай ба Монгол Улсад үйлдвэрлэгддэггүй, импортлох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд холбогдох журмын дагуу импортоор оруулж ирдэг” гэсэн дүгнэлт гаргасан байдаг аж.  Кофейн натрийн бензот буюу мими нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай конвенц”, 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”,  Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын А/68 тоот тушаалын II хавсралтад дурдсан Хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад тус тус сэтгэцэд нөлөөлөх бодис эмийн ангилалд хамаарагдаагүй байна. Иймд "Мими” гэх бодистой холбоотой гэмт үйлдлийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйл буюу Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээхийн 198.2 дахь хэсэгт заасан "Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулсан” гэсэн зүйл, заалтаар Өмнөговь аймгийн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан ч өнгөрсөн оноос боломжгүй болсон байна.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Давж заалдах шатны шүүхээс ""Мими” гэх нэршилтэй кофейн бодис нь Монгол Улсын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, энгийн эмийн түүхий эд учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэж үзсэн байна. Учир нь "Ми ми” гэх нэршилтэй кофейн бодис нь эмийн түүхий эд ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг зохицуулсан. Харин эмийн түүхий эд, бодис гэсэн ойлголтыг орхигдуулснаар 2016 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйлдэгдсэн гурван эрүүгийн хэрэг болон цаашид үүнтэй холбоотой гэмт үйлдлүүдийг шалгаж шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн байна.

 

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх, хамгийн гол нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэгчдийн хүрээг хумихын тулд хууль эрх зүйн орчин дутагдаж байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 20 дугаар бүлгийн 20.14 дүгээр зүйлд "Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэснийг өөрчлөн "Хууль бусаар эм, түүхий эд, бодис, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэж өөрчилснөөр энэ төрлийн бодистой холбоотой хууль бус үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалттай болох юм. 


Б.Энхмарт /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen