Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорсон долоо хоног

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорсон долоо хоног

 

Өнгөрөгч долоо хоногийн хувьд улстөрийн хүрээнд үйл явдал өрнүүн долоо хоног болж өнгөрлөө. Тодруулбал Улстөрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хамг инй том үйл хэрэг байлаа. 

 

Эрх барьж байгаа МАН VIII Бага хурлаа лхагва гаригт хуралдуулж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэр дэвшигчээ тодруулж Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэв.

 

МАН нэр дэвшигчийг тодруулахдаа намын гишүүдийн саналыг илүү авсан таван хүнээс МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлсэн юм. Тэгвэл намын Бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан билээ. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 222 гишүүний санал буюу 85,7 хувь, Ц.Нямдорж 37 гишүүний санал буюу 14.3 хувийн санал авч ийнхүү намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болсон юм.

 

Харин Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын дотоод санал хураалт энэ сарын 3-ны өдрийн 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилж, шөнө нь дүнгээ нэгтгэсэн байна. Нэгтгэсэн дүнгээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшин өрсөлдөхөөр болсон гэнэ.

 

 Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлж нэр дэвшихээр Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд,  Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдсөн юм. Санал хураалтад хамгийн өндөр оноо авсан дэвшигчийг энэ сарын 6-нд буюу өнөөдөр болох VIII  Их хурлаараа баталгаажуулахаар болсон юм.

 

Мөн улстөрийн гурав дахь хүчин гэгдэх МАХН-ын өчигдөр өөрийн байранд болсон намын Бага чуулган хаалттай горимоор хуралдаанаар намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Тэрбээр МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нартай өрсөлдөх юм байна.  Хуульд заасан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа 2017 оны тавдугаар сарын 02-ны өдөр эхэлж, энэ сарын 6-ны 00.00 цаг гэхэд уг сонгуульд оролцох эрхтэй гурван нам нэр дэвшигчээ тодруулчихсан байх учиртай ажээ.

 

УИХ 29 дүгээр тогтоолоо цуцаллаа

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв.

Тодруулбал, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "11/ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо "Монгол Улсын  Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Монгол УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон юм.

 

Тавдугаар сарын 1-нээс эхлэн гурван төрлийн татвар нэмэгдэв

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Ингэхдээ долоон төрлийн татвар нэмэхээр болсон билээ. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс өнгөрсөн даваа гаригаас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Нэмэгдсэн татварууд:

1. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна 
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг 9 сараар урагшлуулж, 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

2. Импортын тамхины гаалийн албан татвар 

Монгол Улс импортын тамхинд гаалийн албан татварын хувь хэмжээг 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хувьд хүргэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх гэнэ.

3. Суудлын автомашины онцгой албан татвар

4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байна.

Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдоно.

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиолоо

Тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь олон улсад чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай юм. Харин манай улсын хэвлэл мэдээллийн салбар тус өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна.

2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан ЮНЕСКО-ийн илгээлтэд "Эгзэгтэй цаг мөчид хурц оюун ухаан уралдан байдаг. Өнөөдөр шударга ёс, энх тайвны төлөө амин чухал зүйл болсон эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна” хэмээжээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen