Хайрга биш дайрга ашиглах ёстой

Хайрга биш дайрга ашиглах ёстой

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны хүмүүс Хан-Уул дүүргийн  XII, XIII, XIV хороонд хайрга дайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.



Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг ихэнх хувийг нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэдэг. Олборлох зардал багатайгаар нь хайргыг илүү ашигладаг байна. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж цаашлаад байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөллийг бий болгодог. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ, АМГТГ, ГЗБГЗЗГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Газрын алба, Туул голын сав захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан,  нийслэлийн нутаг дэвсгэр дэх Туул голын хамгаалалтын бүсэд газар ашиглаж байгаа болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглалтын судалгааг гарган, хууль бус газар ашиглалтын талаар авах арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна.



БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр  "Ажлын хэсгийнхэн Туул голын сав газар дахь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, Туул голын экосистемийг ихээр доройтуулсан нөхцөл байдалтай өнөөдөр газар дээр нь ирж харахад ухаад орхисон талбай их байлаа. Нөхөн сэргээлтийг стандартын түвшинд хийх шаардлага тавигдаж байна. Аж ахуйн нэгжүүд хайрга биш дайрга олборлох ёстой”  гэлээ.



Нийслэлийн хэмжээнд хайрга, дайрга олборлодог 278 зөвшөөрөл бий. Үүнээс Туул голын хамгаалалтын бүсэд 56 нь хамгаалалтын бүсэд багтдаг бөгөөд одоогийн байдлаар тогтмол үйл ажиллагаа явуулдаг 4 компани голын хайргыг 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм-ээр ангилж ялган барилгын компаниудад нийлүүлдэг байна. Хайрга, дайргыг олборлоход эдийн засгийн ашиг ярихын зэрэгцээ байгаль орчин, хүний эрүүл мэндийг умартаж болохгүй. Иймд хайрга биш дайрга олборлох хэрэгтэй. Мөн эдгээр 56 компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийн албаны хүмүүс онцолж байлаа.



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen